Ж.Батсуурь: “Тавантолгой”-г УИХ-аар оруулж цаг алдах шаардлагагүй
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.04.24

Ж.Батсуурь: “Тавантолгой”-г УИХ-аар оруулж цаг алдах шаардлагагүй

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа. 

-Төсвийн орлого бүрдэхгүй байгаагаас удахгүй тодотгол хийнэ гэсэн мэдээлэл байна.Танай байнгын хороонд үүнтэй холбоотой тооцоо судалгаа ирж байна уу.Тодотгол хийх нөхцөл байдал үүсэх үү? 

Жилийн жилд нэгдүгээр улирлыг даван туулахад эдийн засгийн хувьд хүнд байдаг.Яагаад гэвэл өвлийн цагт уул уурхай, барилга, бүтээн байгуулалтын ажлыг бараг хийдэггүй болохоор төсөвт орлого орох нь багасдаг.Одоо дулааны улирал эхэлж байна.Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг өмнөх жилүүдтэй харьцуулахад тун тааруухан байна.Чуулган завсарласан өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллалаа.Тэндхийн иргэд ачааны урсгал урьд жилийнхээс эрс муудсаныг гайхаж байна.Тэгэхээр бид эдийн засгаа сайжруулахын тулд томоохон төслүүдээ урагшлуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, богино, дунд хугацааны хүндрэлийг даван туулах тогтоолыг эрчимжүүлбэл тодорхой хэмжээний эерэг үр дүн гарна гэж найдаж байна. 

-Саяхан болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Ойрын таван жилд эдийн засгийн хүндрэлийг даван туулахгүй” гэж нэр бүхий илтгэгч хэлж байна лээ.Харин та улирлаасаа хамаараад орлого багасаад байна гэх юм.

Ер нь эдийн засгаа улам дордуулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хууль эрхзүйн аргаар шахаж, уул уурхайн хайгуулыг зогсоогоод нэлээд хэдэн жил болсны дараа гэнэт “юу болов” гэж ухаан орж байна. Энэ бүхэн эргээд зөв байрандаа ороход цаг хугацаа орох нь ойлгомжтой.Одоо бидний хамтын ажиллагаа, ойлголцол хамгийн чухал байна.Монголчуудын нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, өөчилж, гоочилдог муухай зан нь оновчтой шийдвэр гаргахгүй цаг хугацаа алдахад маш их нөлөөлж байна.Судлаачидтай би санал нэг байна.Нөхцөл байдал хүнд байгаа.Тавантолгой Оюутолгой төслийн хөдөлгөөнийг ажсан, манайхаас нэлээд залхсан хөрөнгө оруулагч олон бий.

Ер нь гадаадын нэг компанийн үйл ажиллагаа манай төрийн буруу бодлогоос үүдэн хаагдах юм бол энэ нь бусад компаниудад Монголын тухай маш муу үлгэр дууриалал болдог.Тэгэхээр ойрын хугацаанд эдийн засаг сэргэхгүй гэдэг судлаачдын дүгнэлтийг худлаа гэхэд хэцүү.Нөхцөл байдал ер нь ээдрээтэй байгаа.Дээр экспортын бүтээгдэхүүний үнэ ханш олон улсын зах зээлд өндөр байхад хуримтлал үүсгэж чадаагүй нь эдийн засаг хүндрэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг мөн.

Бид аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохдоо өртөг багатай ажиллаж чадахгүй байна.Дээр нь дэд бүтцээ хөгжүүлэх талд дорвитой арга хэмжээ авсангүй.Тээвэрлэх орчныг сайжруулах, тээврийн зардлыг бууруулах, төмөр болон засмал зам тавих ажилд удаашралтай хандсан.Үүнээс болоод манай гаргаж байгаа бүтээгдэхүүний өртөг нэмэгдээд байна.Энэ бүх зүйлийг салбарын мэргэжилтнүүдийн судалгаа тооцоог үндэслэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. 

-Хаврын чуулганы онцлох сэдвийн нэг нь яах аргагүй Тавантолгойн хэлэлцээр болж байна.УИХ-аар заавал Тавантолгойг оруулах шаардлага байв уу.Та юу гэж бодож байна вэ? 

