Б.Цогтгэрэл: Нэг улс төрч бодоод нэмэргүй, нийтээрээ бодьё
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл
2015.04.09

Б.Цогтгэрэл: Нэг улс төрч бодоод нэмэргүй, нийтээрээ бодьё

Нийгмийн эе эвийг хичээлгэж, лидерүүдийг ширээний ард суулгахгүй бол нийгмийн хямрал хяналтаас гарна

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлтэй “Төрөө урлахуй” сэдвээр ярилцлаа. Б.Цогтгэрэл нь 1984 - 1989 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер эдийн засагч мэргэжлээр, 1989-1990 онд Москва хотын Удирдлагын дээд курс, 1997 онд МУИС - ийн Хууль зүйн дээд сургууль, 2000 онд МУИС-ийн ЭЗС төгссөн. 1997 онд Английн Лондон хотод Бизнесийн удирдлагын сургууль, 1998 онд АНУ-ын Нью- Мехикогийн Их сургууль болон Германы Франкфурт хотод банк санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засгийн ухааны магистр, хууль зүйн докторант нэгэн юм.

-Төрөө урлах асуудлыг яг энэ цаг үед юуны учир гаргаж тавих болов. Манай улс төрөө хэр зэрэг урлаж байна?

Их том сэдэв. Энэ дэлхий дээр 200 гаруй улс орнууд бүгдээрээ өөр хоорондоо даяаршсан нийгэмд орон зайгаа тэлэхийн төлөө, зарим нь тэсч үлдэхийн төлөө уралдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Улс орноо хэн сайн засаглан авч явах вэ,  төрөө хэрхэн чадварлаг болгох вэ гэдгээр багаараа бодлого гаргаж, хэрэгжүүлж өрсөлдөж байна. Хэн сайн бэлтгэгдэж, чадваржсан нь ялна.

Харин Монгол улс хаана нь явна вэ.  Тэр супер гүрнүүд, дэлхийн плутократууд, синдикатууд, үндэстэн дамжсан корпорациуд байгалийн баялагтай орнуудын эрдэс баялагт хяналтаа тавих, худалдан авалт, олборлолтод онцгой эрх олж авахын төлөө уралдаж байна. Харин бидний хувьд тэдгээр гүрнүүдтэй эн тэнцүү чадварлаг төртэй болохгүй бол аюул ойрхон.

Манай нам 2006 оноос байгуулагдсан цагаасаа эхлээд монголын төрийг урлах талаар ярьж эхэлсэн.

Барууны загвар уу?. Ази маягийн хөгжлийн загвар уу ?
-Дэлхий нийт Хятад луунуудыг харж, ажиглаж байна. Тус улс нь улс төрийн хувьд чөлөөт бус, эдийн засгийн хувьд чөлөөт улс. Манайх хоёуланг нь чөлөөлсөн хэрнээ дотроо бөөн бужигнаантай?

Хятад маягийн хөгжлийн загвар ялж чадах уу, үгүй юу гэсэн асуулт гарч байгаа. Хятад талынх нь Вьетнам маягийн, Хойд Солонгос, Куба зэрэг нэг намын засаглалтай нам нь дотроо ардчиллын элементүүдийг хөгжүүлээд нийгмийнхээ сэхээтэн хэсгийг хуваахгүйгээр ардчиллыг бий болгоод байгаа юм. Манайд нэг нам жишээлбэл ардчилсан нам гэхэд дотроо тав зургаан фракцитай байгаа шүү дээ.

Манай улсын цөөхөн хүн ам, нийгмийн элит хэсэг хэд хэд хуваагдаад хоорондоо нэгийгээ үзэлцэж байна.

Амьдралын чанар, оюун санаа, улсын эдийн засгийн хувьд нэг л болохгүй байна.

Барууныхан болохоор ардчилалын үнэ цэнэ нь дарангуйлал, цэргийн дэглэм тогтож, хүний эрх зөрчигдөх, гиноцит үйлдэгдэхээс системийн хувьд хамгаалдагдаг гэж үздэг. Миний хувьд Хятад, Оросын систем шилдгүүд дотроосоо удирдагчдыг шигшдэг учир урт хугацаанд давуу л байх талтай гэж бодож байна.

-Өөрөөр хэлбэл улс төрийн тогтолцооны хувьд ямар шилжилтийг хийснээс үл хамааран улс орны хөгжлийн асуудал яригдах болсон шүү дээ.

