Орон нутгийн сангийн хөрөнгө нэмэгдэх үү
УИХ-ын Баасан гаригийн хуралдаан
2015.04.25

Орон нутгийн сангийн хөрөнгө нэмэгдэх үү

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдыг хэлэлцсэн.

Хуулийн өөрчлөлтийн гол шалтгаан нь Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хувиарлаж тухайн орон нутгийг хөгжүүлдэг.

Тиймээс уул уурхайн салбараас орон нутагт шилжүүлэх орлогын хэмжээг тодорхой түвшинд нэмэгдүүлснээр хайгуул, судалгааны ажил эрчимжиж, улмаар дотоодын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдсэнээр ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтойг Сангийн яам учирласан.

Иймд нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор өөрчлөлт оруулах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн.

Харин чуулганаар хэлэлцэх үеэр зарим гишүүд хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Дэмжихгүй байх хэд хэдэн үндэслэл байна. Энэ бол улс орныхоо байгалийн баялагт хандах төрийн нэгдсэн бодлогоор дамжуулан иргэний байгууллага нь зөвшилцөөд хаа сайгүй ухуулдагаа больмоор байна” гэлээ. /Үргэлжлэлийг бичлэгээс/

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Улсын төсвөөс орон нутгийн сан руу хөрөнгө хувиарлаж байгаа нь ул суурьтай ярилцах зүйл. Ялангуяа эдийн засгийн тогтворгүй сорилтонд байгаа өнөө үед маш нухацтай хандах асуудал. Одоо л хүч, хөрөнгө анхаарлаа төлөвлөрүүлж, нэгтгэх цаг нь мөн. Гэхдээ энэ өргөн баригдсан хууль надад эргэлзээтэй санагдаад байгаа юм. /Үргэлжлэлийг бичлэгээс/

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуультай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Хууль өөрөө хөгжлийн бодлогын концепцын хувьд цоо шинэ хууль гэж харж байгаа. Мөнгийг төвлөрүүлэх асуудлыг гишүүд ярьж байна. Бид байхгүй байгаа мөнгийг л төвлөрүүлнэ, хуваана гэж яриад байгаа.

Гэтэл энэ нь мөнгөний цоо шинэ эх үүсвэр олохын тулд санаачилсан хуулийн төсөл. Энэ эрх мэдлийг өгснөөр аймгууд өөрсдийнхөө орон нутагт уул уурхайг хөгжүүлэх, тэгснээр иргэдээ ажилтай, орлогтой болгох, орон нутгийнхаа эмнэлэг, сургуулийн асуудлыг шийдэхэд орон нутаг өөрөө ажиллая гэж байгаа.

Харин зарцуулах мөнгийг Монгол Улсын нэгдсэн хөгжлийн бодлогод нийцүүлж зарцуулалт хийж чадах уу гэдэгт онцгой анхаарах ёстой” гэсэн юм. /Үргэлжлэлийг бичлэгээс/

Харин хуулийг өргөн барьсан Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Сүүлийн гурван жил дарааллан орон нутгийн хөгжлийн санд хуримтлагдаж хөрөнгийн хэмжээ буурсан. Энэ маань төсөвт төвлөрдөг орлогын хэмжээтэй уялддаг учраас орлогын тасалдалттай холбоотойгоор ийм үр дүн гарсан” гэлээ.

Мөн тэрээр гишүүдийн тавьсан асуултад хариулахдаа “Орон нутагт очиж байгаа хөрөнгийн хэмжээ сургууль, цэцэрлэг бариад байхаар их хөрөнгө байх боломжгүй.

Нийт 30 хувийн орлогын 20 хувь нь аймагт, 10 хувь нь суманд очих юм. Аймгийн түвшинд орон нутгийн хөгжлийн сан болон бусад хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барих бололцоотой. Гэхдээ энэ нь нэгээс хоёр цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө хуваарилагддаг.

Цаашдаа Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцсэн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг орон нутагт хийх бололцоо хомс байгаа. Иймээс хуулиа мөрдөж ажиллах шаардлагыг орон нутгийн удирдлагад тавина” хэмээсэн. Ингээд хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураахад нийт гишүүдийн олонх “Тийм” товчлуурыг дарснаар зөвшөөрлөө.