Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжлээ
Улсын Их Хурал
2015.04.27

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.24/ үдээс хойшх нэгдсэн хуралдааны эхэнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараагийн асуудал нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан.

Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын Дээд шүүхээс тус хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, холбогдох яамдаас хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг батлан хэрэгжүүлж байна.

Мөн төрөөс хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалан байрлуулах, гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг гэрээгээр мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого, үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгдсэн ч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ. Тухайлбал, зөвхөн сүүлийн 3 жил 8 сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэн бөгөөд 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн гэмтсэн байна хэмээн Ч.Өнөрбаяр зөвлөх танилцуулсан.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ТББ-уудын судалгаа харуулж байгаа аж.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойших 8 жил гаруйн хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй байна.

Хэрэгжилтийн үр дүнгүй байдал нь хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой аж.

2004 онд хуулийг батлахдаа дагалдах хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулаагүйгээс хууль хоорондын хийдэл, зөрчилдөөнт байдал үүссэнээс гадна хохирогчийн аюулгүй байдалтай холбоотой хамгаалалт огт зохицуулалтгүй үлдэхэд хүрчээ.

Засгийн газар, яам, агентлагаас гаргасан эрх зүйн актаар хуулийн дээрх хийдлийг нөхөх оролдлого хийж байгаа ч хамрах хүрээ, хууль зүйн хүчин чадлын хувьд салбар хоорондын зохицуулалтыг хангаж чадахгүй байгаа аж.

Энэ бүгд нь хуулийн зохицуулалтыг хүчгүй, тунхаглалын шинжтэй болгохын зэрэгцээ хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхэд төвөгтэй байдлыг үүсгэн, улмаар хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлагаас мултрах боломжийг олгож байна. Тухайлбал, 2010 онд Нийслэлийн хэмжээнд хуулийн байгууллагад ажиллаж байгаа нийт 400 хуульчдаас авсан асуулгын судалгаагаар тэдний дөнгөж 10 хувь нь тус хуулийг хэрэглэж үзсэн хэмээн хариулсан байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх нь чухал хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

УИХ-ын гишүүн А.Бакей гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг хэр чангалсан бэ хэмээн асууж байлаа. Тэрбээр энэ төрлийн гэмт хэрэг гэр бүл дотор үйлдэгддэг болохоор илрүүлэхэд хэцүү хэмээгээд гэр бүлийн гишүүдээс мэдээлэл, гомдол гаргаж болох эсэхийг тодруулсан. Ер нь гэмт хэрэг гарсан хойно нь биш, болж өгвөл урьдчилан сэргийлэх чиглэлд илүү анхаарах нь зүйтэй болохыг А.Бакей гишүүн дурдаж байлаа. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, хуулийн төсөл бүхэлдээ урьдчилан сэргийлэх тал руу чиглэгдсэн гэлээ. Анхдагч урьдчилан сэргийлэлт буюу бүх нийтийн боловсролын талаар төсөлд тусгажээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсооход чиглэгдсэн заалтуудыг оруулж, гэмт үйлдэлд өртсөн хохирогчид үзүүлэх үйлчилгээг аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль зүйн туслалцаа гэсэн төрлүүдтэй байхаар томьёолж, үйлчилгээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан байна. Хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн гишүүдээс гэмт хэргийн талаар гомдол гаргах, мэдээлэл өгөх эрх нь нээлттэй юм байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ял эдлүүлэхээс гадна хохироосон хүмүүст хөрөнгө санхүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж хэлж байлаа. Хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хүнээ гэмтээсэн, хөгжлийн бэрхшээлтэй болгосон бол насан туршид нь тэжээх тэтгэмжийн асуудлыг тусгах ёстой гээд энэ талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасаныг тодруулж байлаа. Ч.Өнөрбаяр зөвлөхийн тайлбарласнаар, шинээр өргөн бариад байгаа Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой шинэ төрлийн ялыг нэмж оруулсан байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төсөлд хүчирхийллийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс тэтгэмж авах тухай шүүхийн нэхэмжлэх гаргах талаар тусгасан гэж тэрбээр хэлсэн.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчээр нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хотын захын гэр хорооллын цагдаагийн ажилтнууд хүрэлцэнэ гэдэгт эргэлзэж байна хэмээгээд хорооны цагдаагийн ажилтны тоог нэмэх нь зүйтэй гэж байлаа. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал байлаа. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.

Хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй бөгөөд Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх, Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүүлэх, Иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах, Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа гэсэн үндсэн 12 чиглэлтэй байхаар үзэл баримтлалд нь тусгасан байна.

Хууль зүйн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар танилцуулсан юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2007 оноос хойш АТГ-ын шалгасан хэргийн талаарх зарим тоо баримттай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, 2007 оноос хойш найман жилийн хугацаагд АТГ нийт 1322 хэрэгт 2942 хүнийг холбогдуулан шалгасан байна. Эдгээрийн 356-д нь яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Нийт шалгагдсан хүмүүсийн 1342 нь буюу 45 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан буюу хувийн хэвшлийнхэн байна. Ингэж баялаг бүтээгчдээ шалгаж, бизнесийн нэр хүндэд нь халддаг явдлыг зогсоомоор байна хэмээсэн. Шинээр томилогдох гэж буй албан тушаалтан ашиг сонирхлыг зөрчилтэй эсэхийг тодруулсан тодорхойлолтод ашиг сонирхлын зөрчилгүй гэж бичсэн атлаа араас нь энэ албан тушаалд тэнцэхгүй гэж тодорхойлолт хийсэн нь ямар учиртай болохыг эрхэм гишүүн тодруулж байлаа. АТГ-ын Ажлын хэсгээс хариулснаар, АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхэд тодорхойлолт гаргадгаас бус тухайн ажилд тэнцэх эсэхийг тодорхойлдоггүй, тийм тодорхойлолт байх ёсгүй гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн А.Бакей төрийн албыг, шүүх засаглалыг, улстөрийн намуудыг авлигаас ангид байлгах талаар хөтөлбөрт хэрхэн тусгасаныг лавласан. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой заалтууд орсон хэмээн хариулсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд, АТГ авлигын хэрэгт холбогдуулан захиалгатайгаар хэрэг үүсгэдэг, бусдын нэр хүндийг гутаадаг явдлыг зогсоох ёстой хэмээж байлаа.

Тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар ирэх Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтон чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.