Социалист, капиталист, ардчилалсан, хаант улс эсвэл цэргийн дэглэм байна уу гэдгээсээ үл хамаараад аль нь илүү ажиллаж чадаж байгааг дүгнэх хэрэгтэй. Гэхдээ дэлхий дахинд аль улсад таарах сонгодог загвар байдаггүй гэдэг нь ойлгомжтой болчихлоо.  

Тиймээс улс орон бүр өөр өөрийнхөө онцлогт тохирсон, хүн ардынхаа ёс заншил уламжлалд суурилсан, төрт ёсны уламжлалаа хадгалсан цаг үеийнхээ нөхцөл байдал, геополитик орон зайгаа мэдэрсэн төр засагтай байж л хөгжинө.

Манай улс ч гэсэн өөртөө л ажиллаж чадах тогтолцоо бий болгох урлах шаардлага байна. Түүнийг ажиллуулах мэргэжсэн тогтвортой чадварлаг төрийн албаа бий болгох тэднийгээ багаас нь оюун санааны хувьд монгол хүнийг бий болгодог боловсролын тогтолцоо, хөгжүүлдэг механизмтай болох нь зөв.

Зүгээр сурах бичгээр заах бус төрийн үзэл суртал бий болгоно.

Хоёрдугаарт, Монголын хөгжлийг хүний хөгжлийн индексээр, амьдралын чанарын үзүүлэлтүүдээр илэрхийлдэг болох ёстой. Эдийн засаг, ДНБ өсөөд байгаа мөртлөө ард түмний амьдрал бахь байдгаараа байгаа нь жирийн айлд эдийн засгийн өсөлт хүрч чадахгүй байгааг харуулдаг. Тиймээс аливаа хөгжлийг Монгол хүний амьдралын чанарын индексээр хэмжих учиртай.

-Зарим судлаачид дундаж давхарга байхгүй болсон гэдгийг хэлж байгаа. Уг нь дундаж давхарга нь хүн амынхаа ихэнхийг бүрдүүлж байж сэтгэл хангалуун амьдардаг гэдэг шүү дээ?

Би амьдралын гараагаа багшилж эхэлсэн хүний хувьд, сургууль, багш нартай холбоотой ажилладгийн хувьд  багш нарын амьдралыг харж байна. Нийгмийн дунд давхарын гол төлөөлөгчид болсон багш нар сургуулийн амралтаар барилгын шавар шохойны ажил ч болсон олж өгөөч гэдэг болсон нь орлого маш бага байгаагийн илэрхийлэл юм.  

Нийгмийн хамгийн бат бэх, дундаж давхарга болж, үндэсний хөгжлийн ноён нуруу болж явах ёстой хүмүүс багш, эмч нар ийм байдалтай байна шүү дээ.

Ингэхээр монголд чинээлэг амьдарч байгаа нь бизнесийн элитүүд, төртэй холбоотой бизнесийн бүлэглэл, төрийн зарим цөөн түшмэдүүд л байна. Өнөөдөр улс төрийн тогтвортой, залгамж чанартай  бодлогын хамгаалалтгүйгээс болоод жижиг дунд аж ахуй нэгжүүд улам хэцүү байдалд орж, эхнээсээ дампуурах байдал ажиглагдах боллоо. Амьдралын чанар, оюун санаа, улсын эдийн засгийн хувьд нэг л болохгүй байна.

-Эдгээрийн уг учир шалтгааныг та юу гэж харж байна вэ?

Төрийн бодлого, үйл ажиллагаа тааруу, цэгцгүй, залгамж чанаргүй, уялдаагүй байгаатай шууд холбоотой.

-Манай “vip76.mn сайт” болон “vip EXPERT” сэтгүүл өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд тулгамдаж буй 30 гаруй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд бүх асуудлын гогцоо нь төрийн тогтолцооны ханатай нүүр тулж байгаа нь ажиглагдсан. Төрийн тогтолцоог хэрхэн зөв чиглэл рүү явуулах ёстой вэ. Эсвэл тогтолцоо байвч хэрэгжүүлэхгүй байгаа улс төрчидтэй, намуудтай хэрхэн хариуцлага тооцох вэ?

Ерөөсөө л тэр. Үндэсний зөвшилцөл хэлэлцүүлгийн үеэр зөвхөн төрийн тогтолцоо гэсэн ганцхан асуудал дээр ихэнх оролцогчид санал өгсөн нь үүнийг батлана.

