Олон улсын автотээврийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Юлиан Гүэнков тэргүүтэй Олон улсын автотээврийн холбооны төлөөлөгчид
2015.04.30

Олон улсын автотээврийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Юлиан Гүэнков тэргүүтэй Олон улсын автотээврийн холбооны төлөөлөгчдийг өнөөдөр /2015.04.29/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн Г.Батхүү Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч бөгөөд уулзалтын эхэнд тус холбооны үйл ажиллагааны талаар товч танилцуулаад энэ жил Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буйг тэмдэглэн хэлэв. Мөн тэрээр Монгол Улсын гаалийн байгууллага “ТИР” конвенцийг хэрэгжүүлэхэд хилийн хяналтын байгууллага, холбогдох яам, агентлаг болон автотээврийн үйл ажиллагаагаа эрхэлдэг компаниудын ажилтнуудыг сургалтад хамруулж, нэгдсэн мэдээллээр хангах шаардлага байгааг дурдаад, Олон улсын автотээврийн холбооноос ойрын хугацаанд сургалт зохион байгуулж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн автотээврийн салбарт гарч байгаа орчин үеийн, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн БНХАУ удахгүй Олон улсын автотээврийн холбооны гишүүн болох гэж байгаад таатай байна гээд “ТИР” карнейн дагалдах бичгийг электронжуулах нь дамжин өнгөрөх тээврийг саадгүй нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Олон улсын автотээврийн холбооны "ТИР"-ийн хэлтэс ба Аудитын дарга, ноён Юлиан Гүэнков УИХ-ын гишүүн Г.Батхүүг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд сургалт зохион байгуулах саналыг дэмжиж байгаагаа хэлэв. Тэрээр Монгол Улсад олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Ялангуяа дэд бүтцийн салбарт төслүүдийг хэрэгжүүлнэ гэлээ. Мөн "ТИР" конвенцийг хэрэгжүүлэхэд Монголын автотээвэрчдийн холбоо болон Монгол Улсын Засгийн газартай нягт хамтарч ажиллах хэрэгтэйг хэлээд бидний харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэж байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг энэ оны 7 дугаар сард тэмдэглэнэ. Энэ тэмдэглэлт арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна гэлээ. Уулзалтад Олон улсын автотээврийн холбооны "ТИР"-ийн хэлтсийн дэд дарга Ксениа Каско, Олон улсын автотээврийн холбооны Хятад ба Зүүн өмнөд Азийг хариуцсан ахлах зөвлөх Кү Пэнчэн болон Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Наранпүрэв нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.