Зарим хүний өнгөцхөн дүгнэлтээр УИХ- ын дарга З.Энхболдын зөв, Ерөнхий сайдын буруу гэх нь өрөөсгөл л дөө.Хэлэлцээрийг удирдаж байгаа М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж байсан.Төрийн ажлын дадлага туршлагатай хүн учраас итгэл хүлээлгэхэд буруудахгүй гэж би хувьдаа боддог.Бүх зүйлийг хардаж, сэрдээд өөлж гоочлоод байвал болж бүтэх зүйл ховор байх болов уу.Тэгэхээр Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэж, цаг алдахгүйгээр шийдээсэй гэж бодож байна. 

-МАН-ынхан сонгуулийн тогтолцоог ард түмнээсээ асуухаар боллоо.Нэгэнт парламентад суудалтай намууд зөвшилцсөн байж дотроо яагаад шийдэж болоогүй юм бол? 

Орон нутагт ажиллаж байхад иргэд намын жагсаалтаар УИХ-д орж ирдэг байдлыг маш их шүүмжилдэг.Тэгэхээр холимог тогтолцоотой байх уу эсвэл өөр хувилбараар явах уу гэдгийг ард түмнээсээ асуух хэрэгтэй гэж манай намын гишүүд үзэж байгаа.Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог сонгох эрхийг ард түмэнд олгож байна гэсэн үг.Хэрвээ улс төрийн намуудыг зөвшилцлийн хүрээнд өөрсдөө шийд гэвэл бас л цаг хугацаа авах байх. 

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг байнгын хороогоор хэлэлцэж байна.Засгийн газрын өнгөрсөн оны ажлыг хэрхэн дүгнэж байна вэ? 

Байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн оны үндсэн чиглэлийг өчигдрөөс хэлэлцсэн.Зарим материалд хийсэн аудитын дүгнэлтийг гар дээрээ хүлээж авлаа.Сүүлийн жилүүдэд төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй байгаа нь үнэн.Өнгөрсөн онд гэхэд төсвийн орлого их наядаар тасарсан.Үүнээс болж, өнгөрсөн онд хийх байсан бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, объектуудыг “царцаах” гэдэг үгийг хэрэглэж эхэлсэн.Энэ бол төлөвлөгөө нормоо биелүүлж, орлогоо төвлөрүүлж, бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж чадаагүй.Ер нь цаасан дээр олон ажил төлөвлөчихөөд түүнийгээ биелүүлэхгүй байна гэдэг тоогүй хэрэг.Дараа, дараагийнхаа ажилд саад тээг болно гэсэн үг.

Нийслэлд гэхэд төрөх болон хүүхдийн эмнэлгээ шинэчлэх, тоог нэмэгдүүлэх асуудлыг бид ярьсаар сууна.Орон нутагт эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн ийм объект маш олон байна.Тиймээс 2014 оны төлөвлөгөөт зорилтын биелэлтийг авч үзэхэд сайн үр дүн гарахгүй нь ойлгомжтой.УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө бид эдийн засагтаа бодит дүгнэлт хийж, хямралыг даван туулах арга хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдсэн.Засгийн газраас хөтөлбөрийг биелүүлэхээр албан ёсны төлөвлөгөө гаргасан байна лээ.Бид үүнд нь хяналт тавьж ажиллана.Эдийн засаг хүндэрсэн нь олон шалтгаантай.“Шийдлийн” Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг бэрхшээл гэж халшрахгүйгээр бидний өмнө тулгарсан боломж, сургамж гэдэг өнцгөөс нь харах хэрэгтэй. 

-Бизнесийн салбарынхны дунд хүлээлт үүсгээд байгаа Эдийн засгийн өршөөлийн тухай хууль ямар шатанд явна вэ? 

Хэлэлцүүлгийн шатандаа байна.Эдийн засагч хүний хувьд энэ хуулийн төслийг УИХ-аар батлаасай гэсэн хүлээлттэй байдаг.Далд эдийн засагт тодорхой алхам хийж байж засч, залруулна гэж боддог хүний хувьд шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлдэг.Гэхдээ ганц байнгын хорооны хүчин чармайлтаар бүх асуудал шийдэлд хүрнэ гэж байхгүй.УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтийн үгэндээ энэ талаар их тодорхой хэлж байна лээ.

