Содбаатар.Я 2015.04.22 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй

Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Худалдааны тухай хуулийн хоёр төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Эхний хэлэлцсэн Худалдааны тухай хуулийн төслийг Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм байна. Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

Худалдааны салбар үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбож байдаг эдийн засгийн чухал салбарын нэг бөгөөд тус салбар 2013 оны байдлаар ДНБ-ий 17.4 хувийг бүрдүүлж, энэ салбарт 152 мянган хүн ажиллаж байна хэмээн сайд хэлсэн.

Хүн амын хэрэгцээний 70 орчим хувь, түлш, шатахуун 100 хувь импортоор хангагддаг, экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засгийн эмзэг, өрөөсгөл бүтцийг бий болгож буй аж.

Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүдийн зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, худалдааны салбарын тогтвортой хөгжлийг хангах, улмаар худалдааны салбарын эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө, үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй шаардлагатай байна хэмээн сайд танилцуулсан.

Хуулийн төслийг боловсруулах шатанд хилийн чанадад суугаа ДТГ-аас ирүүлсэн 10 гаруй орны худалдааны эрх зүйн зохицуулалтын талаарх танилцуулга, Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөгөөнд оролцогчдын зөвлөмж, 2012-2015 оны хооронд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн бус байгууллагууд, холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд 5 удаагийн уулзалт, хэлэлцүүлгээс гаргасан саналыг Худалдааны тухай хуулийн төсөлд тусгажээ.

Энэхүү хууль батлагдснаар эдийн засаг, нийгмийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болно гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

Түүний дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатар 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар гишүүдэд танилцууллаа.

Тэрбээр, “Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, гадаад, дотоод худалдааг либералчлах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэний дүнд дэлхийн улс орнуудтай хийх худалдааны харилцаа эрчимтэй өргөжин хөгжиж байна. Худалдааны харилцаа хэдийгээр өргөжин тэлж байгаа боловч энэ талын зохицуулалт нь олон улсын гэрээ, хэлэлцээр болон аж ахуйн үйл ажиллагааны нийтлэг хэм хэмжээ тогтоосон хууль, эрх зүйн актуудаар дамжин хийгдэж байна.

Худалдааны харилцаанд дахь зарим ойлголт, хэлбэр, төрөл, худалдаа эрхлэн явуулах арга, үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд гадаад худалдаанд хэрэглэх хамгаалалтын арга, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг зэрэг асуудал нь хуулийн тодорхой нэгдсэн зохицуулалтгүй явсаар ирлээ” хэмээсэн.

Түүний хэлснээр, худалдааны хяналтын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй аж.

Худалдааны салбарын мэдээлэл, статистик хангалтгүй байгаа нь энэ салбарын бодлогыг тодорхойлох, гарах шийдвэрийг удаашруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн дээр дурдсан шаардлага болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг харгалзан Монгол Улсын гадаад, дотоод худалдаатай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх суурь хууль болохХудалдааны тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 29 зүйлтэй байхаар боловсруулжээ.

Хуулийн төслүүдийн талаар танилцуулсны дараа Х.Болорчулуун, Г.Уянга, Г.Батхүү нарын гишүүд төсөл санаачлагчдаас асуулт асууж, санал хэлсэн.

Х.Болорчулуун гишүүн, иргэд генийн өөрчлөлттэй хүнс, бордоо, химийн хор нь хэтэрсэн жимс ногоо, хадгалалтын горим зөрчин ТҮЦ, бусад газарт худалдаалсан хүнс хэрэглэснээс болж өвчлөл, хорт хавдар тоймоо алдаад байна гээд хуулийн төслийг боловсруулахдаа гадны ямар улсуудын хуулиас туршлага, санаа авсан бэ гэж лавласан.

Ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр, Дэлхийн худалдааны байгууллагад 160 орон гишүүнээр элссэн бөгөөд тэдгээр орнуудын гуравны нэг нь Худалдааны тухай хуультай аж. Улс орнууд экспортоо дэмжих, дотоодын зах зээлээ хамгаалах зэрэг өөр өөр зорилгоор Худалдааны хуулиа баталсан байдаг бөгөөд дээрх хуулийн төслийг боловсруулахдаа 60-аад орны хуулийг судалсан юм байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга импортод тавих квотын асуудлыг төсөлд тусгах бололцоо бий эсэхийг тодруулж байлаа. Ажлын хэсгээс импортод хатуу квот тогтооход хүндрэлтэй хэмээгээд үүний оронд импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих чиглэлээр арга хэмжээ авбал илүү үр дүнтэй гэж хариулсан.

УИХ-ын гишүүн Г.Батхүү тээвэрлэлт, логистикийн асуудлаар тодруулж байлаа. Мөн тэрбээр хүнсний бүтээгдэхүүнийг ганзагын наймаагаар оруулж ирдэг явдлыг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байсан. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.