"Зангараг"
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
2015.05.11

"Зангараг"

Монгол улс парламентийн засаглалд шилжсэн үеэс тасралтгүйгэээр танхимын гишүүнээр сонгогдсон эрхэм бол Ц.Нямдорж.

Тэрээр энэ хугацаанд хоёр ч удаа Хууль зүйн сайдаар сонгогдон ажилласан нь нэлээд их зүйлийг мэддэг гэх. Учир нь заримдаа чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Нөхөр минь би чамайг мэднэ шүү” гэж хэлээд бусдынхаа амыг тагладаг нь тэдгээр хүмүүст нэгийг бодогдуулдаг биз ээ.

Ямартай ч сүүлийн үед чуулганаар үг хэлэхдээ хэлэлцэж байгаа хууль, тогтоолууд гэхээс илүүтэйгээр төрийн түшээдийг нэлээдгүй зэмлэх болсон. Хоёр долоо хоногийн өмнөхөн УИХ-ын чуулганаар Төрөөс тэтгэврийн талаарх бодлогын бичиг баримтыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат гишүүнд ширүүн хэдэн үг хэлэх шиг болсон.

Харин өнгөрсөн баасан гаригт 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх үеэр “Зодооноор л ажил эхэлсэн.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт УИХ өөрсөддөө дүгнэлт хийх цаг нь болсон. Засгийн газрын бүтэшгүй мөрөөдлийг 45 хүн хүчээр баталсан. УИХ бүтэн хоёр жил Засгийн газартаа хяналт тавилгүй төрийг самруулсан. Одоо Тавантолгойн гэрээг юу болгож байна, УИХ-ын дарга түүний зөвлөх ийм юм хийж болдог юм уу.

Оруулаад ирсэн юм нь буруу байж болно, зөв болгоод гаргаж болно. Ганц бодлого боловсруулаад гаргаж чадахгүй, хий савсуулсан улсууд. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг юм болж байна” хэмээн бухимдуу үг хэлсэн.

Түүнчлэн Тавантолгойн талаар хэлэхдээ УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг “Тэр одоо 77 дахь гишүүн юм уу. Ер нь тэгж болдогын юмуу” гэж хэлж байгаа харагдсан. Ямартай ч эрхэм гишүүн ойрын үед жаахан бухимдуу байгаа нь нэг ангийхаа нөхдүүдэд нь үнэхээр болохгүй байгаа бололтой.

Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт бие даагчдийн гурав руу жинтэй хэдэн үг нисгэж байгаа харагдана лээ. Зарим нэг нь   хатуу хөтүү хэмээн  өөлдөг  ч Нямдорж шулуухан зантай  омголон л хүн. Хэлсэн ярьснаас нь эх орон, элгэн нутаг нь үнэртдэг монгол зан түүнд бий. 

Ингээд эрхэм түшээгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.