Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэхэд соён гэгээрүүлэх ажил чухал
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2015.04.29

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэхэд соён гэгээрүүлэх ажил чухал

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци  “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт бага хурлыг энэ сарын 28, 29-нд  ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд зохион байгуулж байна. Хуралд  200 гаруй байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцож буй бөгөөд уул уурхай, барилга болон, эрчим хүч бусад үйлдвэрлэлийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого, хэрэгжилт, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр Уул уурхайн  үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаагаас зарим зүйлийг тодрууллаа. 

-“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт бага хурлыг танай байгууллагаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн бага хурлаас ямар үр дүнг хүлээж байна вэ?

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны тал дээр хандлага, сэтгэлгээ огт өөрчлөгдөөгүй байна. Ямар нэг байдлаар үйлдвэрийн осол гарч, хүн амь насаараа хохирох, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд  тусалж дэмжих даатгалын систем ч Монголд байхгүй байна. Ийм үед хариуцсан ажилтанг буруутгах, торгох гэх мэт шахалтын арга барил зонхилж ирсэн. 

Үүнийг л өөрчилье гэсэн байдлаар дөрөв дэх удаагаа энэ бага хурлаа зохион байгуулж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүйн ажиллагааны 18001 олон улсын стандартыг батлуулсан байгаа. Батлуулсан ч асуудал дуусдаггүй юм байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд стандартаа сурч мэдэх шаардлага гарч байна. Үүнийг заадаг багш хэрэг­тэй. Энэ мэтээр бүхэл бүтэн сур­галтын тогтолцоо шаар­даг­даж байгаа юм. 

Дээр нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх асуудлууд байгаа. Бид стандартын хэрэгжилт, сургалтын тогтолцоо гэсэн хоёр асуудалд ахиц муутай байгаа. Тиймээс сургалтын тогтолцоог бий болгох асуудлыг энэ удаагийн бага хурлын үр дүн гэж хүлээж байна. Хувийн хэвшил, ТББ өөрсдөө санаачлаад үүнийг бий болгох гээд явж байгаа ч, төр засгийн дэмжлэг юу юунаас илүү чухал. 

-ХАБ-ын орчин үеийн хандлагын талаар мөн хэлэлцэнэ гэсэн. Тухайлбал, ямар асуудлыг хэлэлцэх вэ?

Орчин үеийн дэлхийн орнуудын явж байгаа хандлага гэж байгаа. Тэр нь төрөл бүрийн стандартууд байна. Тэр стандартыг тэргүүний арга барил гэж хүлээн зөвшөөрч түүнд суралцах, заах сургах, соён гэгээрүүлэх ажилд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлага гарч ирээд байна. 

Компанийн ХАБ хариуцсан ажилтан, их сургууль төгсч буй бүх төрлийн инженерүүд ажлын байранд очихдоо энэ талын сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Дээр нь яг энэ чиглэлээр бакалаврын мэргэшсэн ХАБ-ын ажилтан бэлтгэх хэрэгтэй. МСҮТ, Инженерийн сургуулийн сур­гал­тын хөтөлбөрт кредит цагаар ХАБ-ын хичээл түлхүү оруу­лах асуудал нэгдүгээрт тавигдах болчихоод байна. Энэ нь хандлага, сэтгэлгээ, арга барилыг л өөрчлөх асуудал. 

Ингэхийн тулд орчин үед бусад өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлж буй тэргүүний арга барилд суралцаж, түүнийг улс орондоо нэвтрүүлэх хэрэгтэй байна. 

-Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлуудыг утгаар нь хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийн хандлагыг өөрч­лөх ёстой гэж яриад байна. Яг яаж өөрчлөх юм бэ. Гарц нь хаана байна?

Гарц нь соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил, боловсрол олгох буюу сургалт явуулахад л байгаа юм. Сургаж байж л мэргэшүүлнэ. Сургахын тулд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сайн сургалтын хөтөлбөртэй байх хэрэгтэй. Үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөрийг батлаад, түүнийгээ одоогийн нийгэм, хөгжлийн хурдад  таарч байгаа эсэхийг хараат бус хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулалт хийлгээд явах ёстой. Тэгэхээр хөтөлбөр, багш, сургууль гуравт тавих шаардлага нь өөрөө өндөрсөх юм. 

Багшид тавигдах шаардлагын хувьд ур чадвар, мэдлэг. Харин сургуульд бүтэц бүрэлдэхүүн, элсэлт авах журам, төгсөгчиддөө тавих шаардлага зэргийг харгалзана. Дараа нь төгссөн хүнийг хэрэглэгч үнэлэх үнэлгээний тогтолцоо руу ирээдүйд явах хэрэгтэй байна. 

-Тэгвэл аюулгүй байдлын асуудлыг бодлогоор яаж дэмжих вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль шинэчлэгдэж байгаа. Хууль байна. Хуулийг хэрэгжүүлэх  дүрэм зааврууд байна. Дээр нь стандартууд бий.  Үүний дараа ёс зүйн дүрэм, байгууллагын дүрмүүд байна. Эдгээр бүгд нийлж, саяын соёлыг бий болгох ёстой. Тэгэхээр ганц хуулиас хамаарахгүй. Бод­логыг юу хэрэгжүүлэх вэ гэхээр тодорхой чадавхитай бүтцүүд хэрэгжүүлдэг. 

Жишээ нь сургалт, зөвлөх үйлчилгээ, хуулинд нийцэж байгаа эсэх, стандартад нийцэж буй эсэхийг үнэлэх хүртэл мэргэжлийн бүтцүүд ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь хараат бус, хөндлөнгийн бүтцүүд байх ёстой. Тэр бүтцийг бий болгохын тулд л энэ удаагийн хурлыг зохион байгуулж байна.