Хуулиа зөрчвөл сонгуульд дэвшүүлье!
Олны анхаарлыг татаж буй нэг хууль бол “Улс төрийн намын санхүүжилт”-ийн тухай хууль болоод
2015.04.14

Хуулиа зөрчвөл сонгуульд дэвшүүлье!

Монголын төрд нийгмийн гэрээнээсээ дээгүүр дархлагдсан эрх мэдэлтэй хүмүүсийн нэгдэл нь нам. Ардчилсан хувьсгал гарснаар олон намын системд шилжин, олон ургальч үзлийг илүүтэйгээр дэлгэрүүлэх болсон ч иргэдийн хамгийн ихээр сонирхдог зүйл нь намуудыг хэн санхүүжүүлдэг тухай асуулт.

Тиймдээ ч энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудаас олны анхаарлыг татаж буй нэг хууль бол “Улс төрийн намын санхүүжилт”-ийн тухай хууль болоод буй. Гэхдээ хэлэлцэх цаг нь хараахан болоогүй.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулинд  намын санхүүжилтийг ил тод байлгахыг заасан ч намуудын санхүүжилтэнд шилэн дансны хууль нөлөөлөхгүй нь ард түмний хардлагыг ихээр төрүүлж байна.

Саяхан Сант Марал төвөөс долоон аймгийн 1200 гаруй хүнээс судалгаа авахад “Нийт иргэдийн 86 хувь нь улс төрийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай” хэмээн үзжээ. Түүнчлэн иргэдийн 79 хувь нь “намын санхүүжилтийг тодорхой сонирхлын бүлэгт давуу байдал олгож, сонгуулийн өрсөлдөөнийг бууруулж байна” хэмээн дүгнэсэн.

Үнэхээр намын санхүүжилттэй холбоотой бичигдээгүй нэг хууль үйлчлилж буй нь “мөнгөтэй л бол” хэн ч сонгуульд нэр дэвшиж болно гэдгийг батлаад байгаа юм. Жишээ нь 2012 оны сонгуульд АН-ын ҮЗХ-ны гишүүд сонгуульд нэр дэвшихийн тулд 50 сая төгрөг өгсөн гэдгийг намын дарга З.Энхболд хэлсэн.

Гэтэл Улс төрийн намын хуулийн “18.3. Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно” гэж заасан ч хэдэн арван сая, зарим нь бүр тэрбумаар нь хандивлаад байгаа нь хууль зөрчиж байгаа юм.

УИХ-ын 1992 оны сонгуульд 13,6 сая төгрөг зарцуулсан.

Хэрвээ зөрчсөн нь илэрвэл 200-250 мянган төгрөгөөр торгоно. Тиймээс баталсан хуулиа зөрчөөд хандиваа өргөөд сонгуульдаа нэр дэвших нь илүү дээр аж. Түүнчлэн хуулийн “18.4. Нам хандивынхаа талаар нийтэд мэдээлж байна” гэсэн ч хэрэгжихгүй байгааг дээрх судалгаанд оролцогсодын 91 хувь нь намын сонгуулийн болон бус үеийн тайланг үзээгүй гэснээр баталгаажсан. Угаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний юун тухай хэлж байгаа талаар гарахаас биш аль нэг нам хэнээс санхүүжээд түүнийгээ юунд зарцуулж байгаа талаар хэн ч огт ярьдаггүй.

Сонгууль болгоноор нэр дэвшигчдийн сурталчилгаанд зориулж буй хөрөнгө нэмэгдэж байгааг сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд зарцуулсан мөнгөн дүнгийн дунджаар мэдэж болно. 2008 онд нэг нэр дэвшигч дунджаар 20 сая төгрөг зарсан бол 2012 онд 200 сая төгрөг зарцуулжээ.

Мөн Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлдсэн тайлангаас харахад өнгөрсөн сонгуульд намууд 35 тэрбум төгрөг зарцуулжээ. Мэдээж энэ бол нэлээд дарсан тоо. Гэхдээ үүний 90 гаруй хувийг хандивлагчид өгсөн гэж тайландаа тусгасан нь улсын төсвөөс илүү бүтэцтэй байгааг илэрхийлж байгаа юм.

2012 оны сонгуульд 35 тэрбум төгрөгийг зарцуулсан.

Ирэх жилийн сонгуулийн сунгаа эхэлсэн өнөө үед ч гэсэн ирээдүйд зарцуулах мөнгөний хэмжээг тааварлах боломжгүй.

