Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо
2015.05.06

Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.05/хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг уян хатан, түргэн шуурхай, нээлттэй, боловсронгуй болгох шаардлагатай байгааг харгалзан, мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төр, засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авах, бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх зорилтыг биелүүлэх зорилгоор Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулиар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамрах хүрээний хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой бусад эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн харьяалал харгалзахгүйгээр бүртгэхээр тусгажээ.

Түүнчлэн барилга, байгууламжийн эрхийг түүний доорх болон орчны нэгж талбарын эрхэд үндэслэн бүртгэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгоор улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, дээрх хуулийн төсөл батлагдсанаар эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой гардаг хүнд суртал алга болох уу, төрийн байгууллагын ямар чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодод олгохоор төсөлд тусгасан бэ гэж лавласан. Мөн тэрбээр, газрыг нэг бүртгээд, түүн дээр барьсан обьектыг мөн өөрөөр бүртгэдэг тогтолцоог хуулиар нэг мөр шийдэх эсэхийг тодруулсан юм.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, цахим засаглалын нэг бүрэлдэхүүн болох цахим бүртгэлийн үйлчилгээ нэвтэрч эхэлснээр төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ чирэгдэлгүй, хурдан шуурхай болж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болох аж. Мөн төрийн байгууллагаас гадна банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж цахим бүртгэл хийх тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан байна.

Газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болсноор газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгаа хангагдана гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Тухайн улсын эрүүгийн эрх зүйн тогтолцооны шударга байдал нь хууль зүйн тогтолцоо нь бүхэлдээ шударга эсэхийг үнэлэх шалгуур болдог. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсруулсан хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулжээ. Түүнчлэн таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд өөрчлөлт оруулж, хэрэглэх үндэслэл журмыг тогтоон, шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хязгаарлуулсан яллагдагч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор оролцохоор тусгаж өгсөн байна.

Гишүүд төслийн хэлэлцүүлгийн явцад хүнийг удаан хугацаагаар хорьдог, мөрддөг явдал энэ хуулиар цэгцрэх үү, хуулийн төслөөр сэжигтэн гэдэг ойлголт үгүй болж байгааг хэрхэн ойлгох, яллагдагч гэж чухам ямар хүнийг хэлэх талаар тодруулж байлаа.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав болоод ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр, үндэслэл муутайгаар хүний эрхэнд халдах явдлыг хориглож, хүний эрхийг хөндөх бүх ажиллагаанд шүүх хяналт тавьдаг байхаар төсөлд тусгаснаараа онцлог юм байна. Сэжигтэн гэсэн ойлголт үгүй болж байгаа бөгөөд хэн нэгнийг ямар нэг гэмт хэрэгт сэжиглэсэн тохиолдолд дуудаж байцаадаг, хорьж цагддаг явдал эцэс болох юм байна. Мөрдөн байцаагч гагцхүү нотлох баримт цуглуулах бөгөөд нотлох баримт бүрдүүлсний дараа прокурорт танилцуулан, түүнийг нь прокурор хангалттай гэж үзсэн тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар тооцон байцаалт явуулах эрхтэй болох юм байна. Өөрөөр хэлбэл, хангалттай нотлох баримтгүй байж дуудаж байцаадаг, сэжигтнээр тооцуулан авчраад өрөөнийхөө үүдэнд байцаалт авах нэрээр хэдэн цагаар суулгадаг, хорьдог явдлыг эцэс болгох юм байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, хуулийн төсөл концепцийн зөрүүтэй байна хэмээсэн бол Ё.Отгонбаяр, З.Баянсэлэнгэ, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын гишүүд хуулийн төслийн талаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуулан, ойлголтын зөрүүг арилгах нь зүйтэй гэсэн саналтай байсан. Ингээд төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг түр хойшлуулах тухай гишүүдээс гаргасан горимын санал дэмжигдсэнээр төслүүдийн талаар хэлэлцүүлэг хийсний дараа уг асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дараагийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байсан ч төслүүдийг УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хараахан хэлэлцэж амжаагүй учир түр хойшлуулах УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн гаргасан горимын санал дэмжигдсэнээр асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

Мөн хуралдаанаар Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах” гэсний “... шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт ...” гэсэн хэсэг нь; 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”; мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.”; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална.”; 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.” гэж заасны “... шийдвэрийн чанар ... уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ...“ гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.

” Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.