Та хүссэн тэтгэврээ авах боломжтой
Харин хувийн тэтгэврийн даатгал нь жинхэнэ хуримтлалын зарчмаар явагдах юм.
2015.04.02

Та хүссэн тэтгэврээ авах боломжтой

Даатгалын практик “Амьдралын даатгал” гэсэн үйлчилгээ байдаг. Тэр дундаа иргэн хүний хүссэн хэмжээгээр тэтгэврийн хуримтлалыг бий болгож  түүнийгээ хүссэн үедээ ашиглах боломжыг олгодог үйлчилгээ ч бий. Монгол улсын хувьд шинээр хөгжиж буй уг үйлчилгээний “National life” компанийндаатгалын газрын дарга Г.Алимаатай ярилцлаа.

-Танай компани тэтгэврийн даатгалын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх болсон шалтгаан нь юу вэ. Хувийн тэтгэврийн даатгал иргэдэд ямар үр өгөөжтэй вэ ?

Анх 2007 онд “Амьдралын даатгал” нэршил хувийн хэвшилд гарч ирснээр тэтгэврийн даатгал гэдгийг 2009 оноос нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь сайн дурын үндсэн дээр хувийн хэвшлээс санал болгож буй даатгалын бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Харин зах зээлийн шаардлага нь улсаас авдаг тэтгэврийн хэмжээ нь тухайн хүний ирээдүйд бүр хэрэгцээг хангаж чадахгүй нь хамгийн том хүчин зүйл. Нэг үгээр хэлвэл зөвхөн тэтгэвэр авагчийн үндсэн суурь хэрэгцээг хангадаг гэсэн үг.

Дээрээс нь өөрийнх нь сар бүр авдаг цалингийн хэмжээнээс нь хамаараад тэтгэврийн хэмжээгээ сонгох боломжгүй. Хуулиараа эрэгтэй хүн 60,эмэгтэй хүн 55 насандаа тэтгэвэрт гардаг ч тухайн хүн түүнээсээ өмнө нас барсан тохиолдолд олон жилийн хуримтлал гэр бүлд ч очилгүйгээр улсын орлого болдог нь даатгуулагчийн үндсэн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байгаа юм.

Тиймээс эдгээр шаардлагуудын үндсэн дээр сайн дурын тэтгэврийн даатгалыг хувийн хэвшилээс санал болгох боломжийг гаргаж өгч байгаа юм.

-Ерөнхийдөө тэтгэврийн даатгалыг бодох аргачлал улсынхаас хэр ялгаатай вэ ?

Нийгмийн даатгалаас нэлээд ялгаатай.1960 оноос хойш төрсөн бол нэрийн дансны хуулийн дагуу үүсгэсэн хуримтлалаасаа л тэтгэврээ тогтоолгоно. Харин 1960 оноос өмнө төрөгсөд нь хамгийн өндөр цалинтай, таван жилийн дунджаар тооцдог гэх хоёр өөр тогтолцоо байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь хувиарлалтын тогтолцоотой байсан манай улс 1960 оноос хойш хуримтлалын систем рүү орох ёстой байтал одоог хүртэл эв санааны нэгдлээр байгаа юм.

Харин хувийн тэтгэврийн даатгал нь жинхэнэ хуримтлалын зарчмаар явагдах юм. Тэгэхээр даатгуулагч сард авах тэтгэврийн хэмжээгээ өөрийн санхүүгийн боломжиндоо тулгуурлаад сонгох эрхтэй. Тэр нь хэд ч байж болно. Гэхдээ сонгосон хэмжээ нь эргээд даатгуулахдаа төлөх төлбөртэй нь шууд хамааралтай. Хэрвээ ирээдүйд өндөр хэмжээний тэтгэвэр авах хүсэлтэй бол арай их хураамжийг төлөх шаардлагатай.

Харин тэтгэврийн даатгалын үйлчилгээ нь гэрээнд заасны дагуу тэтгэвэрийн нас хүртэлх үлдсэн 29 жилтэй тэнцэх хэмжээний мөнгийг гэр бүлд нь олгоно.

Өөр нэг нь тэтгэвэрт гарснаас хойш хэдий хугацаанд тэтгэвэр авахаа давхар сонгох боломжтой. Эдгээр зүйлүүдээс хамаарч төлөх хураамжийг нь тогтооно.

Жишээ нь 30 настай хүн тэтгэврийн насанд хүрээд сард дунджаар 400 мянга төгрөгийн тэтгэвэр авна гэж тооцоод гэрээ байгуулвал тэтгэврээ 10 эсвэл 15 жил авах уу гэдгээ тохирно. Хэрвээ арван жил гэж тооцвол өнөөдрөөс эхлэн сардаа 42400 төгрөгийн хураамжийг төлөх шаардлагатай болж байгаа юм. Үүнийг эрэгтэй хүн бол 60, эмэгтэй хүн 55 хүртлээ төлөх учраас нэлээд урт хугацааны гэрээг байгуулна гэсэн үг л дээ.

