Зоригт.Д 2015.04.13 | Сонин: Өдрийн сонин

Монгол эрчим хүчний гол экспортлогч байх боломжтой гэв

Монгол эрчим хүчний гол экспортлогч байх боломжтой гэв
“Coal Mongolia-2015” чуулга уулзалт

“Coal Mongolia-2015” чуулга уулзалт өчигдөр өндөрлөлөө. SS convention center-т бол­сон чуулга уулзалтын сүүлийн өдрийн хуралдаан “Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу?”, “Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх боломж техник технологийг дэвшил” гэсэн сэдвүүдээр өрнөсөн юм.

ТАВАН ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Эхний хэсгийн анхаарал татахаар илтгэгч нь “Таван толгой цахилгаан станц төсөл”-ийн нэгжийн захирал Б.Түвшин байлаа. Засгийн газар 450 МВт-ын цахилгаан станцыг Таван толгойн ордыг түшиглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барих шийдвэр гаргаад байгаа юм. Дэлхийн эрчим хүчний зах зээлийн анхааралд Монгол Улсыг оруулах боломжтой гэгдэж буй энэ төслийн та­лаарх сүүлийн үеийн мэдээллийг тэрээр өгсөн.

“Таван толгой цахилгаан станц төсөл”-ийн нэгжийн захирал 2016 оны хавраас станцын барилгын ажил эхэлнэ гэсэн өөдрөг мэдээ дуулгалаа. Хөрөнгө оруулагчдаа энэ онд багтааж шалгаруулах гэнэ. Өнөөдрийн байдлаар олон улсад нэр хүндтэй дөрвөн компани шалгараад байгаа аж. Японы“Марубени”, “Кансай электрик повер”, Солонгосын “Daewoo” зэрэг компани шалгарчээ. “GDF SUEZ” нь Францын үндэстэн дамнасан цахилгаан үйлдвэрлэх, түгээх, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг цахилгаан хэрэгслийн компани юм.

Энэ компани нь Gaz de France болон Suez нэгдсэнээр 2008 оны долдугаар сарын 22-нд байгуулагджээ. Үндсэн хувьцаа эзэмшигчид нь Францын Засгийн газар, Groupe Bruxelles lambert SA, GDF Suez аж. Парис, Брюссель хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй GDF Suez-ийнзах зээлийн хөрөнгө нь энэ сарын эхний байдлаар 49.508.7 сая ам.доллараар үнэлэгджээ. GDF Suez дэлхий даяар 152 мянга гаруй ажилтантай юм байна.

POSCO-гийн хувьд Солонгосын анхны болон хамгийн том бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч гэдгээрээ дэлхийд танигдсан компани. Сөүл хотын эрчим хүчний 16.5 хувийг нийлүүлдэг POSCO групп дэлхийн дөрөв дэх томган үйлдвэрлэгч гэдгийг уншигчид андахгүй. Японы“Кансай электрик повер” ч дэлхийд гэж яригдах компани.Япон улсын хоёр дахь том цахилгаан станц бөгөөд Kansai-ийн бүс нутгийг хамардаг. Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Зах зээлийн хөрөнгөнь 8.915.48 ам доллар гэгддэг. Moody’s-ийн зээлжих зэрэглэл нь A3.

Төслийн зүгээс санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдад даалгавраа өгчихөж. Таван толгойн цахилгаан станцын нийт санхүүжилт нь нэг тэрбум ам.доллар гэж Б.Түвшин сонирхууллаа. Төслийн санхүүжилтээр Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг босгох юм байна.Барилга угсралтынхаа үед 2000 хүнийг ажлын байраар хангах төсөөлөл гарчээ. Станц хэвийн ажиллаж эхлэх хугацаанд 200 хүн тогтмол ажлын байраар хангагдах нь.

Таван толгойн үндсэн худалдан авагч нь Оюу толгой. Таван толгойгоос цахилгаан худалдан авна гэсэн амлалтыг нь цахилгаан станцын төслийнхөн “Рио”-гоос авчихаад байгаа. Хөрөнгө оруулалт босгох хамгийн том давуу тал нь энэ гэж Б.Түвшин онцолсон. Цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2013 онд батлуулжээ. Тавантолгой цахилгаан станц болон цахилгаан түгээх шугамын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг ч 2013 онд батлуулсан юм байна.

