Даваадорж.Г 2015.05.06 | Сайт: Vip76.mn

Францад төрийн алба ингэж ажилладаг

Францад төрийн алба ингэж ажилладаг
Францын төрийн албан хаагчдын тоо нийт 4 сая

Францын эх сурвалжуудад бичсэнээр төрийн алба гэдэг нь төр, орон нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсийн ажил албаны нийтлэг юм. Ийнхүү тухайн ойлголт төвийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагад алба хашигч бүх хүмүүст хамаатай.

Төрийн албан хаагчид нь өргөн утгаараа бол янз бүрийн хэлбэр, түвшний төрийн байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс юм.

Төрийн албан хаагчийн нийт тоо 4 сая. Үүнээс 2/3 нь төрийн төв байгууллагуудад, 1/3 нь орон нутгийн засаг захиргаанд ажиллаж байна. Ойролцоогоор төрийн албан хаагчдын тал нь боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ажилладаг. Үүний 50% нь эмэгтэйчүүд. Тэдний ихэнх нь нийгмийн хамгаалал, боловсролын салбарт ажилладаг. Орон нутгийн засаг захиргааны байгууллагад тэдний тоо эрчүүдийн тооноос их, орон нутгийн техникийн албадад бага байдаг. Олонхи эмэгтэйчүүд хэн нэгний удирдлаган дор ажилладаг бөгөөд ихэвчлэн төрийн жижиг албадад ажилладаг. 

Төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг (тусгай эрх, статус бүхий цэргийнхэн, шүүгчид, парламентынхныг үл тооцон) “Төрийн төв албан хаагчид болон орон нутгийн төрийн албан хаагчдын нийтлэг журам” гэгчээр зохицуулдаг. Энэ журам нь 1983-1986 онуудад батлагдсан дөрвөн хуулиар хэрэгждэг. Үүнд: төрийн албан хаагчийн эрх үүргийн тухай хууль, төрийн төв албаны тухай хууль, орон нутгийн төрийн албаны хууль, эрүүл мэндийн төрийн албаны хууль багтдаг. Хожим нь дээрх журмыг өөр хэд хэдэн хуулиар баяжуулж, тодруулга хийсэн байна. Мөн цагдаа, галын аюулгүйн албаныхан, агаарын тээврийн албаныхан гэх зэрэг төрийн тусгай албаныханд хамаатай онцгой журам гэж байдаг.

Төрийн төв алба

Төрийн төв албаны тогтолцоог ерөнхий сайд толгойлдог бөгөөд албан хаагчдын ажил хэргийг зохицуулагч бүх заавар, тушаалыг баталж гарын үсэг зурдаг. Тэрээр өөрийн бүрэн эрхийг засгийн газрын гишүүдэд (сайдуудад эсвэл төрийн нарийн бичгийн даргад шилжүүлдэг).

Франц улсад төрийн алба, төрийн шинэчлэл, засаг хувиарлалтыг хариуцсан тусгай яам ажилладаг. Яамны бүрэлдэхүүнд Ерөнхий захиргаа, төрийн албаны удирдлагууд багтдаг. Ерөнхий захиргаа “Төрийн албаны нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хянах, холбогдох өмч хөрөнгийн нөөцийг захиран зарцуулах, захиргааны байгууллагуудыг шинэчлэн зохион байгуулалтыг удирдах зэрэг ажлыг хариуцдаг. Ерөнхий захиргааны эрх мэдэл захиргааны бүх байгууллагыг хамран хэрэгждэг. Мөн төрийн албан хаагчдыг бэлтгэгч, тэдний мэргэжлийг дээшлүүлэгч боловсролын байгууллагыг удирдах ажилд оролцдог. Ерөнхий сайд төрийн төв албаны Дээд Зөвлөлийг толгойлдог. Дээд Зөвлөл нь төрийн байгууллагын удирдлагуудаас 19, үйлдвэрчний эвлэлүүдийн 19 төлөөлөгчөөс бүрддэг. Зөвлөлийн гишүүд болон тэдний орлогчдыг Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 3 жилийн хугацаатай томилдог. Зөвлөл нь төрийн албанд хамаатай нийтлэг асуудлыг шийдэх, зөвлөмж боловсруулах, хуулийн төслийн урьдчилсан хэлэлцүүлэг зэрэгт оролцдог.

Францад Төрийн албаны зөвлөл хүчтэй ажилладаг.

Түүнчлэн, төрийн төв албаны тогтолцоонд зөвлөгч хэд хэдэн байгууллага байдаг. 1)  Хэсэг болгонд зориулсан ажилтан, удирдлагын тэнцүү төлөөллөөс бүрдсэн тэгш эрх мэдэл бүхий захиргааны комиссууд. Эдгээр комисс нь албан тушаал ахиулалт, сахилга батын асуудал зэргийг хариуцдаг. 2) Төрийн албаны дүрэм журам, зохион байгуулалтын ажлыг хариуцсан хороод. 3) Байгууллага болгонд байдаг аюулгүй байдал хариуцсан хороод (ийм хороонд ажилладаг хүмүүсийн ихэнх нь энгийн ажилтнуудын төлөөлөл байдаг).

