Бид МАН-ыг дагаж зүүн тийш, АН-ыг дагаж баруун тийш хазайхгүй
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.05.12

Бид МАН-ыг дагаж зүүн тийш, АН-ыг дагаж баруун тийш хазайхгүй

З.Баянсэлэнгэ: Бид МАН-ыг дагаж зүүн тийш, АН-ыг дагаж баруун тийш хазайхгүй УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хурлаараа 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн талаар мэдээлэл сонсч, Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Ингэхдээ уг хуулийн төсөлд ямар үйлдлийг гэмт хэрэг гэх вэ, гэрийн хорио гэдэг нь ямар ойлголт болох талаар тодруулах зүйл байгаа аж. Мөн Эрүүгийн хуулийг батлагдсаны дараагаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурин дээр нэгджээ. Харин Гаалийн албан татварын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Гишүүдийн зүгээс гаалийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт их, төсвийн орлого бүрдүүлэлтэд асуудал үүсгэдэг, амьдрал дээр шударга бус зүйл их байгааг шүүмжилжээ. Хурлын дараагаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэтэй уулзаж ярилцлаа. 

-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг, ялангуяа МАХН-ын гишүүд Тавантолгойн асуудлаар Засгийн газраас зарчмын өөр байр суурьтай байгаа учир УИХ-д өргөн бариад байгаа гэрээний төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Бүлгийн хурлаар энэ асуудлыг дахин ярилцсан уу?

“Шударга ёс” эвслийн бүлэг Тавантолгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн байр суурин дээрээ бат зогсож байгаа. Одоогийн яригдаж байгаа гэрээ нь Тавантолгойн орд газарт хэн нь эзэн суух вэ гэдэг тэмцэл өрнөж байгаагаас биш ард түмэнд ашигтай зүйл огтхон ч алга. Тус ордын баялгийг Монголын ард түмэнд илүүтэй хүртээж, эрх мэдэлтнүүдийн оролцоог багасгах гэж тэмцсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлмэгдсэн. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр байна.Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулах гэрээг хэлэлцэх гэж буй энэ үед МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Тавантолгойн орд газар бүх ард түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой. 

Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах. Тавантолгойн орд газрыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байхыг баримтлах ёстой” гэсэн зарчмууд хүчинтэй хэвээрээ байгаа. Өнөөдрийн тухайд Тавантолгойд Монгол Улсын Засгийн газрын мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани тодорхой хэмжээгээр асуудлаа шийдэж, зохицуулаад явж байгаа шүү дээ. Өөрсдийн хүч бололцоогоор “Чалко”-гийн өрийг төлөөд л явж байгаа. Харин үйл ажиллагааг нь илүү үр ашигтай, хүртээмжтэй болгоод цааш нь үргэлжлүүлээд л явуулах ёстой. Бид энэ асуудалд МАН-ыг дагаж зүүн тийшээ, АН-ыг дагаж баруун тийшээ хазайхгүй.

МАХН УИХ, Засгийн газарт суудалгүй, гудамжинд тэмцэж байхаасаа л Тавантолгой, Оюутолгойн баялгийг Монголын бүх ард түмэнд өгөөжөө өгдөг, тэндээс хувь хишиг хүртдэг байх ёстой гэж л тэмцэж ирсэн. Өнөөдөр энэ байр суурин дээрээ яг л хуучин шигээ бат зогсож байгаа. Тавантолгойн асуудал УИХ-аар орох ёстой. Гэхдээ хамгийн эхэнд Монголын ард түмний 1072 хувьцааг амь оруулах, дараа нь хөрөнгө оруулагчдын ашиг орлого, бусад зүйлийн талаар ярих ёстой. Эцсийн эцэст олон намын төлөөллөөс бүрдсэн нэг ёсны “Тоглоомын Засгийн газар”-ын хувьд Шийдлийн Засгийн газар бидний саналыг хүлээж авах л учиртай. 

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын долоонд “Bloomberg Mongolia” телевизэд ярилцлага өгөхдөө “Оюутолгой” зэсийн ордын гацаанд орсон 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхээр “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээ ирэх долоо хоногт дуусч магадгүй хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаар “Шударга ёс” эвслийн бүлэг ямар мэдээлэлтэй, ямархуу байр суурьтай байгаа вэ?

