Жижиг дунд үйлдвэрт том бодлого хэрэгтэй
Өнөөдөр улсын хэмжээнд бүртгэлтэй 113 600 аж ахуй нэгжийн 52,7 хувь нь жижиг, дунд үйлдвэр
2015.04.15

Жижиг дунд үйлдвэрт том бодлого хэрэгтэй

Улс орны эдийн засгийг үйлдвэрлэлийн салбар авч явдаг. Тэр дундаа хүн амыг ажилгүйдэл, ядуурал хэмээх аймшигт мангасаас хамгаалж байдаг нь жижиг дунд үйлдвэр.  Өнөөдөр улсын хэмжээнд бүртгэлтэй 113 600 аж ахуй нэгжийн 52,7 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарч, ДНБ-ий 20 га­руй, экспортын 0.7 хувийг үйлд­вэрлэж, эдийн засгийн идэвх­тэй хүн амын 70 орчим хувийг бүрдүүлж бай­на.

Энэ салбар мөнгөөр дутаагүй. Жижиг дунд үйлдвэрт зориулж Засгийн газраас 2006-2014 нийт 569,63 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Зөвхөн Сум хөгжүүлэх санд л гэхэд 2011-2014 онд 84 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Хууль эрх зүйн хувьд аж үйлдвэрийн салбартай холбоотой  27 хууль,  УИХ-ын 16 тогтоол, ЗГ-ын 212 тогтоол бий. Мөн жижиг дунд үйлдвэрлэлд ашиглах 33 чиглэлийн 789 тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.

Гэсэн хэдий ч жижгээсээ дунд, дундаасаа том болсон үйлдвэрлэгчид маш цөөн учраас хэргийн учир мөнгөндөө биш байж таарлаа. 

Асуудал юунд байгааг хэлэлцэж гарц шийдэл хайхаар жижиг, дунд үйлдвэрлэгчид дөрөвдүгээр сарын 14 нд Төрийн ордонд чуулганаа зохион байгуулав. Чуулганы явцад энэ салбарын хөгжлийн тушаа болж буй үндсэн 6 асуудлыг гаргаж тавьжээ. Энэ нь:  

  • Санхүүгийн чадавхи
  • Хүний нөөц
  • Татварын дарамт
  • Ажлын байр
  • Менежмент
  • Жижигхэн зах зээл, борлуулалтын сувгууд юм.

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн чуулган

Эзэндээ очдоггүй зээл

Эхлээд  санхүүгийн чадавхийг аваад үзье. Өдий хэмжээний их зээл өгчихөөд байхад жижиг, дунд үйлдвэрлэгчид яагаад мөнгө муутай байна вэ? Үүний учир нь зээл зориулсан эзэндээ очдоггүй, том компаниудын жижиг охин компаниудыг тэтгээд дуусдаг ажээ.  Хөдөө орон нутагт хүрч буй зээлүүд аймаг, сумын засаг дарга нарын хүрээлэлд шингэдэг, гарт баригдах үр дүн гардаггүй.

Жижиг дунд үйлдвэрт зориулж Засгийн газраас 2006-2014 нийт 569,63 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

Авлигатай тэмцэх газар 2013 оноос эхлэн бүх аймгийг тойрж Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой судалгааг хийжээ. Нийт 123 сумаар явсны 90 хувьд нь гарт баригдах ямар ч ажил байсангүй.  Харин найр наадам болохоор өчнөөн саяар нь зарцуулдаг. Уг нь хуулиараа сум 5 сая, аймаг 10 саяд багтааж наадамлах ёстой ч бараг бүгд давуулсан төсөвтэй гарчээ. Сумдууд бөөн бөөнөөрөө ойгоо тэмдэглэсэн өнгөрсөн зун наадмын төсөв бүр хэтэрсэн. Наадмын байнд зориулж хилээр оруулж ирсэн машины үнэ хэдэн арван тэрбумт хүрсэн тухай ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Орон нутагт байдал ийм байгааг УИХ, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн Тамгын газарт удаа дараа танилцуулдаг ч нүдэн балай чихэн дүлий. Байж байж өнгөрсөн оны сүүлээр Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулалтад Үндэсний аудитын газар шалгалт хийжээ. Эндээс нийт хөрөнгийн 30 хувийг ямар ч үр ашиггүй зарцуулсан гэсэн тооцоо гарчээ.

