Хүүхдэд ээлтэй "Зүрхний Улаанбаатар" бүх нийтийн зугаалга
“Зүрхний Улаанбаатар”бүх нийтийн зугаалга
2015.04.27

Хүүхдэд ээлтэй "Зүрхний Улаанбаатар" бүх нийтийн зугаалга

Хаврын зөөлөн салхи үлээж, нар дээрээс төөнөсөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарт улс төрийн анхны намын байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ой тохиолоо.

Ойг угтан нийслэлийн МАН-ын хороо түүхээ таниулах, цаашдын ажлаа төлөвлөх 26 хоногийн аяныг өрнүүлсэн юм. Үүний хүрээнд зохион байгуулсан томоохон арга хэмжээ болох “Зүрхний Улаанбаатар”бүх нийтийн зугаалга “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өнгөрөгч бямба гаригт боллоо. Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 20-30 мянган иргэн цугласан юм.

Арга хэмжээ 12.00- 23.00 цагийн хооронд үргэлжлэв. Үүний хүрээнд хүүхэлдэйн театр, явуулын циркийн үзүүлбэр, “Зүрхнээс зүрхэнд” хандивын аян, цэцгийн болон үндэсний үйлдвэрлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа, эко сургалт, “UB heart party” салют шоу зэрэг олон арга хэмжээ болсон юм. Мөн спортын, бүжгийн болон амьд хөгжмийн хамтлагуудын тэмцээн, уралдааныг зохион байгуулсан. Өдөрлөгийн гол арга хэмжээ нь тэмцээн, уралдаанд оролцогчийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа байв.

Үүнд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй болон албаны хүмүүс оролцов. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д нийслэлийн үндэсний үйлдвэрлэгчдийн ам- талгаат худалдааг мөн зохион байгуулав. Хүүхдүүдийн амтархан идэх дуртай “Тэмүүка'' Монгол шоколад, “Өгөөж чихэр боов”, “Суман гүн” трейд, “БОСА холдинг", “Сүү” ХХК-ийнхан хүрэлцэн ирж үзэсгэлэнд оролцож байв. Үүнээс гадна НАМЗХ-ноос 18-35 насны залууст үнэгүй дата эрх олгож, ахмадуудын даралтыг үзэх зэрэг цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирсэн иргэн бүрт хэрэгтэй үйлчилгээ үзүүлэв.

Тус өдөрлөгт залуусаас гадна настан буурлууд гэр бүл, үр хүүхэдтэйгээ амралтын өдрийг сэтгэл өндөр өнгөрүүлж байгаа нь харагдсан. Гэр бүл, найз нөхдөөрөө зугаалангаа баярын арга хэмжээг сонирхон, дугуй унаж, дуртай амттанаа амтархан идэж буй хүмүүсийг харахад их хотын үдшийн сайхныг эндээс мэдэрч болохоор байв. Хаа сайгүй дугуй, роликтой, хүүхэд сүлжилдэж, их хотын иргэд өглөөнөөс орой болтол “Зүрхний Улаанбаатар”-тай хамт байсан юм. Энэ үеэр бүх нийтийн зугаалгад ирсэн залуусын сэтгэгдлийг сонслоо.

С.Дөлгөөн: Өнөөдрийн арга хэмжээ гоё болж байна. Надад болон манай найзуудад маш их таалагдсан. Ялангуяа бидний үеийнхэн сонирхдог спорт болон бүжгийн тэмцээн, амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт болж байгаа болохоор залуус ихээр иржээ. Орон зайны хувьд ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж бус чөлөөтэй юм. Залуусын сонирхдог тэмцээн уралдааныг зохион байгуулж байвал бид ч цагийг зөв өнгөрөөх боломжтой. Цаашид ийм арга хэмжээг олон зохион байгуулаасай гэж хүсч байна.

З.Саруулсайхан: Найзуудтайгаа зун энд байнга ирдэг. Гадаа дулаахан сайхан байна. Өнөөдрийн арга хэмжээ сайхан болж байна. Би найзуудтайгаа ирсэн. Нэг найз маань цэнгээнт бүжгийн хамтлагт бүжиглэж байгаа. Тиймээс цэнгээнт бүжгийн тэмцээн хамгийн их таалагдлаа. Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа ах, эгч нартаа баярлалаа.

Хөлбөмбөгийн тэмцээндБаянзүрх дүүргийн Irishбаг түрүүлэв

Өдөрлөгийн үеэр сагсан бөмбөг, гар барилдаан, хөлбөмбөгийн тэмцээн зохиож, тэмцээнд баг, тамирчид өргөнөөр оролцсон юм. Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй багаас “Шонхор”, эрэгтэй багаас Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн I баг тус тус түрүүлэв. Гар барилдаанд хүч, бяртай 25 залуу оролцсоноос н.Мөнхсаятан тэргүүн байрыг авлаа. Харин хөлбөмбөгийн төрөлд есөн байгууллагын 100 гаруй тамирчин оролцож I байрт Баянзүрх дүүргийн “Irish” II байрт Сонгинохайрхан, III байрт Багахангай дүүргийн багууд орлоо. шагналт.

