О.Баасанхүү зарим сургуульд ажиллаа
2015.05.05

О.Баасанхүү зарим сургуульд ажиллаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос " Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих талаарх иргэдийн өргөдлийг байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэх, шийдвэрийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэхүү ажлын хүрээнд тус байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү өчигдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117, 37, 72, 57, 61 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургууль нь 640 хүүхдийн багтаамжтай хэдий ч 1240 орчим сурагчтай хоёр ээлжээр хичээллэж байна. Тус сургууль төв замын хажууд байрладаг учраас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс хурд сааруулагчийг засварлах, гарцны цагаан шугам хийх шаардлагатай байгааг Өргөдлийн байнгын хорооны даргад танилцууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн 37 дугаар сургууль 1983 онд байгуулагдсан, 93 багштай, 1940 гаруй сурагчтай, хоёр ээлжээр хичээллэж буй. Тус сургуулийн хувьд ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангид зургаан бүлэг хичээллэх төлөвтэй байгаа гэлээ. Мөн сургуулийн дээврийн засвар, сан техникийн засвар үйлчилгээний ажлуудыг хийсэн бөгөөд сургалтын орчинд шаардлагатай тохижилтын зарим ажлыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага шийдвэрлэж өгсөн байна.

Түүнчлэн сургуулийн орчны гэрэлтүүлэг муу байгааг шийдвэрлүүлэхээр дүүрэг, хорооны удирдлагуудад хандаад буй юм. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 72 дугаар сургууль нь 1800 гаруй сурагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг байна. Сургуулийн барилга 1979 онд баригдсан, дээвэр нь хуучирч муудсанаас жил бүр солих шаардлага тулгарч буй. Харин ерөнхий боловсролын 57 дугаар сургууль 920 хүүхдийн хүчин чадалтай ч 1400 гаруй сурагчтай бөгөөд сургууль байгуулагдсан цагаас хойшх 40 жилийн хугацаанд биеийн тамирын танхимд нэг ч удаа их засвар хийгээгүй гэлээ.

Дээрх сургуулиудын өмнө тулгамдаж буй бэрхшээл нь 2010,2011 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр тохижуулсан мэдээлэл зүйн танхимын компьютер ашиглалтын хугацаа дууссан, шинэчлэх шаардлагатай байгааг Байнгын хорооны даргад дуулгав. Ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хороо Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, сургалтын орчны талаар хэлэлцүүлэг зохиох юм.