Сумъяабазар.Д 2015.04.15 | Телевиз: NTV

Д.Сумъяабазар гишүүн дүүргүүдэд ажиллаж байна

Д.Сумъяабазар гишүүн дүүргүүдэд ажиллаж байна
Иргэдтэй уулзлаа

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцтай холбогдуулан УИХ-ын гишүүдэд олон иргэдээс өргөдөл гомдол иржээ.

Иргэдийн санал хүсэлттэй газар дээр нь танилцах зорилгоор энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дүүргүүдэд ажиллаж байна. Тэрээр даваа гарагт Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон бол өчигдөр Сүхбаатар дүүргийн 9, 11, 15 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Дөлгөөн нуур, Шинэ зам орчим буюу нийслэлийн төв хэсэгт амьдардаг есдүгээр хорооныхны хувьд дахин төлөвлөлтөд хамрагдсан эхний хороо аж. 

Нийтдээ 2680 гаруй өрхтэй энэ хорооны иргэдийн нэлээд нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай биечлэн уулзахаар хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний өрхийн эрх ашгийг хөндөж байгаа учраас асуудалд ул суурьтай, нухацтай хандах шаардлагатайг иргэд хэлж байлаа. Хэдийгээр холбогдох байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэд дэмжиж байгаа, амжилттай хэрэгжиж байгаа гэж мэдээлдэг ч бодит байдал өөр байгаа нь эхний уулзалтын үеэр л анзаарагдаж байлаа. 

Нэг талаар төрийн байгууллагуудаас өгч байгаа мэдээлэл дутмаг, тодорхой мэдээллээр хангах үүрэгтэй албан тушаалтнууд иргэдтэй нүүр тулж уулздаггүй, нөгөө талаар төсөл хэрэгжүүлэх гэж байгаа барилгын компаниудтай зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа учраас иргэд бухимдалтай байна. Тухайлбал, иргэн Б.Товуухорол хоёр жил хүлээлтийн байдалтай байгаа, яах ч учраа олохгүй цаг алдаж суугаагаа хэлсэн. Эндхийн иргэдийн хувьд газраа байраар солих, газраа чөлөөлөх сонирхолтой байгаа. Гэхдээ үнэ ханшийн хувьд тохиролцож чадахгүй байгаа аж. 

Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрхэмбаярын хэлснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 9 дүгээр хорооны 92 айл жилийн дотор газраа чөлөөлж, ажил нэлээд урагштай, шуурхай явагдаж байж. Харин 2013 оноос энэ ажил удааширсан гэнэ. Таван жилийн хугацаанд тус хорооны 173 айл газраа чөлөөлж, мөнгөө авсан байна. Есдүгээр хорооныхны хувьд өдгөө тавьж буй гол хүсэлт бол үнэ ханшийн өсөлттэй уялдуулан газрын үнэлгээгээ нэмэгдүүлэхийг хүсч буйгаа илэрхийлж байсан. 

2010 оны үнэ ханшаар газраа чөлөөлөхийг тэд хүсэхгүй байгаагаа учирлаж, өнөөгийн ханштай нийцүүлж газрын үнэлгээг өөрчлөх ёстой гэж байв. Уулзалтын үеэр Д.Сумъяабазар гишүүн энэ ажлыг урагшлуулахын тулд ажил хариуцсан хүмүүс, төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд, ард иргэд ойлголтоо нэг төвшинд аваачих ёстой, иргэдийн санал хүсэлтийг төрд хүргэхэд анхаарч ажиллана гэлээ.