Одоогоор энэ талаар хэвлэлээс л мэдээлэл авч байна. Гэхдээ Оюутолгойн асуудлаар МАХН өөрсдийн тодорхой байр суурьтай. Тэгээд ч энэ асуудал анх удаа яригдаж байгаа зүйл биш. “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш гэдэг хүн саяхан Монголд ирээд явах үеэс л бид энэ асуудлыг тандаж эхэлсэн. Оюутолгойн гэрээ өнөөдрийн байдлаар Монгол Улсад ямар ч ашиггүй, туйлын хорлонтой гэрээ шүү дээ.Яг өнөөдрийн байдлаар Оюутолгойн баялгийн борлуулалтын орлогын 10 төгрөг тутмаас Монгол Улс ердөө 50 хүрэхгүй мөнгө л алдаг, оног авч байгаа юм билээ.

Харин бидэнтэй мөр зэрэгцээд УИХ-д сууж байгаа нэр бүхий хэдэн олигархийг цаашид ч өнөөдрийнх шиг ямар ч асуудалгүй тэжээгээд явах тухай асуудал байж таарахгүй. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа л бол Оюутолгойн баялаг нийт Монголын ард түмний баялаг байж, бид бүгдээрээ адилхан ашиг, хувь хүртэх ёстой. Түүнээс биш Оюутолгойн луйврын гэрээг батлалцсан, гарын үсгээ зурсан хэдхэн хүний хязгааргүй баяжиж хөлжих орлогын эх үүсвэр нь болсоор байх ёсгүй. 

Байдал ийм тодорхой учир Оюутолгойн гэрээнд зайлшгүй өөрчлөлт оруулж, Монголчуудын эрх ашгийг давын өмнө тусгаж, оруулах ёстой. Нөгөө талаар Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн энэ Засгийн газар бол “Тоглоомын Засгийн газар” шүү дээ. Бүх намуудын төлөөлөл орсон мөртлөө далд эзэнтэй Засгийн газар гэдэг нь бүх л ажил, шийдвэрээс нь тодорхой харагдаж байгаа. Энэ Засгийн газрын бүх хариуцлагыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээх ёстой.

Харин энэ Засгийн газрын ард хөдөлгөгч хүч нь болоод зогсож байгаа далд эзэн нь хариуцлага хүлээхгүй. Тийм учраас л би “Тоглоомын Засгийн газар” гэж хэлээд байгаа юм. Товчхондоо энэ Засгийн газарт сөрөг хүчин байгаад ямар ч хэрэггүй, хүч хүрэхгүй. Бүх намын төлөөлөл тодорхой удирдаачтайгаар энэ Засгийн газарт орчихсон болохоор сөрөг хүчин байгаад ямар ч нэмэргүй болчихсон. Гэхдээ бүх хулгай, луйвар, хууль бус ажиллагааг ард түмэн өдөр бүр харж, үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нь тодорхой. 

-Ер нь ингэхэд сөрөг хүчингүй шахам УИХ, Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн асуудлаар ард түмнийхээ эрх ашигт нийцсэн, хожмын өдөр элдэв уршиг, хохиролгүйгээр гэрээндээ засвар оруулж, баталж чадах найдвар харагдана уу?

Хэдийгээр хүч тэнцвэргүй байгаа ч бид Тавантолгойн асуудлаар буулт хийх бодолгүй байна. Ямар ч гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр зүтгэж, тэмцээд явж байгаа нь Тавантолгой төслийн хэмжээнд сөрөг хүчний тодорхой дуу хоолой байгааг илтгэж байгаа юм. Гэхдээ өөр асуудлаар ч гэсэн тодорхой сөрөг хүчин гарч ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Оюутолгойн гэрээнд их бага ямар ч гэсэн өөрчлөлт оруулах л ёстой. Ерөнхий сайдын яриад байгаа ямар нэгэн өөрчлөлт, хэл амаа ололцсон зүйл нь юу болох нь удахгүй илэрхий болно. Тэр үед нь бид өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. 

-“Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхгүй хав дарах, дарааллын сүүл рүү шиддэг байдал өөрчлөгдөж байна уу. Энэ асуудлаар та бүхэн нэлээн хэдэн удаа эсэргүүцлээ илэрхийлж байсан санагдана?