Францын төрийн албаны зохион байгуулалт нь карьерын болон зэргийн хосолсон системтэй. Үүнтэй холбогдоод төрийн албан хаагчид хоёр том бүлэгт хуваагддаг. 1) Төрийн байгууллагад тохиролцоогоор ажилладаг төрийн ажилтан бус хүмүүс. Үүнд гэрээгээр, дадлагын шугамаар, цагийн хөлсөөр ажилладаг хүмүүс хамаарна. 2) Төрийн албанд байнга ажиллаж, төрийн албаны бүтцийг бүрдүүлж байдаг жинхэнэ төрийн албан хаагчид. Үүнд байнгын албан тушаалд томилогдсон, төрийн албан хаагчдын тодорхой бүлэгт хамааралтай, аль нэг захиргааны байгууллага, төрийн байгууллага, эсвэл орон нутгийн байгууллагад өөрийн зэрэгтэй хүмүүс хамаарна. Бүлэг ижил алба хашдаг хүмүүсээс бүрдэнэ (Багш нар, бичиг хэргийн ажилтнууд, няравууд, иргэний захиргааны ажилтнууд гэх зэрэг). Төрийн төв албаны тогтолцоонд нийтдээ 2000 орчим бүлэг байдаг. Аль нэг бүлэгт хамааралтай болсон төрийн ажилтан бүх амьдралаа нэг ажил дээр өнгөрөөж болно. Албан хаагчийн нэг албанаас нөгөө алба руу шилжих үйл явцыг онцгой дүрмээр зохицуулдаг.

Өөрийн бүлэг дотроо төрийн албаны ажилтнууд А,В,С,D гэсэн хэсгүүдэд хуваагдана. А хэсэгт удирдлага, ерөнхий чиглэл боловсруулах ажил хийдэг хүмүүс хамаарна. Ийм хүмүүс дээд боловсролтой байх ёстой. В хэсэгт харъяалалтай төрийн ажилтнууд заавал бүрэн дунд боловсролтой байх хэрэгтэй бөгөөд гүйцэтгэлийн чанартай гол ажлуудыг нугалдаг. С, D хэсгийн ажилтнууд голдуу техниктэй холбоотой болон туслах ажлууд хийдэг (D гэдэг хэсэг удахгүй алга болно). Төрийн ажилтан болгон өөрийн зэрэгтэй. Зэрэг гэдэг нь тухайн хүнд тодорхой албан тушаал эзлэх эрх олгодог цол хэргэм юм. Бүлэг болгон олон зэрэглэлээс бүрддэг. Зэрэглэл нь бас шатлалд хуваагдана. Зэрэг, албан тушаал хоёр нэг нэгнээсээ хамааралтай ч, бүрэн давхцана гэж байдаггүй.

Төрийн ажилтан гаргасан алдаа, зөрчлийнхөө төлөө бодитой хуулийн хариуцлага хүлээдэг.

Зэрэг нэмлээ гээд заавал албан тушаал ахих учиргүй (үүнтэй адилаар цэргийн хүн цол нэмлээ гээд албан тушаал ахидаггүй). Төрийн ажилтан зэрэг, шатлал ахих байдлаар өөрийн бүлгийн дотор карьер хийдэг (мэдээж албан тушаал ахих тохиолдол ч олон). Уралдаант шалгалт, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хэрхэн хамрагдсанаас шалтгаалж зэрэг олгодог. Зэрэг дэвшилт ажилласан хугацаа, аттестатчлалаас хамаардаг. Аттестатчлал нь мөн албан тушаал ахих нэг нөхцөл болдог. Өндөр албан тушаалд томилоход нэг бол удирдлагын шийдвэр, нэг бол уралдаанд шалгарах хэрэгтэй байдаг. Уралдаант шалгалт нь ерөнхийдөө өөр бүлэг рүү шилжихэд бас хэрэгтэй. Үндсэн хуулиар Францын бүх иргэн хүйс, арьсны өнгө, шашин, улс төрийн итгэл үнэмшлээсээ үл хамааран төрийн алба хаших эрхтэй. Тэгш байдлын энэ зарчим хэд хэдэн удаа шүүхийн шийдвэрээр батлагдсан билээ. Зарим ажил хүйсийн ялгаа зайлшгүй шаардсан үед, эсвэл хүн иргэний эрхээ хасуулсан үед, төрийн өмнө хүлээсэн хуулиар заасан цэргийн алба хаах хариуцлага үүрээгүй тохиолдолд, эсвэл эрүүл мэндийн улмаас албан үүргээ гүйцэтгэж чадахгүй үед дээрх заалт хэрэгжих албагүй. Зарим албан тушаал насны хязгаарлалт, боловсролын түвшний хатуу шалгуур шаарддаг. Гадаадын иргэд орон тооны бус албан тушаал хашдаг.