Баянзүрх дүүргийн “Irish” багийн довтлогч А.Энхтөгс: 'Бид Баянзүрх дүүргийн “Irish” клубт тоглодог. Өнөөдрийн тэмцээнд оролцох зорилготой бус нөхөрсөг тоглолт хийхээр ирсэн. Тэмцээнд орно гэж бодоогүй байсан болохоор хожсондоо маш их баяртай байна. Тэмцээнд есүүлээ оролцсон. Манай баг улсын аваргын мөнгө, алт, лигийн алт, мөнгө, хүрэл медальтай. Улсын болон дүүргийн тэмцээнүүдэд тасралтгүй оролцож, амжилт гаргадаг" гэв.           

Залуусын сонирхол амьд хөгжмийн тоглолт

Залуусын сонирхлыг татсан зүйл бол амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт байлаа. Тус тэмцээний I байрт “Clown loft loft" орлоо. Энэ үеэр тус хамтлагийн гишүүдийн сэтгэгдлийг сонссон юм. “Манай хамтлагийн нэрийг “Clown loft loft" гэдэг. Монголоор “Алиалагчийн хархираан” гэсэн үг. Байгуулаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд уран бүтээлээ тасралтгүй хийж байна. Хөгжмийн металкор урсгалаар дуулдаг. Өмнө нь олон тоглолтод оролцож байсан. Гэхдээ тэмцээнд анх удаа оролцож түрүүлсэндээ баяртай байна. Бид хүсэл сонирхлоороо нэгдэж, нэг мэдэхэд л хамтлаг болсон. Манай хамтлаг бөмбөрчин, дуучин, гурван гитарчин гээд таван гишүүнтэй” хэмээв.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй: Өнөөдрийн зохион байгуулсан бүх нийтийн зугаалга, хаврын баяр маань сайхан боллоо. Энэ өдөр нийслэлчүүддээ зориулан спортын болон урлагийн олон арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэлийн намын байгууллагын 90 жилийн ойг.угтаж сар гаруйн хугацаанд ажилласан. Энэ өдөрлөг хамгийн оргил үе юм. Өнгөрсөн сарын хугацаанд залуучуудын дунд илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний хурлыг эрдэмтэн судлаачдын дунд явуулсан юм. Өнөөдрийн гол үйл явдал бол “Зүрхнээс зүрхэнд” хандивын аянаас цугларсан мөнгийг “Зүрхний Улаанбаатар” клубт хандивлана. Энэ мөнгөөр ирэх оны есдүгээр сараас өмнө 90 хүүхдийг хүлээн авах цэцэрлэгийг нийслэлийн аль нэг газарт барих юм. Эхний хөрөнгийг өнөөдрийн өдөрлөгөөс цуглууллаа.

НИТХ-ын тэргүүлэгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга Б.Саранчимэг: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д олон аж ахуйн нэгж иргэдийнхээ сайн сайхны төлөө, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд үйл ажиллагаа зохион байгуулахаар санал хүсэлтээ ирүүлдэг. Өчигдөр /баасан гариг/ гэхэд генералуудын баяр болж, маш сайхан арга хэмжээ зохион байгууллаа. Харин энэхүү арга хэмжээг “Зүрхний Улаанбаатар" ТББ-ын санаачилгаар зохион байгуулсан. Энд одоогийн байдлаар 25 мянган хун ирсэн гэсэн судалгаа гараад байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь 975 га газрыг хамарсан 1 маш том төсөл юм. Хүрээлэнгийн 90 хувьд ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. 200 га талбайд тарьж байгаа 110 мянган мод, сөөг, зүлэгжүүлэлт Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 20 гаруй хувийг эзэлж байна гэсэн урьдчилсан судалгаа гарсан байна.

Нийслэлчүүдийн ногоон хөгжлийн төлөө зүтгэдэг иргэд, аж ахуйн нэгж манай ажилчдын нөр их хөдөлмөрийн хүчээр цэцэрлэгт хүрээлэн маань өнгө зүсээ улам нэмсээр байгаа. “Нэг гэр бүл - нэг төгөл” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд доод тал нь20 мянган гэр бүлийн оролцоотой цэцэрлэгжүүлэлт хийхээр төлөвлөсөн. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д амралтын өдрөөр үнэгүй иог хийх, заавал сурах арван бүжгийг сурах боломж олгох гэж байгаа. Цаашид аавуудын алхаа, ээжүүдийн, хүүхдийн, гэр бүлийн баяр зэрэг олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулна. Урин дулаан цаг ирсэн учраас иргэдийгээ ирж амарч зугаалахыг урьж байна.