Ганц “Шударга ёс” эвслийн бүлэг гэлтгүй энэ УИХ-ын гишүүдийн хууль санаачлах, санаачилсан хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлэх, батлуулах асуудал бол маш хязгаарлагдмал болсон гэдгийг шулуухан хэлчихье. Үүнийг нэг талаасаа төсөв хөрөнгөтэй холбоотой гэж тайлбарладаг ч нөгөө талаасаа сонгууль дөхөж байгаа үед улстөрийн ашиг хонжоо олчих вий гэсэн хардлагын үүднээс хуулийн төслүүдийг явуулахгүй байгаа. Товчхондоо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан иймэрхүү үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн тул миний хувьд Ерөнхийлөгч, Засгийн газраас хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн тохиолдолд л явах юм байна, мань мэтийнх бол яагаад ч явахгүй юм байна гэдгийг хатуу ойлгосон. 

Тийм болохоор сүүлийн үед өөрийнхөө санаачилсан хуулийн төслөө Ерөнхийлөгч юмуу, Засгийн газарт өгчихье, тэгээд чаддагаараа тэр хүмүүс цааш нь явуулаг гэж боддог болсон. Надад бол ямар нэгэн хуулийн төслийн автор булаацалдах огтхон ч шаардлага байхгүй. Миний хувьд жирийн ард түмний төлөөлөл болж энэ УИХ-д орж ирсэн, ард түмнийхээ өдөр тутмын амьдралыг дэндүү сайн мэддэгийн хувьд тэдний эрх ашигт нийцсэн, тэдний дуу хоолойг илэрхийлсэн ганц ч болтугай хуулийн төслийг тэр Ерөнхийлөгч, Засгийн газрынх нь нэр дээр ч болтугай дээш нь явуулж чаддаг л юм бол надад түүний авторыг булаацалдаад байх ямар ч сонирхол, шаардлага, эрх ашиг байхгүй. 

-Ер нь ингэхэд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хувь хүнийхээ болон хууль тогтоох байгууллагын гишүүний хувиар З.Энхболд даргатай ямархуу харилцаатай байдаг вэ?

Мэдээж УИХ-ын дарга, спикерийнх нь хувьд хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол зарчмын асуудал. Харин хувь хүн талаасаа бидний дунд ойр дотно харилцаа байхгүй. Бусад гишүүдтэй харьцдаг шиг ч харьцаа байхгүй.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр УИХ-ын гишүүн Г.Уянга ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод хандаж ширүүхэн үг хэлсэн. Жирийн иргэд сонгогчдод түүний үг таалагдсан бололтой байна лээ. Харин өөрийн тань тухайд сүүлийн үед ер нь л намуухан байх болжээ дээ?

Би бүх зүйл рүү үсчээд, ороод байдаггүй. Хамгийн гол нь өөрийнхөө мэддэг, мэдэхийг хүсч байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэхийг боддог. Мөн сэтгэл зовоосон хэрнээ эргэлзээтэй асуудлын үнэн мөнийг тодруулах, тухайн нөхцөл байдлыг магадлах үүднээс ханддаг. Нөгөө талаар байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганд зарчмын байр сууриа илэрхийлсэн асуулга, тодруулга яриа маань төдийлөн хэвлэл мэдээллээр гардаггүй болохоор иргэд сонгогчид маань ялангуяа сөрөг хүчний дуу хоолой болдог тоотой гишүүдийн талаар мэдээлэл муутай байдаг юм билээ. 

Миний хувьд Хүний эрх, хууль шүүхийн байгууллагуудын ажил байдалтай холбоотой асуудлууд, Эрүү, Иргэний хуулийн зүйл заалт зөрчигдөж байгаа тохиолдол зэрэг өөрийн мэддэг асуудлуудад үзэл бодол, байр сууриа хэн нэгнийг даган дууриах өнгө аясаар биш, өөрийнхөө бодлоор тодорхой илэрхийлдэг.

Хамгийн гол нь УИХ-ын 10 гишүүн үзэл бодлоо илэрхийллээ гэхэд АН-ын найман гишүүнийг гаргаад л нөгөө хоёрыг нь хальт дүрсийг нь явуулаад л өнгөрдөг байх жишээтэй. Яг Баянсэлэнгэ гэдэг хүний хувь хүнийх нь мөн чанар, улстөрчийн үзэл бодол, байр суурь төдийлөн гардаггүйд зарим үед бухимдаж л явдаг. Тэр талаар бол хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг зүйл үнэхээр хаалттай байдгийг өөр дээрээ тулахаар л мэдэрдэг юм билээ. 

-Өөрийн тань тухайд “популист”-аараа дуудуулахаас эмээх, сонгогчдын дунд тэр талаар нэр хүндээ алдахаас эмзэглэж, болгоомжилж байгаа зүйл байна уу, үгүй юу?