-Хэрвээ тухайн даатгуулагч нас барсан тохиолдолд яах вэ ?

Даатгуулагч тэтгэвэрт гарсаны дараагаар анх гэрээндээ тусгасан 400 мянган төгрөгөө сар бүр эргүүлээд авна. Гэтэл нийгмийн даатгал дээр гараад байсан дутагдалтай талууд ийм тохиолдолд гараад байгаа юм. Олон жил хөдөлмөрлөчихөөд тэтгэвэрт гарахаасаа өмнө өөд болох асуудлууд нийгэмд элбэг тохиолдоод байгаа. Харин тэтгэврийн даатгал нь тэтгэвэрт гарахаас өмнө  эрсдэл учирвал хуримтлалын хэмжээг нь гэр бүлд нь өвлүүлдэг.

Түрүүний жишээн дээрээ тайлбарлахад тухайн хүн 424000 мянган төгрөгөө төлж байгаад тэтгэвэрт гарах хүртэлх 30 жилийнхээ хугацаанд амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгуулагчийн нэр дээр үүсэх ёстой хуримтлалын хэмжээ  болох 33 сая төгрөгийг нь гэр бүлд нь өгнө. Магадгүй хуримтлал нь бүрэн үүсээгүй тохиолдолд хүртэл ирээдүйд үүсэх хуримтлалыг нь гэр бүлд нь өвлүүлдэг гэдгээрээ онцлог. Гэхдээ мэдээж амь насныхаа даатгалтай давхар хийгддэг.

Харин тэтгэврийн даатгал нь тэтгэвэрт гарахаас өмнө  эрсдэл учирвал хуримтлалын хэмжээг нь гэр бүлд нь өвлүүлдэг.
-Хэрвээ ийм тохиолдлууд ихээр гарвал компани тэр болгонд нь хуримтлалын мөнгийг нь олгоод байх санхүүгийн хувьд хүндрэлтэй биш үү ?

Энгийнээр тооцоход тийм харагдаж байгаа боловч даатгалынхаа зарчмаар явагдана. Өөрөөр хэлбэл даатгуулагчдийн төлсөн хураамжаар сан бүрдүүлээд ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд тухайн сангаас л олгогдоно. Нөгөө талдаа санд бүрдсэн даатгуулагчийн хураамжийг тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтаар өсгөж арвижуулдаг.

Мэдээж хураамжийг шууд л тааж тогтоохгүйгээр монгол хүмүүсийн наслалт, нас баралтын түвшин зэрэг бүх статистик тооцоолол болон санхүүгийн гол үзүүлэлтүүдийг нь үндэслээд актуар аргачлаар гаргснаар амьдралын даатгалын хураамжаа тогтоодог.

-Одоогийн байдлаар тэтгэврийн даатгалын үйлчилгээнд бүртгүүлсэн иргэдийн тоо хэд вэ ?

Бүтээгдэхүүн үйлчилгээг анх 2009 оноос нэвтрүүлж эхэлсэн. Мэдээж нийгмийн хэмжээнд даатгалын мэдлэг дутмаг учраас шууд л даатгуулж эхлээгүй. Одоогийн байдлаар 200 гаруй үйлчлүүлэгч нилээд олон жилийн гэрээнүүд байгуулсан.

-Тэгэхээр тухайн хүмүүсийн ирээдүйг та бүхэн хариуцаж байгаа учраас танай компанийн үндсэн хөрөнгө хэд вэ ?

Ер нь компанид даатгуулагчийн төлж буй хөрөнгөөр сангууд үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл нөөц сан байгуулагддаг гэсэн үг. Энэ нь таны төлж байгаа хураамжаар ирээдүйн хуримтлалд чинь зориулагдсан сан гэсэн үг. Нөгөө нь дүрмийн сан. Тиймээс эдгээрийг захиран зарцуулахтай холбоотой журмыг нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасны дагуу мөрдлөг болгодог.

Мэдээж аливаа бизнес чинь байнга эргэлдэж байдаг учраас хөрөнгө оруулах журмын дагуу тухайн даатгуулагчийн санд хуримтлагдсан мөнгийг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлнэ. Жишээ нь тухайн мөнгөнөөс банканд хадгалуулахаар болвол сангийн 30 хувиас дээшгүйг хадгалах ёстой. Үүгээрээ хөрөнгө оруулалтынхаа орлогыг олдог. Харин компанийн нийт хөрөнгийн хэмжээ одоогийн байдлаар 7 тэрбум гаруй төгрөг бий.

