Нийслэлийн татвар авах цаг нь биш
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.05.12

Нийслэлийн татвар авах цаг нь биш

Нийслэлийн татварын тухай асуудал өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан сэдэв байлаа. Учир нь Засгийн газрын тэргүүн энэ сарын 1-нд “Татвар нэмэхгүй" хэмээн УИХ-ын чуулганы индрээс албан ёсоор мэдэгдсэн ч ердөө долоохон хоногийн дараа Засгийн газраас Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг оруулж ирсэн нь ийнхүү олон нийтийн анхаарлыг татсан юм.

Улс орны эдийн засаг хүндрэлтэй, аж ахуйн нэгжүүдийн орлого тасалдсан, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед татварыг нэмэхээр оруулж ирсэн нь УИХ-ын гишүүдийн олонхийн эсэргүүцэлтэй тулсан бөгөөд тэд энэ хуулийг “Цагаа олоогүй" хэмээн шүүмжилснээр анхны хэлэлцүүлгийг дахин хийхээр болж, Төсвийн байнгын хороонд буцаалаа. Уг хуульд хоёр төрлийн татвар авахаар заасан бөгөөд архи, тамхи, согтууруулах төрлийн бүх ундааны борлуулалтад нэг хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгчид нэг хувийн татвар ногдуулахаар заасан юм. Ингээд Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийн талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

Д.Сумъяабазар: Ийм татвар авах цаг нь биш

Нийслэлийн албан татварын тухай асуудлыг өнгөрсөн оны сүүлчээр нэлээд ярьсан. Тэр үед эдийн засаг хүндэрчихсэн байгаа энэ үед бид татвар нэмж авах биш бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг харин ч татвараас чөлөөлж, дэмжих нь зүйтэй гэж хэлээд буцаалгаж байсан юм.

Гэтэл одоо нийслэлийн удирдлагууд Нийслэлийн татварын тухай хуулийг оруулж ирээд байна. Түүнчлэн үүний араас Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг оруулж ирнэ гэж байна. Угтаа эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бид татвараа нэмж биш аль болох чөлөөлөх ёстой гэдэг байр сууринд миний хувьд хатуу зогсоно. Одоогийн яриад байгаа нийслэлийн татварын асуудлаар байнгын хороон дээр нухацтай ярих байх. Ер нь хямралын төв цэг нь Улаанбаатар хот.

Энэ үед нийслэлд хөдөлмөр эрхэлж, ажлын байрыг өөрсдөө бий болгож байгаа аж ахуйн нэгж иргэддээ бид аль болох татварын дарамт үзүүлэхгүй байх ёстой. Харин эдийн засаг өсөлттэй байгаа үед бид татвараа нэмж болох шүү дээ. Нэг үгээр бол, одоо татвар нэмэх цаг нь биш. Уг нь Засгийн газар эхнээсээ татварын багц хуулиар оролдохгүй, ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулахгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл яг үүний дараагаар нийслэлийн татварын асуудлыг оруулж ирж байгаа нь Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байгааг харуулж байгаа юм. Энэ асуудлыг Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцэх байх. Энэ үеэр ч гэсэн миний хувьд цөөнх болсон ч эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээд явна.

Ж.Батсуурь: Нийслэлийн татвар төр, иргэн хоёрыг хариуцлагажүулах асуудал

Эдийн засаг хүндрэлтэй байхад татвар авах гээд, учиргүй олон зуун тэрбумын татвараар ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэх гээд байна гэдэг талаас нь харахгүй байгаа. Ер нь төр, иргэн хоёрын хоорондох уялдаа , холбоо гэж нэг юм байдаг. Нэг улсын нийслэл гэдэг утгаараа хот нүүр царайгаа өөрчлөх шаардлагатай байна.

Ер нь нийслэлд ажиллаж, амьдарна гэдэг нь өөрөө иргэн хүний хувьд том хариуцлага. Тэгэхээр тэр хариуцлагыг дааж амьдарна гэдэг нь төртэйгөө холбогдохыг хэлж байгаа юм. Төртэйгөө холбогдох гол гүүр нь тухайн иргэн нийслэлд татвар төлнө, тэр татвараар Монгол Улсын нийслэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалт хийх ёстой гэсэн үг. Бидэнд ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлсэн байх ёстой гэдэг уялдаа холбоог татвар бий болгож өгч байгаа юм. Энэ мэтээр татварын ач холбогдол өөрөө олон талтай, Ер нь хууль журмынхаа хүрээнд л нийслэл, дүүргийнхээ удирдлагатай, төртэйгөө харилцаж явах хэрэгтэй.

Тэгэхээр ямар ч татвар төлдөггүй болчихоор малчин, сумын Засаг дарга хоёрын хоорондын харилцаа холбоо ч тасарчихаж байгаа юм. Ямар ч хүлээх хариуцлага байхгүй болно гэсэн үг. Иргэн, төр хоёрын хоорондын харилцааг уялдаа холбоотой болгох хариуцлагажуулах асуудал л даа, Түүнээс амьдарч болохгүй болохоороо л  ард иргэдээсээ татвар авч амьдрах гээд байна гэж зарим хүн буруу талаас нь тайлбарлаад байдаг. Ер нь татвар буй дор төр оршино гэж үг бий шүү дээ. Гэхдээ мэдээж эдийн засгийн хүндрэлтэй үед татварын асуудлыг ярих цаг нь мөн үү биш үү гэдэг нь бодох л асуудал. Төсвийн байнгын хороо анхны хэлэлцүүлгээ дахин хийхдээ үүн дээр нухацтай хандах байх гэж найдаж байна.