Тавантолгой цахилгаан станцыг Оюутолгойтой холбосон 220кВ цахилгаан дамжуулах шугамын ТЭЗҮ -ийг2013 оны арваннэгдүгээр сард боловсруулж дуусгажээ. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нь “МотМакдоналд” компани гүйцэтгэж байгаа аж. ТЭЗҮ-ийгнь “Ворлей Парсонс” хийсэн гэнэ. Шалгарсан хөрөнгө оруулагч ньэцэслэн батлуулах юм байна. Ирэх онд Таван толгой станцын санхүүжилтийг босгож, газар шороо, барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөө байгаа аж.

Таван толгойн станцын ашиглалтад орох хугацааг 2019 он гэж төлөвлөжээ. Б.Түвшин Таван толгойн цахилгаан станц төслийн ач холбогдлыг “Монгол улсын цахилгаан эрчим хүчний салбарт дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч орж ирж үйл ажиллагаагаа явуулах болно. Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлдМонголын нэр хүнд өснө. Оюу толгой, Таван толгой гэх мэт том төслүүд найдвартай цахилгаан хангамжтай болно. Цахилгаан станцад жилд 1,5 сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэхээс гадна эрчим хүч экспортлох эхлэл тавигдана” гэж онцолсон.

АРВАН ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОРЖ ИРЭХ ТООЦОО ГАРЧЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар энэ өдөр “Монголын бизнес эрхлэх орчны үнэлэмж ба гадаадын хөрөнгө оруулалт” сэдэвтэй илтгэл тавьсан юм. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар хөрөнгө оруулалтын таатай орчноор Монгол Улс 189 орноос 72 дугаарт жагссан гэж тэрээр сонирхууллаа. Төрийн байгууллагууд хуулийг өөр өөрөөр уншиж тайлбарладаг нь ийм хойгуур орох болсон голлох шалтгааны нэг гэнэ.

Нөгөө талаас бизнес эрхлэгчдийн гэрээгээ мөрддөггүй байдал ч нөлөөлдөг гэж тэрээр ярив. Дашрамд сонирхуулахад энэ жил ТЭЗҮ нь хийгдсэн, гадагш танилцуулж хөрөнгө оруулалт татах боломжтойзуу орчим төсөл байгаа гэнэ. С.Жавхланбаатар нэг таатай мэдээ дуулгалаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд арав орчим тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломж бүрджээ.

Д.ЗОРИГТ: ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДАД ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТОЛНО

Энэ өдөр Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд-Экспортын боломж ба сорилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ бараг 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь гаднаас авчээ. Усан цахилгаан станц, нар, салхины станцын үйлдвэрлэл эрчим хүчний нийт хэрэглээний гурав орчим хувийг эзэлсэн байна.

Амгалангийн дулааны станц ирэх есдүгээр сард ашиглалтад орно гэсэн мэдээг сайд дуулгалаа. Шийдлийн Засгийн газраас эрчим хүчний салбарын том бүтээн байгуулалтын асуудлыг энэ онд багтан шийдвэрлэснийг мөн чуулганд оролцогсдод дуулгасан. Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн 700 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын концессийн гэрээний хэлцлийг зохион байгуулж, гэрээг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгожээ.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болсон байна. Д.Зоригт сайд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховдын гол дээр усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэснийг мөн “Coal Mongolia”-гийн зочдод дуулгалаа. Бүс нутгуудын хувьд баруун бүсийн, Дор­нодын, Багануурын, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдана гэсэн мэдээг ч чуулганд оролцогчид анхааран сонслоо.

Д.Зоригт сайд “Дэлхийн эрчим хүчний балансын 2030 он хүртэлх таамгаас харахад Дэлхийн эрчим хүчний балансын дөрөвний нэг нь Зүүн хойд Азид төвлөрөх тооцоо байна. Монголд нүүрс­ний 15 сав газрын хүрээнд хамрагдах 300 гаруй орд илрэл бий. Энэ оны байдлаар 173.3 тонн нүүрсний нөөц байна. Нарийвчилсан хайгуулаар 23.5 тэрбум тонн нөөц батлагдсан.

Эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй манай орны хувьд нүүрсний томоохон ордуудаа түшиглэн цахилгаан станц барьж, эхний ээлжинд Хятад болон Зүүн хойд Азийн орнуудад эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Яамнаас Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 4800 МВт-ын цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж илтгэлдээ онцолсон юм.