Би боловрол, хууль, банк, уул уурхай, аялал, жуулчлал, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбаруудын удирдлагад ажиллаж байсан туршлагаасаа юу, яагаад болохгүй байгааг харж байна. Тийм ч учраас төрөө урлахын тулд Үндсэн хуулиа засахаас эхлэх учиртай.  

Улсын бодлого тодорхойлогчид маань нэг хэсэг нь хар залуудаа дарга сайд болчихсон, амьдрал мэдэхгүй, хэзээ ч практик дээр суралцах бололцоогүй цаас, хурал гэсээр амьдралаас тасарсан, нөгөө хэсэг нь ардчиллын давалгаагаар шидэгдээд ороод ирчихсэн, зарим нь популизм хийж орж ирсэн хүмүүс байдаг. Энэ нь монголчуудын өнөөгийн дүр төрх. Нийгмийн байгаа байдал.

Гэхдээ сайн харвал энэ их хуралд социализм, ардчилал хоёрын сайн муу талын алдаа оноог мэддэг, хал үзэж халуун чулуу долоосон хашир хүмүүс бий. Тиймээс тэд монголын түүхэнд оруулах томоохон хувь нэмрээ бодоод Үндсэн хуулиа цэгцлээд өгчих хэрэгтэй.

Энэ парламент үнэнхүү сэтгэл гаргаж, иргэний зоригоор хандах ёстой гэдгийг хэлмээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд эрдэмтэн мэргэд, улс төрийн нийгмийн зүтгэлтэн, өөрийгөө элит гэж үздэг хүмүүс идэвхтэй оролцох болов уу гэдэгт найдаж байна.  

Ялангуяа өнгөрсөн 20 жилийн хугацаанд ард түмнээ хоёр хэсэг хувааж дайтуулсан, эрх баригчид хэлэлцээрийн ширээний ард сууж, илүү санаачилга гаргаж, улс эх орныхоо хувь заяаг бодолцох учиртай.

-Энэ талаар улсын их хуралд суудалгүй, жижиг намууд л ярьж байгаа. Эрх баригчид яагаад ярихгүй байх шиг?

Олон жил ярьж байгаа. Гадна байгаа намууд нь асуудлыг илүү харж байх талтай. Том гэж байгаа намуудын дотоод улс төр нь ихэнх цагийг нь эзэлдэг. Тэгээд ч эрх баригчид илүү консерватив болчихдог талтай. Өөрөөр хэлбэл өөрсдийн байр сууриа хамгаалах шинжинд орж, одоогийн тогтолцоо тэдэнд хамгийн тааламжтай санагддаг.

Тэгээд ч эрх баригчид илүү консерватив болчихдог талтай.

20 жилийн хугацаанд өөрийнх нь болон тойрон хүрээлэгчдийнх нь амьдрал сайхан болчихоор монголын амьдрал сайхан байна гэж сэтгээд, амьдралаас тасарчихсан гэсэн үг.

Тиймээс амьдралаас тасарсан нөхдүүдийг Заамар, Уянгын хонхор, Налайхын нүүрсний нүх, гэр хорооллын эцэс рүү, Улаанчулуутын хог дээр аваачиж, үнэн амьдрал ямар байгааг үзүүлэх хэрэгтэй.

Нэг улс төрч бодоод нэмэргүй, нийтээрээ бодох учиртай
-Гэхдээ тэд гэр хороолол, хөдөө орон нутаг гэлтгүй хаа сайгүй явж иргэдийн зовлонг сонсч, асуудал хэлэлцүүлж байгаа харагддаг шүү дээ. Худлаа ч гэсэн популизм хийж байна?

Нэг улс төрч бодоод нэмэргүй. Тэд нийтээрээ бодох ёстой учраас олон нийтэд ойлгуулж, олон нийтийн хүчийг авах нь хамгийн чухал. Энэ мөнгөтэй улсууд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, томоохон хэвлэлүүдийг атгаж, өөрийнхөө зэвсэг болгон ашиглаж байгаа нөхцөлд үнэ цэнэтэй зүйл ярьсан ч байсан хамаагүй 10 дахин их хүчээр асуудлыг манантуулж олон нийтийн ой санаанаас арчин хаяж байна.  

