Үлгэрийн юм шиг Монгол зам /фельетон/
Зохиолч, шог зураач А.Амарсайхан
2015.04.14

Үлгэрийн юм шиг Монгол зам /фельетон/

“Үлгэрт гардаг шиг амьдрах юмсан” - энэ бол дэлхийн бүх улс үндэстний мөнхийн мөрөөдөл. Гэвч аль ч ард түмэн энэ мөрөөдлөө биелүүлж чадаагүй.

Хэдэн мянган жилийн турш хий хоосон горьдсоор л суугаа. Харин монголчууд бид Замбуулин ертөнцөд цор ганцаараа үлгэрийн юм шиг сайхан амьдралыг цогцлоон буй болгочихоод байна! Уншигч авхай нар худлаа гэж зүтгэж мэдэх л дээ. Монголын замын амьдралын жишээн дээр дээрх үгийн аргагүй үнэн гэдгийг баталсу.    

Нэг. Муур багшийн үлгэр

Монголд замын ажлыг муур багш дангаараа захиалж, хөөрхий бяцхан хулганууд гүйцэтгэдэг. “Ихээхэн дургүй хүргээд байвал, идчихнэ шүү чамайг!” гэж хөөрхий хулганыг муур багш сүрдүүлнэ. Ядаж байхад муурын хуваарилдаг шар тос өчүүхэн жижигхэн. Гэтэл хулганын олныг яана! Чимх шар тос олж авахын эрхэнд муур багшдаа сөгдөж мөргөнө. Үнийн дүнгийн арван хувийг татварт, ахиад бас арван хувийг авлига шагналд үг дуугүй өгье гэж хормой дэвсэнэ.

Муур багшид хувь өгөхгүй зэвүүг нь хүргэвэл өнгөрлөө л гэсэн үг. Мэргэжлийн хяналт оруулна, хар дансанд бичнэ, тусгай зөвшөөрөл цуцлана. Цор ганц захиалагч учир монополдож, замын ажлыг өчүүхэн бага үнэлнэ. Урьдчилгаа өчүүхэн амсуулах аядаад, гүйцэтгэлийн эцэст төлбөр хийнэ гэж дүрэмдэж, бор хулгануудыг банкны өрөнд шаналаана. Нялх нойтон гөлчгийнүүдээ өлсгөөд алчихгүйн эрхэнд хөөрхий хулгана арайхийж олсон ажлаа хэл үггүй хийхээс өөр аргагүй.  

Ийнхүү төр хэмээгч аймшигтай том эрээн муур, компаниуд хэмээгч бяцхан бор хулгануудыг агшааж цочоож, айлгаж дарамталж, харцаараа хөдөлгөж, хүссэнээрээ хүлээлгэж, үлгэрт гардаг шиг л дураараа жаргана.

Хоёр. Галуу дуурайгч хэрээний үлгэр

Монголчууд эх нутгийнхаа хөрс шороо, цаг уурт таарсан өөрийн гэсэн зам тавих арга ухаантай болох тухай ердөө боддоггүй. Авто замын судалгаа шинжилгээний ажилд нэг ч төгрөг төсөвлөдөггүй. Өвөлдөө хасах дөчин таван хэм жаварлаж, зундаа нэмэх дөч хүрч халдаг говийн замд арай өөр хучилт хэрэгтэй байлтай.

Гэтэл бид эрс өөр орны номыг харанхуйгаар даган, зуу зуун километр зам тавьж, хайран мөнгөө үрэн таран хийсээр л. Зуун километр зам барихаасаа өмнө зургаан метр зам хэдэн янзаар тавьж туршаад, оновчтой материал технологио сонгочихвол сүүлд нь амаа баримгүй байлтай.  

Бид эв хамтыг байгуулж асан далан жилийнхээ турш орос ахаа дуурайн замаа барьж ирсэн. Улайдам халуун, унгадам хуурай Шаргын говьдоо чийглэг дулаан Европын намаг дээр зам барьдаг орос номоор далан босгож, шүдтэй хүний шүд сугарам, шүдгүй хүний шүлс үсрэм дэржигнүүртэй, сайжруулсан зам гэгчийг барьдаг байлаа.

Ямар сайндаа сайжруулсан гэх нэрийг нь жолооч нар егөөдөж, “муужруулсан” гэх алдар хайрлаж, элэг доог хийж, өчнөөн хөрөнгөөр байгуулсан өнөөх замтай нь зэрэгцүүлэн олон салаа шороон зам гарган давхилдаж явахав дээ. Одоо бид огт өөр тивийн, тэс өөр ахын замын стандартыг сохроор дагаж байгаа. Ингэж л бид галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдөг үлгэрийг амилуулан, үлгэрийн юм шиг бүтээн босголтыг цогцлоодог.  

Гурав. Салан баавгайн үлгэр

Монгол дарга тууз хайчилж зам хүлээж авсны маргаашаас эхлээд л өнөөх замаа ор тас мартчихдаг. Ямар сайндаа л  2015 оны төсөвтөө авто замын засвар арчлалтад сохор улаан зоос тусгалгүй таг мартаж, ертөнц даяарын онигоонд орж байх вэ.

