2015.04.23 | Сонин: Үндэсний Шуудан

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг бид эхлүүлж байлаа

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг бид эхлүүлж байлаа
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй

Эдүгээ 90 гаруй жилийн түүхтэй МАН-ын хотын намын гишүүдийн хурал 1925 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр болж, даргаар нь Дэндэв, нарийн бичгийн даргад Улаанхүү хэмээгддэг Бат-Очир нарыг сонгож байжээ Тухайн үед хотын намын хороонд ард, лам тайж язгууртан нийлсэн 420 гаруй хүн гишүүнчлэлтэй байсан гэх түүхийн баримт байдаг. Энэ өдрүүдэд нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 50 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэж, тус намын гол цөмийг бүрдүүлж байгаа юм. Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус хорооны дарга Ц.Сандуй сэтгүүлчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариулсан юм.

-Танай төв байгууллага буюу МАН-ын удирдлага МАХН-тай хамтран ирэх сонгуульд оролцох талаар яриа байдаг. Энэ тухайд та бүхэн ямар байр суурьтай байдаг юм бэ?

Яг өнөөдрийн байдлаар МАХН-тай манай нам хамтрах талаар ярилцсан зүйл байхгүй. Гэхдээ МАХН-ын зарим гишүүн, тэдний төлөөлөл бидэнтэй ирж уулзаж, ирэх сонгуульд хамтарч оролцооч ээ гэсэн санал хүсэлтээ илэрхийлсэн явдал бий. Үүнийг намын дээд удирдлагууд ярилцаж шийдэх байх.

-Нийслэлийн ИТХ-д МАН цөөнхийг бүрдүүлж байгаа. Энэ тохиолдолд төлөөлөгчид үүргээ аль хэр биелүүлж байна гэж та үнэлдэг вэ?

Цаг хугацаа нь ч тэгж таарч, нийслэлийн ИТХ болон УИХ-д манай нам сөрөг хүч болсон үед би нийслэлийн МАН-ын даргын ажлыг авсан Дүүргүүдийн сонгуулиар манай нам есөөс дөрөвт нь ялалт байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас нэр дэвшигч 54.1 хувийн санал авсан. УИХ-ын 26-р тойрогт дахин санал хураалт явуулахад Д.Сумъяабазар нэр дэвшигч 54.1 хувийн санал авсан нь Нийслэлд МАН-ын нэр хүнд хэвээр байгааг харуулсан сонголт байлаа. Нөгөө талаар нийслэлийн ИТХ-д манай намаас сонгогдсон төлөөлөгчид хангалттай сайн ажиллаж байгаа гэж хэлж болно.

-Танай намын рейтинг одоо ямар байна гэж бодож байна вэ?

Сүүлийн үеийн судалгаа саяхан гарсныг та бүхэн харсан байх. Эрх баригч АН болон манай намын үнэлэмж нэлээд ойртсон байна. “Сант марал”- ын энэ судалгаанаас гадна намын дэргэдэх судалгааны алба сар тутам ийм судалгаа хийдэг. Үүнээс харахад МАН- ын рейтинг өндөр хэвээр байгаа. Бид судалгааны шалгуур үзүүлэлтийн дүнг харгалзан ажилдаа тусган ажиллаж байна.

-Э.Бат-Үүл даргын санаачилж хийж байгаа “Гудамж” төсөл болон нийслэлд бүтээн босгож буй ажлын талаар та бүхэн ямар бодол санаа, үнэлэмжтэй байдаг вэ?

Гэр хорооллын газар болон дахин төлөвлөлтийн асуудлыг манай нам эрх барьж байхдаа л эхлүүлсэн ажил шүү дээ. VII хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх асуудал 2008 онд эхэлж байлаа. Үүнийг үргэлжлүүлж байгаад талархахын зэрэгцээ ажил хэрэг болгоход хамтран ажиллана гэж бодож байна Зарим нэг асуудлыг иргэдийн саналыг авч зогсоосон тохиолдол ч бий. Тухайлбал хогийн ногоон уутыг хөрөнгө мөнгө дэмий үрсэн явдал гэж  иргэдийн олонх нь үзэж, намын бүлэг ИТХ-ын чуулганаар хэлэлцүүлсний эцэст зогсоосон. Цаашдаа ч зөвийг нь дэмжиж бурууд нь шүүмжлэлтэй хандах болно.

-Налайх дүүргийн Засаг даргын талаарх маргаантай асуудал яаж шийдэгдсэн бэ?

2014 оны төгсгөлд АН- ынхан МАН-ыг Засгийн газартаа урьж, хамтарсан. Энэ үед орон нутагт ч эрхийг хамтран барих асуудлыг ярилцаж байлаа. Үүний дагуу Налайх дүүргийн Засаг даргыг огцруулж, дахин АН-аас сонгосон ч сандал ширээ, тамга тэмдгээ булаацалдаад өдий хүрч байна. Одоо хүртэл асуудал шийдэгдээгүй.

-Э.Бат-Үүл дарга нийслэлийн МАН-ын ойтой холбогдуулан гудамж талбайд өлгөсөн туг, уриаг авч хаях шийдвэр гаргасан гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

Бид хотын захиргаанаас зөвшөөрөл авч зай талбайнх нь төлбөр мөнгийг хийчихсэн. Тэгээд ч албан ёсны тийм шийдвэрийг манайд ирүүлээгүйг бодоход тийм явдал болохгүй биз. Ийм жижиг юмаар хөөцөлдөх ёс зүйгүй үйлдэл хийх зав чөлөө ч байхгүй байх гэж бодож байна.