Зоригт.Д 2015.04.01 | Телевиз: МҮОНТВ

Д.Зоригт: Сүүлийн гучаад жил томоохон станц баригдаагүй

Д.Зоригт: Сүүлийн гучаад жил томоохон станц баригдаагүй
"Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр боллоо. 

Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станц ашиглалтад орсноор  импортын цахилгаан эрчим хүчийг  бууруулах чухал ач холбогдолтой юм. Энэхүү концессын гэрээнд өнөөдөр Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, хөрөнгө оруулагч талыг төлөөлж “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанийн гүйцэтгэх захирал Ван Шөүхэ  нар гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцов. “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг өнгөрсөн  2014 онд зарлаж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” ХК оролцогчоор шалгарсан билээ. Улмаар  Монгол Улсад бүртгэлтэй “Багануур Пауэр” ХХК-тай концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Монгол Улсын  Засгийн газрын 2015 оны 88 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын газарт олгосон юм.   Концессын гэрээний хугацаа 25 жил.

Улмаар концесс эзэмшигч нь гэрээ байгуулагдсанаас хойш цахилгаан, эрчим хүч худалдах, худалдан авах, санхүүжилтийн болон бусад дагалдах гэрээнүүдийг байгуулан, байгаль орчинд нөлөөллийн үнэлгээг хийлгэн баталгаажуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Энэхүү станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгааны ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр бий болох, бие биеэ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм.

Дашрамд дурдахад, төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8.9-9.9 сая ам.доллар болохыг хөрөнгө оруулагч тал энэ үеэр мэдэгдлээ.    Д.Эрдэнэбат: Аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй  /Аж үйлдвэрийн сайд/  -Багануурын цахилгаан станц ашиглалтад орсноор уул уурхайн эрчим хүчний дутагдлыг нөхөх, цаашилбал зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд асар чухал үүрэгтэй гэж үзэж байна.  

Тиймээс концессын гэрээ бол эрчим хүчний салбарт зурагдаж байгаа анхны томоохон гэрээнүүдийн нэг юм.   Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор хүнд үйлдвэрийн эрчим хүчний суурь салбарыг найдвартай хангах боломж бүрдэж байгааг онцолж  хэлэхийг хүсч байна. Тиймээс ч өнөөдөр энэхүү төслийг хэрэгжүүлэх концессын гэрээнд гарын үсэг зурлаа.   

Д.Зоригт: Эрчим хүчний салбарын түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал боллоо  /Эрчим хүчний сайд/  

Багануурын цахилгаан станцын концессын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр  эрчим хүчний салбарын хөгжлийн түүхэнд тэмдэглүүштэй томоохон үйл явдал боллоо. Монгол Улсад сүүлийн 30-аад жил том хүчин чадлын станц баригдаагүй байсан.   Бид эрчим хүчний нийт  хэрэгцээний 20 орчим хувийг хоёр хөршөөсөө авч, хэрэглэсээр ирлээ. 1960, 1980 онд баригдсан манай цахилгаан станциудын хүчин чадал бүрэн, дүүрэн ашиглагдаж байна.

Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсөхийн хэрээр айл өрх, аж ахуй нэгж, үйлдвэрүүдийн эрчим хүч, дулааны хэрэгцээ жил ирэх бүр тогтмол нэмэгдэж байна.   Энэ хэрэгцээг найдвартай, тогтвортой хангахад Багануурын цахилгаан станц чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.    Цахилгаан станц Багануурын уурхайд баригдана. Уурхай дээр станц баригдах учраас нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэж, улмаар эрчим хүчний тариф харьцангуй хямд байх юм.  

Төвийн эрчим хүчний системд найдвартай, тогтвортой нийлүүлэх, цаашид Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.   Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэгэн чухал зорилт хэрэгжих үндэс тавигдлаа.   Концессын гэрээг дагалдаж эрчим хүч, ус, нүүрс зэрэг бусад дагалдах гэрээг байгуулах ажил энэ оны дөрөв, тавдугаар  сард үргэлжилнэ. Улмаар бүтээн байгуулалтын ажил ирэх зунаас эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.