Хүчтэй салхи түймрийг дэгдээж, 22 айл орон гэргүй болов
Онцгой байдлын ерөнхий газар
2015.04.16

Хүчтэй салхи түймрийг дэгдээж, 22 айл орон гэргүй болов

Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, түймрийн голомттой аймгууд руу ажлын хэсгээ явууллаа

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн нутагт хээрийн түймэр тархаж, нэг сум бүхэлдээ шатаж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байгаа талаар өчигдөр цахим хуудсуудаар мэдээлэл цацагдаж, хүн бүхэн мэдээллийг түгээсэн. Тэгвэл энэ талаар болон улсын хэмжээнд гарч буй түймрийн талаар, ОБЕГ, улсын онцгой комисс хэрхэн ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.  

Уг мэдээллийг Улсын онцгой ко­миссын нарийн бичгийн дарга, онц­гой байдлын хурандаа М.Энх-Амар, Монгол Улсын Ша­дар сайдын зөвлөх Н.Учрал, Гал түймэртэй тэмцэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ц.Нямбаяр, Гал түймэртэй тэм­цэх газрын дарга, онцгой байд­лын хурандаа С.Залуухүү нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр зарим хүмүүсээс мэдээлэл ав­лаа. 

М.Энх-Амар: Түймрийн шалтгаан, эзэн холбогдогчдыг тогтоох ажлыг эрчимжүүлнэ

/Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа/ 

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт тархсан хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян овоо сумын I багаас баруун зүгт 30 км зайтай Яруу гэдэг газар гарсан бөгөөд  цааш дэлгэрч Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамарч тархсан байна.

Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс хурал­даж, Хэнтий, Сүхбаатар, Дор­нод аймгуудад гарсан хээ­рийн түймрийн улмаас учир­сан хохир­лыг тогтоох, нэр­вэг­дэгс­дэд тусламж үзүүлэх, орон нут­гийн Онцгой комисст заавар зөв­лөмж өгөх, тулгамдсан асууд­лыг газар дээр нь шийд­вэр­лэх арга хэмжээ авах аж­лын хэсгийг Улсын Онцгой комис­сын дарга, Шадар сайд У.Хүрэл­сүхийн тушаалаар бай­гуул­лаа. 

Ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах бөгөөд ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтаж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /өчигдөр/ зүүн аймгуудыг зорьсон. Гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шуурхай удирдлагаар хангаж ажиллана. 

Мөн хээрийн түймрийн улмаас хорогдсон малын тоо толгойг тодорхойлох, малчид, иргэдийн эд хөрөнгө болон байгаль экологид учирсан хохирлыг тогтоох, хор уршгийг арилгах чиглэлээр санал дүгнэлт боловс­руулах, түймрийн шалт­гаан, эзэн холбогдогчдыг тог­тоох ажлыг эрчимжүүлэх зэрэг шаардлагатай арга хэм­жээг газар дээр нь шуурхай зохион байгуулахыг Улсын Онц­гой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх ажлын хэсэгт үүрэг болгосон. 

Мөн сумдад гарсан  ой, хээрийн түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зорилгоор улсын нөөцөөс орон гэргүй болсон 22 айл өрхөд гэр олгох асуудлыг шийдвэрлэсэн. 

Ц.Нямбаяр: Хилийн ... тоот баганаар түймэр орж ирлээ гэсэн мэдээлэл ирсэн 

/Гал түймэртэй тэмцэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа/

Он гарсаар Монгол Улсын хилийг давж ОХУ-аас гурван удаагийн түймэр орж ирсэн. Тухайн түймрүүдийг ОХУ-тай хил залгаа Дорнод аймгийн ОБГ-ын алба хаагчид ажиллаж унтраасан. Яг өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул сум, Хэнтий аймгийн Дадал сумын зааг, ОХУ-тай хиллэдэг нутгаар бол хилийн ... тоот баганаар түймэр орж ирлээ гэсэн мэдээлэл ирсэн байна. 