Хүмүүсийг төрийн албанд авахад хоёр хувивбарын уралдаант шалгалт зохиодог. а) шалгалт өгөх, тест бөглөх, б) албан тушаал горилж буй хүмүүсийг харьцуулах. Шинэ бүлэг үүсгэхэд өндөр албан тушаалд томилох (элчин сайд), зарим нэгэн доод албан тушаалд томилох зэрэгт шалгалт авах шаардлагагүй. Шинээр ирж албан тушаал горилж байгаа дээд боловсролтой хүн, мөн албан тушаалыг горилж байгаа, гэхдээ төрийн албанд удаан ажилласан хүн хоёрын хооронд ялгаа бий. (Ялангуяа Захиргааны Хэргийн Үндэсний Сургууль, орон нутгийн захиргааны институт болон өөр хэд хэдэн захиргааны хэргийн тусгай мэргэжлийн сургуульд шалгалт авахад). Уралдаант шалгалтын үеэр тухайн албан тушаал, шалгалтын тоо, шүүгчдийн бүрэлдэхүүн, албан тушаал горилогчдын жагсаалт (жагсаалтыг Ерөнхий сайд, эсвэл тухайн бүлэгт ажилтан шалгаруулах үүрэг хүлээсэн хүн баталдаг) зэргийн талаар шуурхай, дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг. Шударга бус шүүсэн нь нотлогдсон тохиолдолд шалгалтын шүүгчдийн шийдвэрийг шүүх хурлаар цуцлах учиртай. Шалгалтыг давсан хүмүүс голдуу эхний нэг жилийн турш дадлагажигчаар ажилладаг. Ерөнхий сайд, сайдууд, яамдын орон нутаг дахь албаны удирдлагууд шалгалтанд тэнцсэн хүмүүсийг албан тушаалд нь томилдог.

Төрийн ажилтан болгон заасан тарифын дагуу цалин авдаг. Хамгийн их, хамгийн бага цалин хоёрын харьцаа 1:5 байдаг. Цалингаас гадна нэмэлт зардлыг олгодог (байр, гэр бүлийн гишүүдэд зориулж гэх мэт). Төрийн ажилтан жил бүр цалинтай амралт, өвчний чөлөө, жирэмсний чөлөө авах, нярай хүүхэд асрах 5 долоо хоногийн эрхтэй. Төрийн ажилтны карьер тэтгэвэрт гарснаар дуусдаг (олонхийн хувьд тэтгэврийн нас 60 байдаг ч, 65 хүртлээ ажиллахыг зөвшөөрдөг). Төрийн ажилтан өөрийн хүсэлтээр огцорч, албаа өгч болно. Төр сахилга бат зөрчсөн төрийн ажилтныг халах, том ял хийсэн тохиолдолд тэтгэвэр олгохгүй байх эрхтэй. Тэтгэвэр нь ажиллаж буй төрийн ажилтны цалингийн 7% болон төсвийн хөрөнгөөс бүрддэг. Тэтгэврийн хэмжээ нь сүүлд авч байсан цалингийн хэмжээ, жил бүрийн цалингийн хэмжээнээс хамаардаг. Тэтгэврийн хэмжээ сүүлийн цалингийн 75% аас хэтрэх ёсгүй.

“Төрийн албаны нийтлэг журам” –аар төрийн ажилтны эрх, үүргийг тодорхойлдог. Эрх гэдэгт итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөө (сонгуульт ажил хийдэг, эсвэл төлөөллийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүст хамаатай), ажил хаях эрх (гэхдээ улс төрийн биш), үйлдвэрчний эвлэлийн ажил хийх эрх, төрийн албан хаагчдад хамаатай асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрх,  амралт чөлөө авах эрх, мэргэжлээ байнгад дээшлүүлэх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хамгаалуулах эрх зэрэг орно. Харин төрийн ажилтны үүрэг хоёр бүлэгт хуваагдана. 1) үг дуугүй биелүүлэх ёстой албан үүрэг. 2) статусын үүрэг буюу биеэ барих, нэр төрөө бодох, алаг үзэхгүй байх, төвийг сахих үүрэг.

Төрийн ажилтан гаргасан алдаа, зөрчлийнхөө төлөө хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ нь эрүүгийн хариуцлага байж болно (хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж эрх мэдлээ хэтрүүлсэн, авилга авсан тохиолдолд), хэрэв төрийн ажилтан байгууллагад эд материалын хохирол учруулсан бол санхүүгийн хариуцлага болно. Мөн сахилга батын хариуцлага гэж байдаг. Сахилга батын хариуцлага үүрч байгаа тохиолдолд хэргийг дээд байгууллагыг төлөөлдөг захиргааны комисс шийддэг. Авч буй сахилга батын арга хэмжээг үндэслэх хэрэгтэй.