Түүнээс айгаад, болгоомжлоод байгаа зүйл байхгүй. Популизм хийх үедээ хэнээс ч айх эмээх зүйлгүй адилхан л хийнэ шүү дээ. Популизм гээд байгаа зүйл бол улстөрчдийн бас л гол зэвсгийн нэг л дээ. Өнөөдөр бидний хууль санаачлах эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа тохиолдолд байр сууриа хатуухан илэрхийлэхээс өөр арга байхгүй. Миний хувьд “популист” нэр зүүхээс айгаад дуугүй суугаад байсан гэж өөрийгөө ерөөсөө бодохгүй байна. Харин ч би тэр талаар их нээлттэй, шулуухан хүн гэж өөрийгөө боддог. 

Яагаад гэвэл би арай өөр, өвөрмөц зан ааштай хүн. Гэхдээ би хэн нэгэнтэй барьцалдаж, бүр хатуу ширүүн популизм хийх шаардлага байхгүй. Аливаад нухацтай хандъя, аль нэг талыг нь дагаж хувирахгүй байя, асуудлын голыг олох юмсан, үнэнч шударга байх юмсан л гэж боддог. Болж байгаа зүйлийг бол би аль болохоор л дэмжээд явна. Аль ч намынх байсан ямар ч ялгаа байхгүй. Үнэхээр Монголчуудын амьдралд өгөөжтэй, болж бүтэж байгаа зүйлийг би хэний ч шахалт шаардлага, оролцоогүй дэмжээд л явна. Болохгүй, хулгай луйвар, Монголчуудын эрх ашигт харшилсан ямар ч асуудлыг МАХН-ынх ч бай би шулуухан эсэргүүцээд л явна. 

-УИХ дахь МАХН-ын гишүүд аль хэр гар нийлж ажиллаж байна. Сүүлийн үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан зэрэг гишүүд төдийлөн ил гарахгүй, байр сууриа илэрхийлэхгүй байгаа. МАХН-ын дотоод ажил аль хэр явж байгаа вэ?

Нэр дурдагдсан хоёр гишүүний хувьд сайдын албаа өгснөөс хойш аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхэд бас нэг жаахан асуудал үүсэх, хүндрэл тохиолддог юм шиг байна лээ. Мэдээж Улаан гишүүний хувьд юу юугүй Эрүүл мэндийн салбарын асуудлаар яриад унана гэж байхгүй шүү дээ. Харин Тэрбишдагва гишүүний хувьд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний юмыг ярьвал хэнээс ч илүү ярих нь мэдээж. 

Тэгэхээр төрийн сайд байсан хүмүүсийн хувьд хамаагүй бүх асуудалд оролцоод байр сууриа чөлөөтэй илэрхийлээд байх нь улстөрчийн этикийн хувьд ч бас жаахан асуудалтай юм шиг байна лээ. Харин нам дотроо асуудлаа яриад, ажилд оролцоод л явж байгаа. Намын өдөр тутмын ажил хэвийн хэмжээнд л явж байна. Гагцхүү МАХН өмнөхтэйгөө харьцуулбал арай нэг жаахан нам гүмхэн байж болно. Учир нь бид УИХ-д суудалгүй байхдаа илүү дайчин, илүү тэмцэгч чанартай байсан байх. Хүмүүс Монголын улстөрийг гудамжны тэмцлээр дүгнээд байдаг тал бий. Тэр талаар бол МАХН жаахан нам гүмхэн харагдаж байж магадгүй. 

-Н.Энхбаяр даргатайгаа хам­гийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?

Утсаар байнга ярьж санал бодлоо солилцож байгаа. Ялангуяа Тавантолгойн асуудлаар байнга ярилцаж, санал бодлоо хуваалцаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан тэр хүнийг сэтгэл санаагаар ингэтэл нь унагаж, нэг ёсондоо харийн оронд улстөрийн цөллөгт байлгасаар байгаад сэтгэл хөндүүрлэж явдаг. 

-2016 оны сонгуулийн уур амьгал орж эхэллээ. Таны хувьд тойргоо солих, сонгох тухайд юу бодож явна?

Надад тэр талаар өөрийгөө бодсон юм юу ч байхгүй. Энэ талаар боддог байсан бол хэдийгээр бусадтай өрсөлдөх хэмжээний мөнгө байхгүй ч тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх л байсан байх. Харин өнөөдөр улс орон, ард түмний байдал ийм байхад хувь өөрийнхөө сонгууль энэ тэрийг бодох нь ямар ч утгагүй хэрэг юм.