Энэ мэдээллийн дагуу Дорнод, Хэнтий аймгийн ОБГ-аас түймрийн голомтот бүсэд ажиллах алба хаагчдыг томилж, унтраалгах арга хэмжээ авч ажиллаж байна. Хилийн бүс нутаг гэдэг өөрөө онцлогтой. Төв орон нутгаас алслагдмал зайтай, зам бартаа ихтэй, хүрэлцэн очиход нэлээдгүй цаг хугацаа шаарддаг учраас эхний ээлжинд сум, орон нутгаас алба хаагчдыг явуулж түймэр унтраалгах ажлыг явуулж байна. ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран ажилладаг. Хил орчмын гамшигтай тэмцэх талаар жил болгон уулзаж, хамтран ажиллах хүрээнд ярилцдаг. 

Үүний дагуу ОХУ-ын Монгол Улсын хилтэй ойролцоо нутаг дэвсгэрт гарсан түймрийн мэдээ мэдээллийг ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Өвөр байгалийн газраас ирүүлж, харилцан мэдээлэл солилцож ажилладаг. Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Дорнод аймагт гарсан түймрийн мэдээллийг Өвөр байгалийн газраас манай ОБЕГ-т мэдээлсэн. Түшиг суман дээр гарсан түймрийг Сэлэнгэ аймгийн ОБГ-ын алба хаагчид цурманд оруулсан. 

Тухайн бүс нутаг дээрээ хүрэлцэн очиход Сэлэнгэ аймгийн төвөөс 130 орчим км зайтай, замын бартаа саад ихтэй учраас алба хаагчид маань туулах чадвар сайтай машинаар найман цаг явж байж түймэр дээр очиж, түймрийг тархаан дэлгэрүүлэхгүй цурманд оруулаад ажиллаж байгаа. Өнгөрсөн хоногуудад Монгол орны нутаг дэвсгэрийг нийтэд нь хамарсан хүчтэй шороон болон цасан шуурга шуурлаа. Цаашдаа цаг агаарын нөхцөл байдал 17, 18, 20-ны өдрүүдэд салхи шуурга эрчимжих төлөвтэй байна. 

Энд хэлэхэд, түймэр гарч байгаагийн гол шалтгаан нөхцөл бол иргэдийн санамсар болгоомжгүй байдалтай холбоотой. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн зүүн хэсэгт орших хогийн цэгээс түймэр алдагдаад гараад явчих жишээтэй. Тэгэхээр ард иргэдэд хандаж юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл гарч байгаа түймрийн дийлэнх шалтгаан болоод байгаа санамсар болгоомжгүй үйлдлээ таслан зогсоож, ил гал түлэх, халуун үнс нурмыг ил задгай асгах зэрэг үйлдэл гаргахгүй, хариуцлагатай, хянамгай байх хэрэгтэй. Тэгэхгүй иргэдийн санамсар болгоомжгүй байд­лаас үүдэн гарсан гал хүчтэй салхинд авалцаж, их хэмжээний талбайг хамрах, эдийн засгийн болоод эрүүл мэнд, амь насаараа ч хохирох магадлал өндөр учраас иргэн бүр үүнийг анхаарах хэрэгтэй байна. 

С.Залуухүү: Түймэр сумын төвд нэг км орчмын зайд ойртож ирсэн

/Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа/

Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд орж ирсэн түймрийг бүрэн унтраагаад байна. Энэ сарын 13-ны 17.00 цагийн орчимд нөхцөл байдал хүндэрч салхины хурд 18 м/сек-25 м/сек хүрч, чиглэл өөрчлөгдсөн нь түймрийг унтраахад маш их хүндрэл учруулсан. Салхины чиг өөрчлөгдөж түймэр Түмэнцогт сумын төвд нэг км орчмын зайд ойртож ирсэн. Иймээс Шадар сайд эхний ээлжинд сумыг гал түймрийн аюулаас гарга гэсэн чиглэл өгсний дагуу ажилласан. 

