Д.Оюунхорол: Улс даяараа казинодно гэж байхгүй
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2015.04.13

Д.Оюунхорол: Улс даяараа казинодно гэж байхгүй

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой Казиногийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 

-УИХ-аар Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байна. Гишүүд казино байгуулах цаг  болсон уу гэдэгт харилцан адилгүй байр суурьтай байна. Засгийн газрын төвшинд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ. Казино байгуулагдсанаар эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулах, эдийн засгийг солонгоруулахад үр дүнгээ хэрхэн өгч чадах вэ?     

Засгийн газраас эдийн засгийг солонгоруулах, эдийн засагт орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Одоо манайх мал аж ахуй, уул уурхайн салбарын ашгаар эдийн  засгаа тэтгэж байна. Тиймээс аялал жуулчлалын салбараа  хөгжүүлье, эдийн засагт орж ирэх урсгалыг ДНБ-ний  14 хувьд хүргэх зорилт  тавьсан.

Манайд жуулчдыг татах, тэдэнд үзүүлж харуулах зүйл маш бага. Тиймээс жуулчид Монгол Улсад ирээд нүүдлийн соёл  иргэншилтэй танилцахаас гадна казиногоор ороод гардаг,  мөнгөө  зарцуулдаг байж болох сонголтыг бий болгож өгч буй юм. Ингэснээр жилд дунджаар 74-134 тэрбум төгрөг төсөвт  орно гэж тооцож байгаа. Ийм хэмжээний орлого олохын тулд олон улсын стандартад нийцсэн томоохон хоёр казино байгуулъя гэж байгаа.

Энэ  бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Олон казиног өнөөдөр  одтой гэж нэрлэж байгаа  38 зочид буудалд байгуулах эрхийг нь өгвөл эмх замбараагүй байдал газар авч, хяналтаас гарах эрсдэлтэй. Нөгөө талаас, гадны томоохон хөрөнгө оруулагчид орж  ирэх сонирхол буурна. Олон улсын жишгээр бол казиног  төрийн хяналтад байлгаж, өндөр шаардлага тавьдаг юм байна. Ингэснээр төсөвт үзүүлэх нөлөөлөл нь өндөр байдаг.

-Казино байгуулах тусгай зөвшөөрөл авахын тулд 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Энэ хэр үндэслэлтэй тоо вэ гэдгийг УИХ-ын гишүүд асууж байна. 35 тэрбумыг төлөөд энэ бизнест орж ирэх хөрөнгө оруулагч байх уу?

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд олон талаас нь ярьж, шүүмжилж байна. Энэ бол зөв. Хөрөнгө оруулагч орж ирээгүй байхад 35 тэрбум төгрөг гэдэг тоог тавьсан нь төсөвт мөнгө олохыг эхний зорилгоо болгож байгаатай холбоотой. Ийм хэмжээний мөнгийг төлөөд  зөвшөөрлөө авсныхаа дараа олон улсын стандартад нийцсэн казино  байгуулахад  700 саяас нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт  шаардлагатай.  Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж 85 хувьд нь үйлчилгээ явуулдаг, 15 хувь нь тоглоом тоглуулдаг олон улсын жишиг, нэг хотхон  бий болох юм.

-Үүний цаана хэн  байна вэ гэдэг хардлага нийгэмд байна?

Энэ бол цэвэр хардлага. Казино  байгуулахад шаардагдах ийм их хэмжээний хөрөнгө мөнгийг олон улсын хэмжээний тендер зарлаж  олно уу гэхээс дотоодын аж ахуйн нэгжүүд дангаараа энэ зөвшөөрлийг авах бололцоогүй. Олон улсын томоохон сүлжээтэй, казиногийн үйл ажиллагаа явуулах туршлагатай хүмүүс сонгон  шалгаруулалтад оролцох байх. Би Ж.Батзандан гишүүний гаргасан “Казиногийн орлогоос 50 хувийг нь нийгмийн чиглэлд зарцуулдаг байхыг хуульчлах” санаачилгыг дэмжиж байна. Ингэж хуульчлах нь хэрэгтэй ч  байж магадгүй.

-Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн тоглохыг хориглосон. Үүнээс гадна өөр ямар төрлийн хориглосон, хязгаарлалтууд орж байгаа вэ?

Монгол Улсын иргэн тоглохгүй гэдгийг бид хуулиндаа зааж өгч байгаа. Гадаадын иргэн байсан ч 21-ээс доош насны иргэнийг оруулж, тоглуулахгүй байхаар тусгасан. Энэ хязгаарлалтууд олон улсад ч ийм байдаг. Яагаад Монголд дотоодын иргэнийг тоглуулахгүй гэж үзсэн гэхээр бидэнд байгаа муу сургамжин дээрээ үндэслэж гаргасан юм. Цаашид Монгол Улс хөгжинө. Манай улсын иргэд гадагшаа явж казино тоглож байгаа урсгал маш их байна. Энэ мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх боломж яваандаа бий болохыг үгүйсгэхгүй.

-Тодорхой хязгаарлалттайгаар өөрийн улсын иргэддээ нээлттэй байлгаж болохгүй юу гэх асуудлыг зарим гишүүн хөндөж байсан. Энэ тухайд?

Ер нь казино хөгжсөн ихэнх улс оронд энэ төрлийн үйл ажиллагаа үндсэндээ энгийн зүйл гэж хардаг болж. Бид дэлгүүрт ороод, бараа худалдаж аваад гардагтай л ижил зүйл гэж энгийнээр ойлгодог юм байна. Жишээ нь, Макаод бүх иргэд нь казино тоглох боломжтой, тийм хуультай. Гэхдээ иргэд нь казинодоо бараг л тоглодоггүй. Тэр улсын иргэд бүгдээрээ казинод орж суугаад, мөнгөө алдаад суух нөхцөл, бололцоо байдаггүй гэж байгаа.

Тэгэхээр улсаараа тэнд орж тоглоод, дампуураад сууж байна гэж байхгүй. Тэгэхээр иргэдийн боловсролын төвшинд, эдийн засагт хэрхэн, яаж хандах вэ гэдэг хандлагаас шалтгаална. Энэ асуудлыг бид зөвхөн казино гэдэг зүйлтэй хольж, хутгаж ойлгож болохгүй. Жишээлбэл, хамгийн гайгүй гэж үзэж байгаа казиногийн жишээгээр Сингапурын казинод иргэд нь орж тоглоход нэг удаа орохдоо л 100 ам.долларын такс төлдөг. Эсвэл жилийн хураамж төлөөд, гишүүнчлэлийн үнэмлэх авдаг. Тэр нь ойролцоогоор 5.000-10.000 ам.доллар төлөөд, гишүүнчлэлийн эрх авсан хүмүүстэй нээлттэй гээд хуульчилсан байх жишээтэй. Бид энэ бүгдийг харгалзан үзэж байгаа.

-Байршлын хувьд хаана байх бол. Дэд бүтэц хөгжсөн газарт байгуулна гэж байгаа. Энэ тохиолдолд нийслэлийн төвд ч казино байгуулагдана гэсэн үг үү? 

Байршлын хувьд дэд бүтэц хөгжсөн газарт казино байгуулах зөвшөөрөл Чухам хаана вэ гэдгийг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлээд, олон улсын тендер зарлах байх.

-Казинод аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь чухал асуудал. Энэ чиглэлийн зохицуулалтууд хуульд хангалттай тусгагдаж өгсөн үү?

Энэ тал дээр хэлэлцүүлгийн явцад эргэж харах шаардлагатай зүйл бий. Манай Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ярьж байсан. Ер нь бол харуул хамгаалалтын тогтолцоог бие даасан байлгах ёстой. Тэр бие даасан тогтолцоо нь Казиногийн үйл ажиллагаа зохион байгуулж буй хороотойгоо хамтарч ажиллах шаардлагатай гэсэн. Хэлэлцүүлгийн явцад иймэрхүү асуудлыг нэмж, оруулах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа