Баянзүрхийн хүүхдүүд польшийн хүүхдүүдтэй өрсөлдөж байна
Сагсан бөмбөг
2015.04.10

Баянзүрхийн хүүхдүүд польшийн хүүхдүүдтэй өрсөлдөж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилсан нийслэлийн Баянзүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхлэв.

Тэмцээний нээлтэд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Монголын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Польш улсад суугаа өргөмжит консулын зөвлөх Р.Янжмаа, Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Б.Билгүүн нарын албаны бусад хүн оролцлоо.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тэмцээнийг нээж "Бидний нөхөрсөг хамтрагч Польш улсын Плоцк хотын захирагч эрхэмсэг  ноён Андрзеж Нобаковский болон тус хотын тамирчид, уг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо, Монголын Спортын Шүүгчдийн Холбооны хамт олонд хувиасаа болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, дүүргийн баг тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе. Манай Баянзүрх дүүргиин ерөнхий боловсролын сургуулиудын хурд хүчтэй, авхаалж самбаатай хүүхдүүд, тамирчид маань энэ л өдрийг хүлээж, тэмцээнд тэргүүлэгч болохыг хичээдэг болсон нь сэтгэлд дотно сайхан санагдаж байна.

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хоёр сарын хугацаанд зохион байгуулагдаж, дүүргийн 21 сургуулийн 42 багийн тамирчид оролцож байгаа.

Хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон энэхүү тэмцээний хамгийн шилдэг тамирчидтай эрэгтэй, эмэгтэй баг Польшийн Плоцк хотод зочилж, нөхөрсөг тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн аварга тамирчдын хувьд аваргаа батлах, өнөө жил даагаа нэхэж өрсөлдөж байгаа баг тамирчдын хувьд аваргыг ялж аварга болох хариуцлагатай үе удахгүй болно.

Тиймээс манай дүүргийн сургуулиудын сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын хувьд энэ тэмцээний ялагч болж, Польш улсын Плоцк хотын. тамирчидтай нөхөрсөг тоглолт байгуулах нь тамирчид, баг бүхний зорилго болж, эрч хүч, авхаалж самбаагаа сорих гол тулгуур нь гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.