УИХ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэлээ
2010.05.24

УИХ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэлээ

Баасан гаригын УИХ-ын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал байв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд танилцуулан,гишүүдийн асуултанд хариуллаа.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Улаанбаатараас 900 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг, үүнийхээ ядаж гуравны нэгийг авч үлдэх юм бол нийслэл асуудлаа шийдэх боломжтой юм биш үү. Яагаад Улаанбаатар хот аргаа бараад 21 гишүүнийхээ халамжид найдаад байна вэ гэсэн бол, Ж.Сүхбаатар гишүүн хуулийн төсөлд нийслэл, Улаанбаатар гэсэн ойлголтуудыг холиод байгааг анхааруулаад, Улаанбаатарын эрх ашиг илүү чухал гэв. Түүнчлэн шийдвэр гаргахад иргэдийн оролцоо чухал болохыг онцоллоо. Харин Ц.Баярсайхан гишүүн уг хуулийн төсөлд нийслэлд амьдарч буй иргэн хаягийн бүртгэлээс эхлээд цахилгаан эрчим хүч, цэвэр ус, нийгмийн үйлчилгээ, боловсролын дэд бүтэц гээд бүхий л зүйлээр хангагдах ёстой гэдгийг хуулвчлах хэрэгтэй гэв. Ш.Сайхансамбуу гишүүн Засаг даргын эрхийг өндөр болгох хэрэгтэй гээд, иргэдийн эрх ашигт харш байгууламжуудын үйл ажиллагааг шууд зогсоох эрхтэй байх ёстой гэлээ.Ж.Батсуурь гишүүн хуулийн төсөлд тусгагдсан татваруудын хувьд иргэдийн амьдрал ядуу байгаа нь сөргөөр нөлөөлж болзошгүйг хэлэв. Р.Гончигдорж гишүүн оршин суугч, иргэн гэсэн заалтуудаа ойлгомжтой болгох хэрэгтэй гэв. Түүнчлэн хотын бүсчлэл, статусыг тодорхой болгох хэрэгтэй байна, үүнийг анхаарай гэв.

Эдгээр асуултуудад Шадар сайд М.Энхболд хариулахдаа "Нийслэл өөрийнхөө төсвөөр ажилладаг байсан бол ийм байдалд орохгүй байх, гэвч хүн амын олонхи амьдардаг гэдэг утгаараа илүү их хөрөнгө оруулалт шаардагдана. Үүнд онцгой анхаармаар байна. 2006-2007 онд хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн нь төсөвт хөрөнгө төвлөрүүлэх үүрэггүй байсан үе. Түүнээс хойш төсөвт мөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээгээд бүтээн байгуулалт бага хийгдлээ" гэж байв.

Мөн өмчөө барьцаалж нийслэлийн бонд гаргах боломж байгаа гээд, нийслэлд шилжин ирэгсдийн тоо улам ихээр нэмэгдэж байгаа учир, тэгээд ч энэ нь төсөвт төлөвлөгддөггүй учир иймэрхүү гэнэтийн асуудлаа шийдэх төсөв хотод байх хэрэгтэй. Үүнийг татвар хураамжийн хэлбэрээр бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан гэлээ. Түүнчлэн хууль санаачлагчийг төлөөлж н.Мөнхбаяр дарга асуултад хариулахдаа, хуулийн төслийг Үндсэн хуулийн заалтын хүрээнд боловсруулсан гэв.

Х.Баделхан гишүүн хэт төвлөрөл олон асуудлыг дагуулж буй тул Утаагүй Улаанбаатар хөтөлбөр ч хэрэгжихэд хүнд гээд, төрийн бодлогоор хүн амын хэт өсөлтийг зохицуулж болохгүй юу, түүнчлэн нийслэлийг нүүлгэх боломж байхгүй гэж үү хэмээн асуув. н.Мөнхбаяр дарга уг асуултад механик шилжилт хийх боломж бараг байхгүй, наад зах нь 50 жил хэрэгтэй гэв. Х.Жекей гишүүн шинээр дүүрэг нэмж болохгүй юу, дүүрэг хорооны стандарт гэж байна уу, дүүрэг хорооны засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэж асуулаа. А.Тлейхан гишүүн Засгийн газрын гишүүд чуулганд оролцохгүй байн хэмээн шүүмжлээд, нийслэлд хэрэглээний үнэ хөдөөнөөс хямд байгаа юм чинь хүн амын төвлөрөл ихсэх нь зүйн хэрэг гээд, жишээ татав. Тухайлбал, нэг киловатт цахилгаан эрчим хүчний үнэ Улаанбаатарт 79 төгрөг байдаг бол Ховд аймгийн Үенч суманд 200 төгрөг байдаг гэж тэрбээр хэлэв. Түүнчлэн татварын ямар зохицуулалтаар хүн амын шилжих хөдөлгөөнийг хязгаарлах бодлогоо хэрэгжүүлэхийг тодруулан асуув. Мөнхбаяр дарга уг асуултад "Өргөн баригдаад буй хуульд нийслэл татвартай байна гэсэн байгаа. Дүүрэг бүрээрээ, хөрөнгө оруулалтын бодлого тус бүрээрээ өөр өөр татварын систем мөрдөхөөр төлөвлөсөн. Багахангай, Багануур, Налайхыг чөлөөт бүс болгохоор тусгасан байгаа.