Ардчиллын нэг давуу тал нь олон ургалч үзэл, олон мэдээлэл гэдэг ч үнэ цэнэтэй санаа очих хүндээ хүрэх ямар ч боломжгүй болжээ. 52 телевизороор 52 өөр зүйл ярьж байхад онолын хувьд нэг дээр нь 2 хувийн  ч нягтрал очихгүй. Ард иргэдийг улс төржүүлж, намжуулсан учир тэд сонсох чадвараа алдсан. Эрүүл саруул ухаанаар сэтгэхэд хэцүү болж.

Нийгэмд бүх зүйл үнэ цэнэгүй болоод ирэхээр нигилизм / Нигилист үзэл суртал гэдэг бол юуг ч үл зөвшөөрөгч, үл ойшоогч үзэл суртал бөгөөд, энэ амьдралын хэсгээс олж хүртсэн бүхнээ үгүйсгэгч хүмүүсийг Нигилист хэмээн тодорхойлох ажгуу/ бий болдог тэр нь аажимдаа декадентествад хүргэдэг тухай барууны философичооч ишлэн арваад жилийн өмнө миний бие бичиж байсан юм.

Одоо тэр л цэгт дөхөж явна даа. Ямар ч нэмэргүй, аюултай байдал руу ордог. Өнөөдөр миний яриаг тэд харахдаа, Б.Цогтгэрэл намын өнцгөөс ярьж, улс төр хийж байна л гэж бодно. Гэтэл үнэндээ надад сонин биш. Зөвхөн төрийг яаж зөв болгох вэ гэдгийг ярихгүйгээр өнөөдрийн сонгуулийн тогтолцоо, улс төрөөр явбал 2020-2021 онд байдал энэ хэвээр байсаар л байх болно.

Харин их ужиграад уул уурхайн үндэстэн дамнасан компаниуд, баялгаа булаацалдсан сөргөөлдөөн болох вий. Серра Леон, Суданд цэрэг илгээх биш, Монголд энхийг сахиулагчид ирэх талаар ярихыг үгүйсгэхгүй.

-Үндсэн хуулийг өөрчлөх тухайд танай нам ямар саналтай байгаа вэ?

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмаас болоод Үндсэн хуулинд том өөрчлөлт оруулах боломжгүй болчихсон. Дээрээс нь үнэ цэнэтэй бүх заалтыг өөрчлөхөд, хэмжээнээс хэтэрчих гээд байгаа учраас цөөхөн санал хэлье.

  1. Дордуулсан долоог ҮХ-д өөрчлөлт оруулахгүйгээр өмнө нь гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээгээд авах хэрэгтэй.
  2. Аль болохоор Засгийн газрын бодлогыг тогтвортой байдал руу чиглүүлэх, төрийн албаны зөвлөлийг хэнээс ч хараат бус, институти болгох ёстой. Монгол хүмүүний төлөвшил, төрийн төлөө зүтгэдэг хүмүүсийг бий болгоход Төрийн албаны зөвлөл чухал үүрэгтэй. Түүнээс биш МАН, АН, МҮАН-ын хүнийг бэлддэг байж ерөөсөө болохгүй. Одоо төрийн албан хаагчдыг захиалгаар л томилдог.
  3. Аудит хяналт шалгалтын функцийг Үндсэн хуулийн субьект болгох ёстой. Хяналт шалгалтыг улс төрийн захиалгаар хийж болохгүй.
  4. Улсын төлөвлөлт хөгжлийг авч явдаг, чиглүүлэх хөтөч яамыг бий болгоё. Эдийн засаг хөгжлийн яам гэдэг шиг Үндэсний хөгжлийн яамыг бий болгох хэрэгтэй.  

Ингээд төр тогтворжихоор төрийн албан хаагчид мэргэшиж, Засгийн газрыг тогтвортой байлгана. Монголчууд түүхэндээ хамгийн чадварлаг, хамгийн ухаалаг, шилдгүүдээс бүрдсэн зоригтой мэдлэгтэй хүмүүсийг төрийн албанд томилдог байсан.

Өнөөдөр энэ тогтолцоо алдагдсанаас болж бүх салбарт асуудал үүсч, бизнесийн хөгжил ч хөшүүн байдалд орчихсон. 24  жилийн дотор 18 засаг солигдсон гээд боддоо. Одоо энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг харахад Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхэлж, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудаа ярих ёстой л харагдаж байна.

Гэтэл чухал асуудлуудаасаа халгаад, санаатай санаандгүй хойш нь тавиад л байгаа харагдана.

Ажиллаж чадах механизмтай болохгүй бол дараагийн сонгууль явуулахын ач холбогдол байна уу.

-Ярилцсанд баярлалаа.