Эдийн засгийн байнгын хороо хаврын чуулганаар Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл гээд эдийн засагтай холбоотой хуулийн олон чухал төслийг хэлэлцэх тов гарчихсан.Зарим тохиолдолд хуулийг өөрчлөөд байх тусам муудах нь ч бий.Хүндрэлийг даван туулах арга хэмжээнд байнгын хорооноос ач холбогдол, анхаарал хандуулж ажиллана. 

-Хаврын чуулганы богино хугацаанд томоохон хуулийн төслүүдээ хэлэлцэж амжих болов уу? 

Ойлголцоод явж чадвал үр дүнд хүрнэ.Улстөржих хандлага давамгайлбал ямар ч хуулийн төсөл явахгүй.Парламентад суудалтай намууд хамтарч байгаа нь хуулийн чухал төслөө шийдвэрлэх зангилаа болж байгаа.Гэсэн ч олон бэрхшээл байгааг нуухгүй.Энэ чуулганы хугацаанд Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд олон чухал асуудлыг хөндөнө.Дэлхийн улс орнуудын төр барих эрхийг сонгуулийн хугацаагаар хэмждэг.Улс төрийн намуудаас нэр дэвшигчээ тодруулж, сонгуулиар ард түмний олонхийн санал авсан нам нь төрийн эрх барьдаг.Улс төрийн намууд хандивлагчдын тусламжтайгаар санхүүжилтээ бүрдүүлдэг.Энэ байдлыг засахын тулд Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулна.Хэрвээ дээрх хуулийн төслүүдэд өөрчлөлт орох юм бол улс төрийн нам хаанаас санхүүждэг вэ гэдэг асуудал тодорхой болно.

Намын санхүүжилт ил тод бус байгаа нь иргэдийн дунд эргэлзээ үүсэхэд хүргээд байна.Аль мөнгөтэй, бэлтэй нь сонгуульд нэр дэвшиж, өрсөлддөг гэсэн ойлголт нийгэмд бий болоод удаж байна.Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, хаанаас, хэн, хэдэн төгрөгийн хандив өргөсөн вэ гэдгийг нээлттэй болгох хэрэгтэй.УИХ-д суудалтай намууд тодорхой хувь хэмжээгээр улсын төсвөөс санхүүжээд явдаг байх зарчмыг цаашдаа ч хадгалсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа.Уг нь Сонгуулийн хуульд хувь хүн нэг сая, компани, аж ахуйн нэгжүүд таван сая хүртэлх төгрөгийн хандивыг нэр дэвшигчид өгч болно гэж заасан.Түүнээс гадна гадаадын томоохон компаниас сонгуулийн санхүүжилт авах нь хуулиар хориотой байдаг.Аливаа зүйл хаагдмал байх тусмаа олон нийт эсэргүүцдэг, хардалт дагуулдаг.Тэгэхээр ил тод, нээлттэй байлгах нь иргэдийн хардалтыг багасгах нэг арга зам юм даа. 

-Гадаадын улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ хэлцэл байгуулах чиглэлд хэр анхаарч байна вэ? 

Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуул сан.Манайхаас ч, Японы талаас ч идэвх чармайлт гаргасан.Гэхдээ ганц оронтой түншлэл байгуулснаар эдийн засаг сайж раад асуудлаа шийдчихнэ гэж байхгүй.Даяаршиж байгаа энэ эрин үед гадаадын улс орнууд хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч ажиллаж байна.Хуулиа дээдэлсэн, хэрэгжүүлсэн улс орон хөгждөг юм байна.

Хуулиа сайжруулж байгаа нь энэ гээд төр хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болтол нь дампууруулж болохгүй.Нэг жишээ татахад бид ашигт малтмалын хайгуулын лиценз өгөхөө зогсоосноо саяхнаас сэргээсэн.Энэ асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага, яам нь лиценз олгож байхад тухайн орон нутгаас нь зөвшөөрлөө авч чадахгүй гацчихаад байгаа хүн байна.Энэ бол бид хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох гэсэн боловч хөрсөн дээр буухгүй байгаагийн нэг илрэл. 

-Ярилцсанд баярлалаа.