Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбоход жилд 100-160 тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэгтэй
зам..
2015.04.17

Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбоход жилд 100-160 тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэгтэй

Монголын авто замчдын холбоо, "Хера Экупмент" групп, Авто зам тээвэр хөгжлийн төв, Нийслэлийн авто замын газар, МХЕГ зэрэг төр, төрийн бус байгууллагууд хамтран "Авто зам экспо-2015" бага хурал зохион байгууллаа.

Энэ экспод гадаад дотоодын 50 гаруй компани оролцож ханган нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, техник, технологио танилцуулсан билээ. Зам дагаж хөгжил гэдэг. Авто замын сүлжээ сайн байх нь улсын хөгжил, иргэдийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Ингээд газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д ордог. Манай улс нийт 6734.4 км урт сайжруулсан авто замтай бөгөөд үүнээс хатуу хучилттай нь 3015.6 км юм.

Мөн нийт 1815 км урт төмөр замтай. "Монгол Улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайлан 2010"-т авто замын сүлжээний нягтрал гэсэн үзүүлэлтээр манай орны нэг хавтгай дөрвөлжин км газарт 0.01км зам ноогдож буй судалгаа гарсан. Иймд зам харилцаагаа хөгжүүлэх нь чухал гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрдөг. Ирэх жил гэхэд бүх аймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох төлөвлөгөө бий.

Зам, тээврийн яамны мэдээлснээр Алтай- Дарви чиглэлийн 263 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 129, Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто замын барилгын төслүүдийг концессын гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлээд  байгаа юм. Манай улс жилд дунджаар 500-800 км зам барьж байж ирэх жил гэхэд аймгийн төвүүд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоо судалгаа гарсан байдаг. Энэ ажлыг хийхийн тулд жилд дунджаар 100-160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Энэ нь манай улсын ДНБ-ийн хоёр орчим хувьтай тэнцэнэ гэсэн үг. Монгол Улсын Засгийн газраас сүулийн жилүүдэд зам тээврийн сүлжээнд зарцуулсан хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдэж ирсэн.

Тухайлбал, 2009 онд 94.7 тэрбум, 2010 онд 109.2 тэрбум байсан бол 2011 онд 166.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ нь өнгөц харахад тооны хувьд өссөн үзүүлэлт билээ. Өөрөөр хэлбэл, үр дүнг нь тооцоод үзвэл зам засвар хийх төдий явж ирсэн гэж хэлж болно. Харин сүүлийн гурван жилд 1000 гаруй км хатуу хучилттай авто зам шинээр тавьжээ.  Авто замын чанар муу, хөгжил саармаг байгаа нь чадварлаг инженер, техникийн ажилтан, мэргэжлийн боловсон хүчнээр дутмагтай холбоотой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Мөн техник хангамжийн хүрэлцээ муу, цаг агаарын өвөрмөц онцлогт тохирсон технологи, стандарт байхгүй холбоотой.