М.Энхболд наадмаас өмнө “22-ын товчоо”-ны замын ажлыг дуусгах үүрэг өглөө
2012.06.13

М.Энхболд наадмаас өмнө “22-ын товчоо”-ны замын ажлыг дуусгах үүрэг өглөө

Шадар сайд М.Энхболд Наадмын комиссын ажлыг давхар хариуцдаг. Тэрээр энэ ярвигтай ажлыг олон жил гардаж бараг мэргэжлийн болоод байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгааныхаа ажлын завсар чөлөөгөөр "үндсэн ажил"-аа орхисонгүй. Өчигдөр үүрээр "22-ын товчоо"-н дээр очиж тэндхийн ажлын явц ямар байгааг гэнэт шалгав. Нийслэлээс баруун зүгт гардаг гол замыг энэ хавар задалж өргөтгөх ажил хийгдэж байгаа. Энэ ажлыг зам засварын "Тэргүүн Саруул  зам", "Бэрх зараа" гэдэг хоёр компани авч гүйцэтгэж байгаа юм байна. Нийтдээ арав гаран километр урттай зургаан урсгал бүхий ергөн хурдны замыг долоон сарын арван гэхэд бэлэн болгох үүрэг авчээ. Гэвч ажлын явц хангалттай биш хугацаандаа амжихааргүй байдал харагдсанд Шадар сайд багагүй бухимдаж хатуу үүрэг даалгавар өглөө, Манай замын компаниуд ажил авчихаад тааллаараа ажиллан олон хоногоор иргэд жолооч нарын ажлыг чирэгдүүлж байгаадаа ер санаа зовдоггүй. Энд тэр байдал мөн л давтагдан өглөө аль эрт нар мандчихаад байхад ажилдаа ч гараагүй сууж байв. Хотын түгжрэл дунд ажиллаж байгаа юм шиг элс шороо зөөдөг машинууд нь өдөр тээвэр хийхгүй, замын ажилчид нь хүн хүч багатай удааширсан байдалтай ажил явж байна. Үерийн ус зайлуулах хоолой дээгүүр нэг бетонон гүүр барих ажил яагаа ч үгүй хэвээрээ өнөөдрийг хүрчээ. Шадар сайд "Замын энэ ажлыг долдугаар сарын таван гэхэд дуусга. Ээлжээр ажиллах хүн хүч байвал нэм. Олон түмнийг битгий чирэгдүүлээд бай. Чадахгүй юм бол гэрээгээ цуцалж дараагийн компанийг оруул" гэсэн хатуу даалгавар өглөө.

 

Наадмын дараа замын ажил цааш үргэлжилж одоогийн байгаа авто тээврийн хураамж авдаг товчоо цааш нүүж Шар хөвийн дөрөлж рүү шилжих юм байна. Ингэснээр "22-ын товчоо" биш 27 юм уу 30-ын товчоо гэгдэх болов уу. Төв Шуудангийн өмнөх цэгээс 22 километр зайд барьсан учраас ийм нэрийг авсан түүхтэй гэгддэг. Шадар сайд дараа нь наадмын гол уйл ажиллагаа явагддаг "Хүйн долоон худаг" дээр очиж хурдан морины комиссынхны ажилтай танилцав. Эндхийн ажил харин хэвийн явагдаж байна. Уяачид наадмаас олон хоногийн өмнө гал болон бууж ирцгээдэг. Уяачид, хүн малыг усаар хангах асуудал энэ үеэр босч  ирнэ. Үүнд зориулж шинээр гүний худаг нэмж гаргахаар боллоо. Одоо байгаа худгийн заримынх нь усны нөөц эрс татар-сан юм байна. Мөн морь барианы газарт үзэгчдэд зориулан гурван эгнээ бүхий явуулын сандал хийсэн гэж байна. Мөн морь ирэхийг хүлээж буй наадамчдад зориулан сонирхолтой үзүүлбэрүүд бэлдэж байгаа тухай ярилаа. Хурдан морины уралдааны зам дээр хэд хэдэн айл зусч байгааг даруй нүүлгэх, бэлчээрийг соргог хэвээр нь байлгах, уралдааны зам дээр үүссэн саад нүх зэргийг засч тэгшлэх үүргүүдийг тус тус хийж гүйцэтгэхийг даалгав. Наадмын үеэр 4500 орчим цэгт худалдаа үйлчилгээ хийгдэхээр төлөвлөжээ. Мөн машины зогсоолын хувьд өмнөх жилийнхээс өөрчлөх шаардлагагүй, харин "А" зэрэглэлийн зогсоолд зогсох зөвшөөрлийн тоог нэмж болох юм гэж үзэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.