Түүнээс гадна зээлийн хүртээмжийг бууруулдаг өөр нэг зүйл банкнаас шаарддаг барьцаа хөрөнгийн хэмжээ. Улсаас хэрэгжүүлж буй төслөөс бага хүүтэй зээл авах гэхээр банк зээлийн хэмжээнээс хоёр, гурав дахин илүү барьцаа хөрөнгө шаарддаг. Тиймээс санхүүгийн зах зээлд монополь болсон банкуудын хандыг дарж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Архангайн Цэнхэр сумын "Чипсэн ааруул"

Улсын хөгжил хүний хөгжлөөс эхтэй

Зөвхөн жижиг, дунд үйлдвэр гэлтгүй Монголын аж үйлдвэрийн салбарт агаар ус шиг хэрэгтэй байгаа зүйл бол мэргэжилтэй боловсон хүчин. Хүнээ сургаагүй, хөгжүүлээгүй цагт хичнээн зээл өгөөд ч олигтой үр өгөөж гарахгүй. Өнөөдөр дүүрэг, аймаг, сумдын бизнес инкубатор төвд ажиллаж буй сургагч багш нар жижиг, дунд үйлдвэрлэгчдэд бизнесийн ухааны “А” үсгийг заахын тулд бараг л бага ангийн сурагчдад хичээл заахаас өөрцгүй хэлбэрээр ажиллахад хүрдэг.  Монголчууд аливаа үйлдвэрлэл эхлэхдээ голдуу зах зээлийн ямар ч судалгаагүй, бизнесийн төлөвлөгөөгүй үйлдвэрлэл явуулж эхэлдэг.

Гэвч ганц, хоёр удаагийн сургалтаар  тухайн хүнийг бизнесмен болгох боломжгүй.

2011 онд сумдад 180, аймгийн төв суурин газруудад 75, 2012 онд орон нутагт 135 сургалтыг улсын төсвөөр зохион байгуулжээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 71 бизнес инкубатор төв, бизнесийн хөгжлийг дэмжих төв, аж ахуй эрхлэлтийн сургалтын төвүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж ЖДҮ, бизнес эрхлэгчдэд зориулан сургалтууд зохион байгуулж, зөвлөгөө өгчээ.

Гэвч ганц, хоёр удаагийн сургалтаар  тухайн хүнийг бизнесмен болгох боломжгүй. Тиймээс мэргэжилтэй, бизнесийн мэдлэгтэй хүмүүс бэлтгэхийн тулд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн төгсөгчдийг чадваржуулах, чанаржуулах нь анхаарах ёстой ажил болоод байна.

Дорноговь. “Хутагтын говийн тэмээчин” хоршоо. Н.Эрдэнэбилэг: "Ингэ саадаг хүн олдохгүй хэцүү байна даа хө"

Дунд үйлдвэрлэлээ гадуурхсан жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого

Монголын төр үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярих мөртөө үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх яг тэр хэсгээ татвараар дарамталдаг.  Монгол улс татварын ачаалал өндөр орнуудын нэг.  ААН бүр нийт борлуулалтын орлогоосоо НӨАТ-ын 10 хувь, ажиллагсдынхаа өмнөөс цалингийн сангийн 10 хувиар хүн амын орлогын татвар, дахиад 20 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд, эцэст нь цэвэр ашгийнхаа 10 хувиар тус тус татвар төлдөг. Ингээд татварын ачаалал нийт орлогын 47 хувьтай тэнцэж байна. Дээр нь ажилчиддаа цалин өгнө.

Дунд үйлдвэрлэгчдийг гортигоос шахаж гаргасан хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт төр жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого явуулахдаа дунд үйлдвэрлэгчдийг биеэ даасан, дэмжлэг шаардлагагүй хэмээн үзээд хөнгөлөлттэй зээл олгохдоо, тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхдөө голдуэу бичил болон жижиг бизнес эрхлэгчид рүү чиглэдэг. Үр дүнд нь дунд хмжээнд очсон мөртөө томордоггүй, төрөл бүрийн татвараас болоод цаашаа явж чаддаггүй дүр зураг бий болжээ.  Өнөөдөр зөвхөн бор зүрхээрээ жижгээсээ дунд болж, дундаасаа томорсон ААН Монголд тун цөөн. Харин улс төрийн аргаар, ар өврийн хаалгаар, хээл хахуулийн замаар томорсон нь олон.

Өнөөдөр зөвхөн бор зүрхээрээ жижгээсээ дунд болж, дундаасаа томорсон ААН Монголд тун цөөн.

Дунд үйлдвэрлэгчид олсон орлогоо татвар, зарлага хоёртоо зориулаад дуусдаг учир тэдний өмнө тулгараад буй хамгийн зовлонтой асуудал нь мөнгө олох. Банкнаас байгууллагын зээл авъя гэхээр хэтэрхий өндөр хүүтэй, их барьцаа шаарддаг.  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Бизнес инкубатор төвүүд ажилладаг ч тэнд бичил үйлдвэрлэгч, жижиг үйлдвэрлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас дунд хэмжээний бизнесменүүдийг дэмжсэн төрийн бодитой бодлого байдаггүй.

Саяхан Чингис бондын хөрөнгөнөөс компаниудад зээл олгосон. Гэхдээ мөнгө нь нөгөө л банкуудаар дамждаг учраас даварсан хэдэн банк нь хэтэрхий өндөр барьцаа шаардана. Тухайлбал тухайн компани 200 сая төгрөгийн барьцаа гаргалаа гэхэд дөнгөж 100 сая төгрөгийн зээл өгөх жишээтэй.  

Гэр ажлын байр мөн үү? 

