АСЕМ-ын лого ирэх сард олон нийтэд ил болно
Зөвлөлийн ээлжит хурал боллоо
2015.04.28

АСЕМ-ын лого ирэх сард олон нийтэд ил болно

Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. 

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5,000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.

Манай улсад болох дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахлан ажилладаг бөгөөд тус зөвлөлийн ээлжит хурал боллоо.

Хурлаар зочид буудлуудын хөрөнгө оруулалтын санхүүжилт, АСЕМ-11 уулзалтын логоны уралдааны дүн, уулзалтын сэдэв, дээд түвшний уулзалтыг дагалдах арга хэмжээнүүдийн тов зэрэг асуудлыг ярилцлаа.

Уулзалтад ирэх төлөөлөгчдийн орон байр, зочид буудлуудын бэлэн байдлыг хангах, хүчин чадлыг нэмэх, үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлж олон улсын түвшинд хүргэх шаардлага байна. Зочид буудлуудад ямар туслалцаа дэмжлэг үзүүлж болох талаар ярилцлаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Лого шалгаруулах уралдаанд 22 оролцогч 35 бүтээл ирүүлснээс эхний гурван байрт шалгарсан бүтээлийг Үндэсний зөвлөлд танилцуулсан бөгөөд ирэх сард олон нийтэд зарлах юм байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.