Байна уу? Ерөнхийлөгч үү?
Ерөнхийлөгчид ард түмэнтэйгээ хэрхэн ярилцдаг талаар сонирхуулж байна
2015.04.17

Байна уу? Ерөнхийлөгч үү?

Дөрөвдүгээр сарын 16 нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард түмэнтэйгээ шууд холбогдож асуултад хариулав. Иргэд мессеж, дуудлага, видео хандлагын байдлаар 3 сая гаруй асуулт тавьжээ. Төрийн тэргүүн ард түмэнтэйгээ мэдээллийн сувгаар ярилцхах практик нэлээд эртний түүхтэй. 

Задгай зуухны дэргэдэх яриа

АНУ-ын ерөнхийлөгч агсан Франклин Делано Рузвельт 1933-1944 онд радиогоор дамжуулан ард түмэндээ хандаж ярьдаг байсан нь түүхэнд “fireside chats” буюу “задгай зуухны дэргэдэх яриа” нэрээр үлджээ.  Рузвельт анх удаа Нью-Йорк мужийн сонгуульд нэр дэвшихдээ энэ аргыг хэрэглэжээ.  Тэрээр иргэдээс ирсэн захидал дотроос хамгийн тулгамдсан гэж үзсэн асуултуудад хариулах маягаар сонгогчдыг өөртөө татсан нь маш үр дүнтэй арга болжээ. 

Харин Цагаан Ордонд амьдрах болсон цагаас түүний санааг энгийн хүмүүст хүргэхийн тулд Америкийн суртал ухуулгын машин бүрэн хүчээрээ ажиллаж эхлэв. Гэхдээ ганцхан задгай зуухны дэргэдэх яриа хамгийн үр дүнтэй арга болов. Ерөнхийлөгч албан бус, энгийн байдлаар радиогоор аливаа өөрчлөлтийн талаар тайлбарлаж, цуурхлыг зогсоож, хүн амын дунд үүссэн түгшүүрийг арилгадаг байлаа. Ерөнхийлөгчийн яриа 15-45 минут үргэлжилдэг байв. Рузвельт өөрийн санааг хүмүүст ойлгуулахын тулд хамгийн энгийн үг сонгож, үе үе хошигнодог байж.  Түүнд өөрт нь ч гэсэн ярианы иймэрхүү хэв маяг таалагддаг байлаа. Үр дүнд нь Рузвельт айл болгоны гэрт зочилж ард олны амьдралыг өөрчлөх шийдвэрт шууд нөлөөлж байгаа юм шиг уур амьсгал бүрдэв.

Франклин Делано Рузвельт

АНУ-ын дараагийн ерөнхийлөгчид ч гэсэн энэ аргыг үе үе хэрэглэдэг байлаа. Рональд Рейган 1982 онд бямба гараг болгонд ард түмэндээ хандаж үг хэлэх болов. Тун удалгүй телевизийг ашиглаж эхэлжээ.  Тэр цагаас хойш энэ нь уламжлал болсон юм. Хамгийн сүүлд Барак Обама орчин үеийн технологийг ашиглан шинэ хэлбэрийг нэвтрүүлж бямба гараг болгонд Ерөнхийлөгчийн ард түмэнд хандаж хэлсэн үг Цагаан Ордны сайт, Youtube-д дүрс бичлэгээр тавигддаг боллоо.

Ерөнхийлөгчийн шоу

Өмнөд Америкт энэ тал дээр Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавесыг гүйцэх лидер байсангүй.  Alo Presidente («Байна уу, Ерөнхийлөгч») нэртэй шоуны эхний дугаар 1999 оны  тавдугаар сарын 23 нд, сүүлийнх нь 2012 оны нэгдүгээр сарын 29 нд цацагджээ. 

13 жилийн хугацаанд Чавес ням гараг болгоны өглөөний 11 цагт телевизээр гардаг байв. Нэвтрүүлэг 4-8 цаг үргэлжилнэ.  Улаан цамцтай Уго Чавес шууд эфирээр мужуудтай холбогдож, иргэдийн асуултад хариулж, сайдуудын хийсэн ажлын тайланг сонсож, Венесуэлчүүдэд саад болдог Америкийн империалистуудыг шүүмжилдэг байв. Нийт 378 дугаар цацагдсан байна. Нэвтрүүлгийн хэв маяг аажмаар өөрлөгдөж байлаа. Эхлээд Чавес голдуу энгийн хүмүүстэй ярилцаж, хэлсэн асуудлыг нь харандаагаар бичиж тэмдэглэхийн зэрэгцээ сэтгэл дундуур нэгнийг нь тайвшруулдаг байсан бол сүүлдээ шоу нь философийн яриа шинжтэй болж иржээ.

Alo Presidente нэвтрүүлгийг хаана хийх нь чухал биш

Чавесын илтгэх чадвартай тэнцэх лидер Латин Америкт алга байв. Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа El Presidente dialoga con el pueblo («Ерөнхийлөгч, ард түмний харилцан яриа») нэвтрүүлэг эхлүүлж экспертүүдтэй шууд эфирээр ярилцаж үзэгчдийн твиттерээр илгээсэн асуултуудад хариулдаг болсон байна. Сальвадорт Маурисио Фунес Чавесын адилаар Conversando con el Presidente («Ерөнхийлөгчтэй ярилцахуй») төсөл хэрэгжүүлэхийг оролдов.  Гэвч телевизийн нэвтрүүлэг бүтэлгүйтэж адилхан нэртэй радио нэвтрүүлэг бий болов.

Бразильчууд америк хэв маягийг сонгожээ.  Даваа гараг болгонд Café con el Presidente («Ерөнхийлөгчтэй уух кофе») нэвтрүүлэг гардаг.  Анх энэ нэвтрүүлгийг ерөнхийлөгч асан Лула да Сильва санаачилж өнгөрсөн долоо хоногт юу хийсэн, ирэх долоо хоногт юу хийх тухай ярихын зэрэгцээ Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийн утга учрыг тайлбарладаг байв. Үүнтэй төстэй Habla el Presidente буюу «Ерөнхийлөгч ярьж байна» нэвтрүүлэг Уругвайд байдаг. 

Боливийн ерөнхийлөгч Эво Моралес бусдыгаа дуурайхыг хүссэн ч  энэ санаанаасаа татгалзахаас аргагүй болжээ.  Учир нь Боливын хүн амын 40 хувь нь испаниар ярьдаггүй, 20 гаруй хувь нь кечуа хэлтэй ажээ. Аймар овгийн индиан гаралтай Моралес испани хэлээр нэвтрүүлэг гаргах нь зохимжгүй байв.