Энэ үүргийн дагуу зүүн гурван аймагт байрлан ажиллаж буй манай алба хаагчдаас гадна Говьсүмбэр, Дорноговь аймаг болон нийслэлийн Багануур дүүргийн онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн иргэд шуухай ажиллаж түймрийг унтрааж, голомтыг дарсан. Одоогоор түймрийн улмаас ард иргэдэд болон байгаль экологид учирсан хохирлын хэмжээ тогтоогдох боломжгүй. Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж тогтоохоор ажиллаж байгаа. 

Эхний мэдээллээр Хэнтий аймагт хоёр, Сүхбаатар аймагт 16 айлын гэр шатсан. Тус 18 айлд улсын нөөц сангаас гэр олгохоор шийдвэрлэсэн, гэрийг өнөөдөр /өчигдөр/ ачуулна. Түймрийн улмаас хүний амь насанд хохирол учраагүй байна. Түйрмийг унтраахад хүн хүч хүрэлцээтэй, техник хэрэгсэл хангалттай байсан ч байгаль цаг уурын нөлөөллөөс саад учирч байсан. 

Залуучууд санаачилга гаргаж, мэдээлэл өгч, түймрийн голомтод ажиллахаар явж буй нь сайшаалтай ч сэтгэлийн хөөрлөөр, болгоомжгүй хандсанаас өөрс­дийн амь насандаа эрсдэл уч­руулах магадлалтай. Сүхбаатар айм­гийн Түмэнцогт сумын харьяат ард иргэд холбогдсон. Бид­ний зүгээс мэргэжилтэн томилж цуг явуулсан.

...Манай улсад оны эхнээс өчигдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой хээрийн түймэр гарч, 213 га ой, 225.273 га ой, хээрийн бүс шатсан байна. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад гарсан байна. 

Дорнод аймагт 17 удаа, Хэнтий аймагт найм, Сүхбаатар аймагт 10 удаа тус тус ой хээрийн түймэр гарсан бөгөөд түймрийг унтраахад Онцгой байдлын албанаас 827 албан хаагч, 78 автомашин, Хилийн цэргээс 236 албан хаагч, 14 автомашин, цагдаагийн байгууллагаас 12 албан хаагч, орон нутгаас 1979 иргэн, 234 автомашин, 47 мотоцикль, нийт 3054 хүн, 326 автомашин, 47 мотоцикль тус тус дайчлагдан ажиллажээ. 

Эдгээр ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад түймрийн тоо 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа учраас Засгийн газрын 106 тоот тогтоолын дагуу аймаг, орон нутгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, түймрийн улмаас учирсан байгаль, экологи, эд материалын хохирол, унтраахад гарсан зардлыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. 

Үүнээс гадна ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй Архангай, Булган, Орхон, Завхан Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг нийт 10 аймгийн 57 суманд 330 ажилтан, албан хаагч, 55 автомашин, техниктэй байнгын болон хөдөлгөөнт хяналтын цэг /пост/ гарган ажиллуулжээ. Мөн Увс, Төв, Сэлэнгэ аймгууд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гарсан түймрийг шуурхай илрүүлэх, унтраах зорилгоор хяналтын /пост/ цэгийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулж эхэлжээ. 

Хээрийн түймэр тархах магадлал өндөр 

Сүхбаатар аймгийн Түмэн­цогт сумын нутагт хээ­рийн түймэр гарч, түймэрт олон айлын хашаа хороо, мал амьтан шатаж байгаа талаар фэйсбүүк хуудсаар Munkhbat Batjargal гэдэг хүн уржигдар мэдээлж, нэмэлт хүч яаралтай хэрэгтэй байгаа талаар дуулгасан. Түүний мэдээлснээр “Гал сумын төв рүүгээ дөхөөд ирчихсэн, төөнөж юу юугүй шатахдаа тулаад техник хэрэгсэл дутмаг, маш хүнд байна. Хэнтий, Сүхбаатар аймгийн онцгой байдлын албан хаагчид, сумын нийт эрчүүд гээд 290 гаруй хүн өчигдөржин тэмцээд үүрээр арай гайгүй болгосон. 