Мөн Оюутны хотхоныг Налайх орчимд барихаар төлөвлөж байна. Хуулийг хэлэлцэх явцад гишүүдийн санал нэмж туссанаар заалтууд улам чанаржих байх" гэж хариулав. Г.Баярсайхан гишүүн уг хуулийн төсөлд экологийн асуудлыг тусгасан тусгай бүлэг байх ёстой гээд, гадаадын том хотуудын жишээг ярилаа. Түүнчлэн хотын мэрийг иргэдээсээ сонгох хэрэгтэй, Улаанбаатарт Европын хотын стандартуудыг нэвтрүүлж мөрдөх хэрэгтэй, байгаль орчны ойрын арван жилийн бодлого гэж байна уу хэмээн асуув. Харин Я.Батсуурь гишүүн уг хуулийн төслийн заалтуудад мөнгө, эрх мэдэл, төсвөө нэмэгдүүлэх хандлага их байгааг шүүмжлээд хот байгуулах төлөвлөгөө ямар байсан юм, үүнийг хэн зөрчсөн юм, эсвэл төлөвлөгөө нь угаасаа ийм байсан юм уу, хуучны түүхэн барилгаа нураадаггүй архитектурын соёл гэж байна уу гэсэн асуултыг тавив. Түүнчлэн хуучин хэвлэх үйлдвэрийн байрны хувьчлалын асуудлыг тодруулж хэлэхийг хүслээ. Мөнхбаяр дарга хэлэлцүүлгийн явцад тодорхой мэдээллүүдийг өгөхөө амлалаа. Түүнчлэн хотын төлөөлөгчийн газар байгуулахыг эсэргүүцсэн Ж.Батсуурь гишүүний асуултын хариу болгож гадаад орны хотуудтай олон талаар хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна гэв.

Д.Оюунхорол гишүүн нийслэлд боловсролын дэд бүтэц маш муу байгааг шүүмжлээд энэ талаар хуулийн төсөлд тусгахыг анхаарууллаа. Түүнчлэн хорооны хэсгийн ахлагч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөв.Д.Балдан-Очир гишүүн Нийслэлийн удирдлага санхүүжилтийн хуулийг хамтад батлах ёстой гэсэн бол, УИХ-ын дэд дарга Г.Батхүү нийслэлд олон улсын стандартын нисэх буудал байхгүй байгаад анхаарлаа хандуулаарай гээд хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр парламентын шинэ ордныг барих боломж байгааг анхааруулав.Ж.Энхбаяр гишүүн Зайсангийн орчимд хууль зөрчин олгогдсон газрын асуудлыг хөндөж, нэлээд хэдэн хурц асуултуудыг асуусан ч Байнгын хороон дээр яригдаагүй гэсэн хариултыг Ц.Батбаяр гишүүнээс сонслоо. Н.Энхболд дарга түүнд салбарын сайдад нь хандан асуулт тавихыг зөвлөсөн юм. О.Чулуунбат гишүүн Г.Батхүү гишүүний парламентын ордонг хэвлэх үйлдвэрийн суурин дээр барих саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд нийслэлийн өдөр тутмын амьдралыг зохицуулах бүхий л заалтуудыг оруулах хэрэгтэй гэв. С.Эрдэнэ гишүүн хуулийн төсөлд нийслэлийн асуудлыг цогцоор нь тусгах хэрэгтэй гээд, хорооны хэсгийн ахлагч нарын хувьд эрх баригч МАХН-ын ухуулагч нар байдаг, тэднийг төсвөөс санхүүжүүлдэг нь нууц биш гээд, үүний орон мэргэшсэн боловсон хүчнээр хангаж төрийн тогтолцооны нэг хэсэг болгох хэрэгтэй гэв. Мөн төсөв зориулалт бусаар их зарцуулагдаж байгаа, хотын даргыг иргэдээсээ сонгох хэрэгтэй гэж үздэгээ илэрхийлээд хуулийг нухацтай хэлэлцэхийг дэмжиж байна гэв. Ч.Улаан гишүүн нийслэл, Улаанбаатар гэдэг статус, нийслэлийн ИТХ-ын эрх мэдэл гээд давхардаж буй заалтуудыг сайн хянаарай гэв. Тэрбээр уг хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хотын асуудал бүрийг хариуцах эзэнтэй болгох заалтуудыг оруулах хэрэгтэй гэв.

Шадар сайд М.Энхболд, н.Мөнхбаяр дарга нар гишүүдийн асуултад хариулав. Уг хуулийн төсөлд өмнөх хуулийн 80 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлаар шинэчилсэн найруулга хийсэн бөгөөд нийслэлийн бие даасан байдлыг хангах, олон асуудлыг шийдвэрлэх шийдлийнхээ эрх зүйн үндэслэлийг тавьж буйгаа Шадар сайд хэлсэн бол, хотын удирдлагын зүгээс гишүүдийн шаардсан тоо баримтууд болон бусад мэдээллүүдийг өгч хуралдаанд оролцлоо. Гишүүд Үндсэн хуулийн заалттай уялдуулах тал дээр онцгой анхаарахыг зөвлөж байсан. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэлэх үед Р.Гончигдорж гишүүн анх удаа орон нутгийн татвар авах гэж буй хууль хэмээн онцолж, энэ тухай Төсвийн байнгын хороон дээр нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэж байв. Ж.Батсуурь гишүүн хуулийн үг өгүүлбэр шууд утгыг илэрхийлж байх хэрэгтэй шүү, хот бүсчлэлтэй, үүгээрээ татвар нь ялгавартай байх ёстой шүү гэсэн. Мөн цэвэр ус, цахилгаан, дулаан, боловсрол, бүртгэл, халамжийн гээд бүхий л үйлчилгээг авах эрхийг сайтар тусгахыг зөвлөлөө. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 87,5 хувийн саналаар хэлэлцэхийг нь дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.