-Манай улсын тэтгэврийн тогтолцоо эв санааны зарчим дээр тулгуурласан байдаг. Гэтэл танай байгууллага хуримтлалын зармаар үйл ажиллагаа нь явуулдаг нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин нь нээлттэй гэсэн үг үү ?

Сайн дурын даатгал учраас даатгалын тухай хуулиараа зохицуулагдана. Хуулиндаа даатгалыг ердийн, урт болон богино хугацааны гэж ангилдаг. Бидний хувьд урт хугацааны даатгалыг иргэдэд санал болгож байгаа ганц компани.

Харин  бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд санхүүгийн зохицуулах хорооны дүрэм, журмаар зохицуулагддаг. Бусад хөгжингүй орнуудын туршлагаас харахад тэтгэврийн даатгалын санг хувийн салбарынхан нь хариуцдаг. Япон гэхэд 100 хуримтлалын тогтолцоотой.

-Тэгэхээр танай компанид иргэд өөрсдийн хөрөнгөөр ирээдүйдээ хуримтлал үүсгэнэ гэдэг нь нэг талаасаа банкны үйлчилгээтэй төстэй харагдаж байна л даа ?

Мэдээж мөнгө хуримтлуулж байгааг нь харвал адил боловч нилээд ялгаатай. Жишээлбэл 30 настай эрэгтэй хүн сар бүр 42 мянган төгрөг банкинд хадгалуулж байгаад 31 настайдаа нас барлаа гэж бодоход зөвхөн 12 сар хуримтлуулсан мөнгөө л авна.

Харин тэтгэврийн даатгалын үйлчилгээ нь гэрээнд заасны дагуу тэтгэвэрийн нас хүртэлх үлдсэн 29 жилтэй тэнцэх хэмжээний мөнгийг гэр бүлд нь олгоно. Үүгээрээ банкнаас ялгагдаж байгаа юм.

"Амьдралын даатгал" 2007 оноос эхлэн Монголд нэвтрээд байна.

-Нөхөн төлбөр авах үед ямар нэгэн шимтгэл төлөх үү ?

Төлөхгүй. Даатгалын тухай хууль болон татварын тухай хуулиараа зохицуулагдана. Хүн амын орлогын албан татварын хуулийн  татвар ноогдохгүй орлого гэдэг заалтаар ямар ч шимтгэлгүйгээр нөхөн төлбөрөө 100 % авна.

-Ер нь иргэд танай үйлчилгээг хэр нааштай хүлээж авч байна вэ ?

Тодорхой хэмжээний ойлголттой хүмүүс нааштайгаар хүлээж авдаг. Харин нийтийн хэмжээнд тэр болгон ойлгуулахад хүндрэлтэй. Харин амьдралын даатгалын талаарх суурь ойлголтуудыг нь олгоод эхэлвэл ирээдүйд үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа.

Танайд бүртгүүлсэн 200 орчим хүмүүсийн нас болон цалингийн дундаж нь хэд байна вэ ?

Тухайн хүмүүсийн цалингийн дунджийг гаргахад хэцүү. Тухайн хүн сарын шимтгэлээ төлөх чадвартай байна гэж үзвэл цалингийн хэмжээ нь чухал биш. Гэхдээ даатгуулах үйл ажиллагаа нилээд судалгаа хийгдэсний үндсэн дээр хоёр талаас гэрээг байгуулдаг.

Манай байгууллагаас тухайн үйлчлүүлэгч хураамжаа төлж чадах уу, үгүй юу гэдэг ирээдүйд үүсч болох эрсдлүүдэд нь андрайтинг хийдэг. Харин наслалтын хувьд 30 наснаас эхэлдэг. Энэ нь тэтгэвэрт гарах болж байна гэдэг ойлголт 40 наснаас эхэлдэгтэй холбоотой.

-Хураамжаа нэг сар төлж чадахгүй тохиолдолд дараагийн сардаа нөхөөд төлөх боломжтой юу ?

Болно.

-Үйлчлүүлэгчээс ямар асуулга, шалгуур авдаг вэ ?

Юун түрүүнд эрүүл мэндийн асуулга авдаг. Учир нь амь насны даатгалтайгаа цуг учраас зайлшгүй авах шаардлагатай. Түүнд нь хүний хувийн мэдээллүүд нь давхар орчихдог. Хэрвээ үйлчлүүлэгч тэтгэврээ өндөр тогтоолгосон ч  хураамжаа төлөх чадваргүй нь үнэлгээгээр гараад ирвэл тухайн хүнд санхүүгийн хувьд гэнэтийн эрсдэл үүсч болох юм. Ингэсэн тохиолодолд үйлчлүүлэгчтэйгээ зөвшилцөөд боломжгүй бол гэрээ байгуулахгүй байх арга хэмжээг авдаг.