Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад НҮБ хамтран ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд
2011.09.13

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад НҮБ хамтран ажиллаж байна

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудын ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн гуравдугаар хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.

Байнгын ажиллагаатай зөвлөл нь газар хөдлөлтийн чиглэлээр цаашид шийдвэрлэх асуудал, гүйцэтгэх ажлын талаар өмнөх 2 удаагийн хурлаараа хэлэлцэн 17 заалт бүхий шийдвэр, албан даалгавар гаргаж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө” шаардлагатай 2 асуудал хэлэлцүүлж, хэд хэдэн баримт бичиг гаргасан билээ.

Энэ удаагийн хуралдаанаар нийт 5 асуудал хэлэлцсэний эхнийх нь “Хүмүүнлэгийн баг ба кластерын үйл ажиллагаа, Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулсан явц, гарсан зөвлөмжүүд, хамтын ажиллагааны тухай” байлаа. Болзошгүй гамшгийн нөхцөлд бэлэн байдлыг хангах олон төрлийн чиглэл дундаас газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар Улсын Онцгой Комисстой хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.

Энэ удаагийн хуралдаанд Монгол улс дахь Хүмүүнлэгийн багийн зүгээс хийсэн “ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ”-г НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу танилцууллаа.

Гамшгийн улмаас үүсэх гарз хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлж болох үхлийн шалтгааны улмаас хүний амь эрсдүүлэхгүй байх буюу аль болох олон хүний амь насыг аврахад чиглэгдэж байгаа энэхүү төлөвлөгөө Монгол Улсын Засгийн газартай зөвлөлдсөний үндсэн дээр хүмүүнлэгийн олон улсын үндсэн зарчмуудад суурилан боловсруулжээ.

 Хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшгийн үед манай улс хэрхэн бэлэн байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах талаар ийнхүү анх удаа тодорхой төлөвлөгөөтэй болж байгаа юм.

Цаасан дээр буусан төлөвлөгөөг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар энэ удаагийн хуралдаанд оролцогчид саналаа илэрхийллээ.

 НҮБ-ын суурин төлөөлөгчийн зүгээс Төрийн байгууллагын удирдлагууд болзошгүй гамшгийн үед голлох үүрэгтэй субьект байдаг тул ажлын уялдаа холбоог хэрхэн тааруулж ажиллах боломжийг тодорхой болгож өгөхийг хүссэн. Мөн болзошгүй газар хөдлөлтийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх байр болон байршлыг мэдэх зэргээр манай улсын байгууллагуудын зүгээс тодорхой зарим төрлийн мэдээлэл авах шаардлагатай байгаагаа Улсын Онцгой Комиссийн дарга М.Энхболдод хандан хүслээ.

УОК-ын даргын зүгээс болзошгүй эрсдлийн үед харилцан уялдаа холбоотой ажиллах нь ганц төрийн байгууллагын үүрэг бус. Төрийн бус байгууллага болон иргэдийн оролцоог нэмэгдүүлж байж гарз хохирол багатай даван туулахыг сануулж, тэдний үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд санаачлан ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн болзошгүй газар хөдлөлтийн үед мэргэшсэн өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах чиглэлээр НҮБ-ын манай улс дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллах саналаа илэрхийллээ.

 Болзошгүй аюулын үед эрт зарлан мэдээлэх систем тогтолцооны хэрэгслийг Засгийн газар зөвшөөрч баталсан байгаа. Харин хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах саналтай байгаагаа ч энэ удаагийн хуралдаан дээр илэрхийлсэн байна.

 Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудын ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн гуравдугаар хуралдаанаар:

  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийг оруулах асуудал
  • Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан ”Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-ний 23 дугаарт төлөвлөгдсөн гамшгийн үед цэргийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, гамшигт нэрвэгдсэн 5-10 мянган хүнийг хүлээн авах хүчин чадалтай эмнэлгийн тусламж, эмчилгээ үзүүлэх хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах төсөл боловсруулахаар тусгагдсаны дагуу Батлан хамгаалах яамнаас боловсруулсан төсөл.
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын шийдвэрээр Төрийн ордны цогцолбор барилгад явуулсан барилгын нөхцөл байдалд хийсэн хяналт, шалгалт, дүгнэлт.
  • Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хагас жилийн ажлын тайланг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.