Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Хууль сахиулахын их сургуулийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав
2015.04.03

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон улсын стандартад нийцсэн чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, эрдэмтэн, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажиллах, суралцах таатай орчныг бүрдүүлэх, хамтран ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Хууль сахиулахын их сургуулийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.

Уулзалтын үеэр хоёр тал Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын  сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх мэргэжлийн хичээлийг түлхүү оруулах шаардлагатай байгаа, санал хүргүүлсэн боловсон хүчнийг томилуулж ажиллуулах, сонсогч, оюутан суралцагчдыг аврах, гал унтраах техникийн дадлага эзэмшүүлэх дадлагыг аврах, гал унтраах анги түшиглэн явуулах, клиник сургалтын төвтэй болгох, шинээр тэнхим байгуулах, сургалтын техник, тоног төхөөрөмжөөр ханган дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцож, тохиролцлоо.

Мөн гамшиг судлал, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр нөлөөг дээшлүүлэх, сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, багш, албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, ОХУ-ын Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх академи хооронд оюутан солилцох зэрэг асуудлаар ярилцсан.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Хууль сахиулах их сургуулийн дэргэд гамшгаас хамгаалах, аврах, гал унтраах мэргэжлийн клиник сургалтын төв байгуулах, сургалтын төвийг автомашин, техник хэрэгслээр хангахад анхааран ажиллахаа хэллээ.

Онцгой байдлын ерөнхий газраас Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн  материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын материал, багаж хэрэгслээр хангахад 340 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ хугацаанд хийжээ.