Гэтэл өнөөдөр салхи ширүүсч нурам нь гал авалцаж, дахиад байдал бүр хүндрээд байна гэнэ. Хүн байгаа ч техник хэрэгсэл дутмаг хүчрэхгүй байна гэнэ. Чулуунбаатар гуайн хэдэн мал хашаа хороо түймэрт өртсөн сурагтай” гэсэн юм. Харин Сүхбаатар аймгийн Гамшгаас хамгаалах төвийн бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батгэрэл “Онцгой байдлын албан хаагчид бүхий л нөөц бололцоогоо ашиглан томоохон галуудыг цурманд оруулж чадсан. Салхины хүч их байгаа болохоор бүрэн унтраахад хүндрэл учирч байна. 

Түймэр сумын төв рүү 500 орчим метрт орж ирсэн. Гэхдээ тэрхүү галыг цурманд оруулж, унтрааж, галын чиглэлийг өөрчилж чадсан. Одоо сумын иргэдэд аюулгүй болсон. Харин түймэр гарсан газруудад нэлээд олон тооны мал, айлын гэр, хороо хот сүйдсэн мэдээ байна. Хүн эндсэн гэх мэдээлэл одоогоор алга. Урьдчилсан байдлаар 10 орчим айлын хороо хот, гэр орон, тодорхой хэмжээний мал түймэрт өртсөн гэх мэдээллийг өгөөд байна. Тодорхой, нарийвчилсан мэдээлэл түймрийг бүрэн унтраасны дараа гарах болно. Нэлээд хүндрэл гарлаа. 

Түймэр гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Хэнтий, Дорноговь аймаг болоод аймгийн онцгойгийн албан хаагчид, сумдын аврах албаныхан гээд 247 хүний бүрэлдэхүүнтэй, 26 авто машин түймрийг унтраахаар ажиллаж байна. Ерөнхий газраас бидэнд болоод аймгуудын аврах албаныханд үүрэг өгч, түймрийн бүс рүү илгээж байгаа. Өглөө 09.00 цагийн үед нүдгүй цасан шуурга тавьж байсан бол одоо намжсан байна” хэмээн мэдээлсэн юм. Хамгийн сүүлд авсан шуурхай мэдээгээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан гэх газрын ойролцоох цурамнаас дахин гал гарсан тул галыг унтраахаар Онцгой байдлын албаны гурван бүлэг ажиллаж байгаа юм байна.

Түймрийн улмаас 22 айл орох оронгүй боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн мэдээллээр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарч, улмаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдын нутгийг хамарсан түймрийн талаар танилцуулсан. Тус түймрийг өнгөрсөн шөнө /2015.04.14-ний/ цурманд оруулсан байна. Гэсэн ч харамсалтай нь түймрийн улмаас Хэнтий, Сүхбаатар аймагт  22 айлын гэр, хашаа хороо шатжээ. 

Азаар хүний амь нас эрсдээгүй ч одоогоор түймрийн хохирлын хэмжээг албан ёсоор гаргаагүй байгааг мэдэгдлээ. Мөн Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, түймэрт өртсөн айлуудад гэр олгохоор шийдвэрлэж, гэрүүдийг ачсан машин хөдөлсөн гэсэн юм. Түүнчлэн түймрийн улмаас тус сумын баруун, зүүн, хойд талын айлууд үндсэндээ бэлчээргүй болсон. 

Мөн цурманд хүн, мал байх аргагүй тул зайлшгүй нүүх шаардлагатай болоод байгааг нутгийн иргэд хэлж байгаа гэнэ. Иймд Түмэнцогт сумын залуучууд “Сэтгэлийн дэм-дуслыг хурааж далай” аяныг өрнүүлж, гэр, мал нь шатсан, түймэрт өртөж, хохирол амсаад байгаа иргэдэд туслахаар болжээ. Байгалийн аюулт үзэгдлээс болж хохирол амссан иргэдэд туслах аянд хүн бүр оролцох боломжтой юм байна. Тэдгээр залуус 5000649221-Хандивын дансанд хүн бүхэн нэгдэж, хандив өгөхийг уриалж байна.