С.Бямбацогт: НДҮЗ-ийн гишүүдийн нэлээд нь ашиг сонирхлын зөрчилтэй
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар
2015.04.27

С.Бямбацогт: НДҮЗ-ийн гишүүдийн нэлээд нь ашиг сонирхлын зөрчилтэй

УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа шаардсаны дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн  2014 оны үйл ажиллагааны тайланг маргааш авч хэлэлцэхээр болсон.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгээс ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр байнгын хорооны тогтоолын төсөл өргөн барихаар болсныг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээллээ.

Учир нь өнгөрсөн хугацаанд МАН-ын бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх, Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй малчны шимтгэлийг нь нөхөн төлүүлэх, ирээдүйг нь баталгаажуулах, Ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэгдэхгүй өнөөг хүрсэн. Тиймээс ахмадуудын хүсэлтийн дагуу тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар чиглэл өгсөн байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр шийдсэн байна.

Нөгөө талаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тавьсан хүсэлтийг үл ойшоож хэлэлцэхгүй байгаа нь зөвлөлийн бүрэлдэхүүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн есөн гишүүний нэлээд нь ашиг сонирхлын зөрчилтэй, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байдаг аж.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланд өгүүлснээр нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг харилцах ба хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгөн хөрөнгийн хүүгийн орлогоос 58.1 тэрбум төгрөгийн орлого олж санг арвижуулжээ. Үүнээс өөрөөр хэдий хэрийн мөнгийг хэчнээн арилжааны банкинд ямар хугацаагаар байршуулсан талаарх мэдээлэл тайланд огт тусгагдаагүй байна.

Ирэх баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд МАН засгийн эрх барьж байх үедээ далд эдийн засгийг багасгах, татварын ачааллыг бууруулах, дөрвөн арвын татвар, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх талаар тодорхой хууль боловсруулж хэрэгжүүлсэн. Мөн 2012 оны сонгуулиас хойш энэ чиглэлээр олон хуулийн төсөл өргөн мэдүүлсэн ч өнөөг хүртэл хэлэлцэгдэхгүй байна.

Тухайлбал, НӨАТ-ын босгыг өндөрсгөх, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй орлоготой аж ахуйн нэгжид ногдуулах татварыг нэг хувь болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авч байгаа цалинг татвараас чөлөөлөх зэрэг хуулийн төслүүдийг дурдаж болно. Тиймээс аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, ард иргэдэд хэрэгтэй эдгээр хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайдын мэдээллийн цагаар МАН-ын бүлгээс шаардахаар болжээ. Түүнчлэн УИХ-ын даргад хандан МАН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага тавих аж. 

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын дарга бол парламентын хуралдааныг удирдах, зохион байгуулах үүрэгтэй хүн. Гэтэл улс төрийн намын дарга спикертэй болсноос хойш улстөржиж, хуулийн төслүүдийг хэлэлцэх, хэлэлцэхгүйг шийддэг болсон. Зарим хуулийн төслийг дараалал харгалзахгүй хэлэлцдэг, зарим хуулийн төслийг бүтэн жилээр хав дардаг болсон. Бид УИХ-ын даргад энэ асуудлаар шат дараатай шаардлага тавьж ажиллана " гэв.