Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал боллоо
2015.05.05

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал боллоо

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Мөн тус зөвлөлөөс энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Энэ үеэр зөвлөлийн гишүүдээс төлөвлөгөөнд тусгуулах хэд хэдэн саналыг хэллээ.  Тухайлбал, дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн дарга Ц.Төрмандах Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй, амжилттай сайн ажиллаж байгаа хороодыг оны эцэст урамшуулж байх саналтай байгаагаа хэлсэн.

Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүлгэм байгуулах саналыг гаргасан юм. Харин дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд архидан согтуурах, мансуурах буюу сэтгэцэд нөөлөх бодис хэрэглэх тохиолдол гарч байгаа учраас энэ чиглэлээр тодорхой ажил хийх хэрэгтэй байгааг хэллээ.

Дээр асуултуудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар, нарийн бичгийн дарга Ш.Бат-Өлзий нар хариулт өглөө. Тухайлбал, зөвлөлийн дарга, дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дунд сургуулийн хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилд бүлгэм байгуулах маягаар татан оролцуулах санааг дэмжиж байна гээд цаашид төлөвлөгөөнд тусган, ажил хэрэг болгохоо хэллээ.

Харин зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ш.Бат-Өлзий зөвлөлийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа хороодыг урамшуулах тал дээр анхаарч ирсэн. Өнгөрсөн онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороодын дунд уралдаан зохион байгуулан дүгнэж, амжилттай сайн оролцсон хороодыг шагнаж урамшуулсан гэлээ.

Зөвлөлийн хуралд мөн дүүргийн цагдаагийн гурван хэлтэсийн дарга нар эрүү болон хэв журмын нөхцөл байдлын танилцуулга талаарх тус тусын танилцуулгыг хийлээ. Түүнчлэн хурлын үеэр “Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэд, залуучуудыг сургалт, хөдөлмөрөөр төлөвшүүлэх нь” төслийн танилцуулгыг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэн Д.Буянаа танилцуулсан. Хурлын төгсгөлд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулын хэлтэсийн дарга А.Пүрэвсүрэн “Архигүй баасан гариг” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тайлан мэдээллийг хийлээ.