Хөгжингүй оронд зам дээр нүх гарчихлаа гэхэд, өчүүхэн жижигхэн байсан ч тэр шөнөдөө багтаагаад нөхчихдөг. Гэтэл монголд бол ийм зэргийн эвдрэлийг “шалихгүй нүх” л гэж үзнэ. Таван жилийн дараа өнөөх “шалихгүй” нүх нь ачааны тэрэг унах дайны том болохоор өчнөөн тэрэг техник дайчилж, сар жилээр замаа хааж, дайн дажин шиг хөлтэй засвар хийнэ. Өчүүхэн нүх байхад нь нөхчихсөн бол мянга дахин бага хөрөнгөөр засна гэдгийг хэн ч сэтгэдэггүй. Сэтгэхийг ч хүсдэггүй.

Монгол улс хийвэл зохих авто зам засвар арчлалтын 30 хувьд дөнгөн данган хүрэх хэмжээний мөнгийг жилийн төсөвтөө тусгадаг гэсэн тоо бий. Бид яг л салан баавгай шиг. Өнөөдөр Дорнодын замыг сугандаа хавчуулаад, өчигдөр тавьсан Баянхонгорын замаа гээнэ. Нөгөөдөр Говь-Алтайн зам эхэлнэ гэвэл өнөөдрийн Дорнодын замаа таг мартана.

Замыг үлгэрийн юм шиг арчилдаг ард түмэн!  

Дөрөв. Дүлий Дүмбийн үлгэр

Авто замын ажлын үнэ ярих гэхээр төр засаг нь дүлий Дүмбэ болчихно. Эдийн засагчид, инженерүүд, мэргэжлийн баг ажиллаад Монголын нөхцөлд 1 км зам барихад дунджаар 971 сая төгрөгийн зардал гарахыг тооцоолчихсон байтал 531 сая төгрөг гээд төсөвлөчихдөг. “Яагаад ч хүрэхгүй, нэмээч!” гэхээр дүлий Дүмбэ.

Бодит тооцооноос бараг хоёр дахин бага үнэ хүчээр тулгаад, чухам ямаршуухан ажил хийлгэх гээд байгаа нь тодорхой гэлтэй. Далангийн шороог стандартад тохирохгүй ч бай хамаагүй хоёр дахин бага зайнаас тат! Индүү найм явах бол дөрөв явуулж, шатахуунаа хэмнэ! Эцэст нь хоёр дахин нимгэн хучилт дэвсэж, зардлаа хэмнэ! гэж шууд хэлсэнтэй утга нэг ойлгогдоно.  

“Тендерийн зарчим буруу байна. Хамгийн бага үнэ хэлсэн нь шалгарна гэхээр хамгийн чанаргүй зам барих компани тендерт ялах болчихоод байна. Өөрчлөөч!” гэхээр бас л жилмэрээ ч үгүй, таг.

Ийнхүү манай замын салбарын эрхтэн дархтанууд үлгэрт гардаг дүлий Дүмбэ шиг л хэнэггүй, сайхан сууцгаана.

Тав. Үлмэдэхийн үлгэр

Хятадад хулхи зам барьсан компанийн захирал шууд цаазаар авахуулдаг гэдэг. Харин Монголд бол эсрэгээрээ. Муу зам тавьсан компанийн эздийг Улсын Их Хурлын гишүүн болгож суга дэвшүүлнэ. Тавигдаад жил болоогүй хэрнээ түмэн цоорхой, мянган атираа болчихсон замын барьсан эзэн тодорхой. Сар луу нисчихгүй нь мэдээж. Гэтэл хэн ч мэдэхгүй. Бүгдээрээ Үлмэдэх царайлна.

Олон улсын санхүүжилттэй төслийн тендерт гадаадын чадалтай компаниуд яагаад ялчихаад байгааг мэддэг хэрнээ, үлмэдэгчийн царай үзүүлнэ. Дотоодын компаниуд нэгдээд, томоохон групп консорциум болоод гаднын хүчтэй компанитай өрсөлдөж болно гэдгээ мэдээд, ойлгоод байгаа хэрнээ бас л үлмэдсэн дүр эсгэнэ.  

Индүү гэдэг асар үнэтэй механизмыг зөвхөн хучилт хийх үед л хэрэглээд, бусад үед сул зогсоох нь ашиггүй гэдгийг бүгд мэднэ. Дан ганц хучилтын ажил, эсвэл зөвхөн далангийн барилгыг дагнаж хийдэг төрөлжсөн компани байгуулвал манайх шиг жижиг оронд хэрэгтэй гэдгийг бүгд ойлгоно. Тэгсэн байтлаа л Үлмэдэх царайлж, үнэтэй техник хэдэн зуугаар нь худалдан авч, сул зогсоож, гаднын үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулна.

Монголын замын салбарын ажил Үлмэдэхийн үлгэрт гардаг шиг л хөгжилтэй, инээх зүйл ихтэй, гайхам сайхан.

Үлгэр жаргаах үг

Монгол замын үлгэр үүгээр жаргаж байна. Цөөхөн монголчууд бид үлгэрт гардаг шиг үйл хийгээд, урхагт муу явдлаа ужигруулаад, энэ чигээрээ удвал Монголын авто замын компаниуд, бүр цаашлаад авто замын салбар, Монголын зам тэр чигтээ жаргаж мэднэ дээ!