Сумъяабазар.Д 2015.04.21 | Сонин: Өнөөдөр сонин

Гэр хорооллын газрын үнийг хямд тогтоосон байна гэв

Гэр хорооллын газрын үнийг хямд тогтоосон байна гэв
Гэр хороолол

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, гэр хорооллын дахин төлөвлөлттэй танилцсан гишүүдийн мэдээллийг сонсчээ.

УИХ-ын өргөдлийн байнгын хороонд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой нэлээд санал гомдол ирсэн байна. Үүний мөрөөр Д.Сумъяабазар тэргүүтэй гишүүд газар дээр нь очиж танилцжээ. Улаанбаатар хотын 24 байршилд гэр хорооллыг дахин төлөвлөхөөр ажил эхлүүлээд буй.

Эдгээрийн 90 орчим хувийнх нь ажил эхлээгүй, газраа бүрэн чөлөөлж чадалгүй суурь цутгаад орхисон байдалтай байжээ. Д.Сумъяабазар гишүүн "Газрын ам метр талбайг 70-80 мянган төгрөгөөр үнэлж байгаа. Иргэдэд 21-27 ам метр талбайтай орон сууц худалдаж авахад хүрэлцэж байна. Уг нь иргэд хашааныхаа газрыг 50- 70 ам метр талбайтай орон сууцаар солих бодолтой байна. Иймээс газар чөлөөлөлт эрчимтэй явахгүй. Хэрэв тогтоосон үнээр газраа зарвал иргэд хохирохоор байна" гэж ярив.

Үүнээс гадна өндөр барилга барихыг хориглосон норм стандарт, дүрэм журам компаниудад идэвхтэй ажиллах боломж олгохгүй байгааг уламжилжээ. Ийм боломж бүрдүүлбэл компаниуд газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Иймээс газрын үнийг нэмэх, өндөр барилга барих боломж бүрдүүлэх талаар хотын удирдлагуудтай ярилцаж шийдвэр гаргах гэнэ. Түүнчлэн тус бүлгийнхэн Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төслийг судалж, мэдээлэл бэлтгэх таван гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт багтаан намын бүлгийнхэндээ танилцуулга хийх юм байна. Мөн төсөв болон төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан ч Сангийн сайд эзгүй тул хойшлуулсан аж.