Өнөөдөр жижиг хэмжээний үйлдвэрлэгч буюу өрхийн үйлдвэрлэгчдэд тулгамдаад буй гол асуудал нь ажлын байр, ажлын байрны түрээс. Ихэнх өрхийн үйлдвэрлэгчид гэртээ бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Нэг талаар өрхийн үйлдвэрлэлээ гэрийн ажилтайгаа хослуулна гэхээр давуу талтай мэт боловч нөгөө талаар гэр бүлийн уур амьсгалд сөрөг нөлөөтэй. Гэр дотор нөгөө л ноос үс, даавууны өөдөс хөглөрч, цавуу үнэртэнэ. Зарим айлын хүүхдүүд ноосны харшилтай болчихсон байх жишээтэй. Гэр бүлийнхэн нь ч тайван амьдарч чаддаггүй. Тийм орчинд үйлчлүүлэгч хүртэл удаан байхыг хүсэхгүй ш дээ. Үйлдвэрлэгч өөрөө ч хөгжиж чадахгүй. Аюулгүй байдал, бүтээмжийн аль алиныг нь бодсон ч тусгай газар үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Гэртээ ажилладаг хүн цагаа зөв ашиглаж чаддаггүй, сатаарах зүйл олонтой учраас үйлдвэрлэгчид маань хоорондоо хоршиж байж ажлын байраа барих юмуу түрээсэлж, үйлдвэрлэлээ өргөтгөж, ашиг орлогоо нэмэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Харин төрийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ зориулаад түрээс багатай томоохон худалдааны төвүүд бариад өгчихвөл том дэмжлэг болох юм.

Нийслэлийн ЖДҮ-ийн газрын дарга Б.Одгэрэл: "Өрхийн үйлдвэрлэгчид маань аль болох гэрээсээ гарч үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй"

Жижиг дундын салбарын олон том толгой

Орчин үеийн ертөнцөд аль ч улсын эдийн засгийн хувьд хамтын менежмент гэдэг амжилтын үндэс болоод байна. Харамсалтай нь эрт дээр үеэс ганц ганцаараа нүүдэллэсэн монголчууд хамтарч ажиллах дургүй, харин нэг нэгнээ хардах зантай.  “Ганц мод гал болдоггүй” гэсэн ардын зүйр цэцэн үгийн үндсэн зарчмыг Монголын эдийн засагт хэрэгжүүлэх хэрэгтэй байна.  Зах зээлийн хөгжингүй эдийн засагтай орнуудад компаниуд кластерын системээр ажилладаг. Энэ нь хэдэн компани бүлэг болоод дундаасаа хөрөнгө, чадамжаараа давуу нэгэн толгой компани сонгодог. Харин нөгөө талд нь хэд хэдэн нийлүүлэгч компани ажиллаж толгой компанид хэрэгтэй боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүний бэлдэцүүдийг нийлүүлдэг. Түүнээс гадна маркетинг, хүний нөөц хариуцдаг өөр компаниуд ажиллах жишээтэй. Хувцас үйлдвэрлэдэг нэг том компани байлаа гэж бодоход ханган нийлүүлэгчид нь олон жижиг компани байдаг. Нэг компани утсыг нь ээрээд өгчихөд, нөгөөх нь ханцуйг нь оёчихдог гэх мэт.

Хонх нь дуугаравч дамар нь таг

Уг нь төрийн байгууллагууд зөвхөн дотоодоос хангамжаа авч байх тухай Засгийн газрын тогтоол  бий. Энийг л одоо хэрэгжүүлмээр байна.

Монголчууд цөөн байдгийн нэг төвөгтэй тал нь олон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд хэнд зарах вэ гэдэг асуудал гардаг.  Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид тэр чигээрээ эсгий таавчиг хийгээд эхэлвэл эсгий таавчигны зах зээл тэр дороо дампуурна. Чухам энэ асуудал дээр Монголын төр туршлагагүйтдэг.  Гадаадын орнуудад мөнгө өгөхөөсөө илүүтэй бодлогоор дэмждэг. Бодлогоор гэдэг нь борлуулалтаар нь дэмжинэ гэсэн үг. Төр өөрөө жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн мөртөө төрийн байгууллагууд нь дотоодоосоо хангамжаа авалгүй гадны үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд байвал утгагүй хэрэг. Уг нь төрийн байгууллагууд зөвхөн дотоодоос хангамжаа авч байх тухай Засгийн газрын тогтоол  бий. Энийг л одоо хэрэгжүүлмээр байна. Харин үйлдвэрлэгчдийн хувьд үнэ дээрээ бодит буулт хийх хэрэгтэй.

Жижиг дундын бүтээгдэхүүн газар авдаггүйн бас нэг шалтгаан нь гадны зах зээлд гарах суваг хаалттай байдаг явдал. Үүний нэг том хаалт нь стандарт. “Монголын 2500 нэр төрлийн бараа Европ руу татваргүй гарах бололцоотой. Харамсалтай нь өнөөдөр бид хэдэн мянган захиалга оллоо ч гэрээ хийх гэхээр нөхцөл нь байдаггүй” гэж ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгэн компаний захирал ярьж байлаа.