Сонгуулийн үеэр мөнгөтэй нь хамгийн том самбарт өөрийн зургаа тавьж, хөрөнгө багатай нь үлдсэн жижиг самбаруудад сурталчилгаагаа зоодог үзэгдэл сонгууль бүрээр давтагддаг. Гэтэл Германд сонгуулийн үеэр нэр дэвшигчдийнхээ зургийг А4 цаасан дээр ижил байдлаар тавьдаг юм билээ. Харин тухайн нэр дэвшигч олон нийтэд өөрийнхөө болон намынхаа мөрийн хөтөлбөр, үзэл бодлыг сурталчилах зорилгоор сонгогчдын итгэл, үнэмшлийг бий болгох ажлыг маш идэвхтэй хийдэг. Ингэж өрсөлдсөнөөр сонгууль шударга болох суурь нь тавигддаг байна. Гэтэл манайд эсрэгээрээ байгааг захын хүн ууртайхан хэлнэ.

Гэхдээ зөвхөн сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа мөнгө өгдөг гэж ойлговол хэт өрөөсгөл. Мэдээж нэр дэвшихийн тулд ахиу мөнгө өгөх нь ойлгомжтой ч нам нь ялвал гайгүйхан шиг албан тушаалд томилогдохын тулд хандив өргөдөг ч гишүүд бий. Тухайлбал өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам 11.2, МАН 10.1 тэрбумыг зарцуулсан хэмээн сонгуулийн хороонд тайлагнасан. Тайланд МАН-д 2525, Ардчилсан намд 3000, “Шударга ёс” эвсэлд 1300 хүн тус бүр хуульд зааснаар нэг хүртэл сая төгрөг хандивласан бол зөрүүг нь компаниуд хуульд зааснаар 10 хүртэлх сая төгрөг өгсөн гэхэд  болно.

Сант Марал төвийн судалгаа

“Шударга ёс” эвслийн тайланд ганцхан хуулийн этгээд хандив өгсөн нь “ТБД Андууд” ХХК. Мэдээж хандив өргөсөн хүмүүс намынхаа төлөө гэсэн сэтгэл байгаа ч хэзээ нэг өдөр хариу нэхэхээ мэднэ. Тиймээс л аль нам нь ялна тухайн намын гишүүд төрийн албанд томилогддог албан бус хууль үйлчилсээр. Сонгуульд бизнесменүүд ихээр орж байгаа нь намын санхүүжилтийг хяналтаас гаргаж байгааг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.

Ингэснээр төрийн бодлого нийгмийн буюу олон нийтийн шинжтэй биш цөөнхийн төлөө болж хувирах аюултай. Үүнийг нэрт нийтлэлч Баабар “Чөтгөрийн тойрог” гэж нэрлэсэн. Одоо ч гэсэн хэн нэгэн компанийн баян захирал сонгуульд нэр дэвших гээд судалгаагаа хийж байж ч болох юм.

Зарим судлаач, улс төрчдийн хэлж буйгаар сонгуулийн үеийн намын санхүүжилтийг нь төрөөс олгодог болчихвол улстөрийн эрүүл өрсөлдөөнийг дэмжиж, хүчтэй хариуцлагатай намуудын тогтолцоог бүрдүүлэхэд түлхэц болно гэдгийг хэлж байна. Үүний хамгийн том сонгодог жишээ нь Герман улс. Тэнд төр нь намаа санхүүжүүлсний үр дүнд намууд зөвхөн бодлого, мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж шударгаар өрсөлдөх нөхцлийг нь бүрдүүлдэг.

Түүнчлэн нэр дэвшигчээ суртчилах хугацааны үед ч телевизийн цаг болон зурагт самбар, сонингуудад адил тэгш ханддаг байна. Харин манай нийгэмд мөнгөтэй нь телевизийн оргил цагийг авч, төлбөртэй нэвтрүүлгээ ихээр цацдаг систем бараг тогтчихсон гэдэгт хилсдэхгүй. Ийм л зарчим 2000 оноос хойшхи бүх шатны сонгуульд нөлөөлсөн.

Тиймээс сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулинд зайлшгүй өөрчлөлт оруулах нь аль нэг намын ашиг сонирхол гэхээс илүү нийгмийн шаардлага болчихоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхэд 23 нам, эвсэл бүртгэлтэй, 2012 оны сонгуульд 13 нам, хоёр эвсэл сонгуульд оролцсон байдаг.

Хэрвээ шуугианы төвд байгаа “Улс төрийн намын санхүүжилт”-ийн тухай хууль хаврын чуулганаар батлагдвал ирэх 2016 оны сонгуульд нэлээд сайн нөлөөг үзүүлж мэдэх юм.