Том төслүүдээ хурдан, зөв явуулмаар байна
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.05.14

Том төслүүдээ хурдан, зөв явуулмаар байна

Монгол Улсын 2015 оны төсвийн нөхцөл байдал хүнд байгаа талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэлсэн.Салбарын яамны тооцоолж буйгаар жилийн эцэст төсвийн орлого 400 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа аж. Гэхдээ 2016 оны төсвийг алдагдалгүй батлахыг зорьж байгаа аж.

Мөн дотоод зах зээл дээрээс өндөр хүүтэй зээл авч, төсвийн орлого бүрдүүлдэг байдлыг зогсоож, хийсвэр орлого төлөвлөхгүй гэжээ.

Өөрөөр хэлбэл, Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдийг хөдөлгөх, эсвэл шинээр татвар буй болгох замаар орлого төвлөрүүлэх талаар Төсвийн хүрээний мэдэгдэлд ямар нэгэн зүйл тусгагдаагүй гэв. Түүнчлэн өрийн таазыг дахин нэмэх талаар ч ярилаа.

УИХ өрийн таазыг 60 хувьд хүргэх хуулийн төслийг дэмжсэн. Хамаг байдаг зүйлээ шавхаж байгаад л энэ хэмжээнд тогтоосон. Учир нь өрийн хэмжээ тэртэй тэргүй ДНБ-ний 58.3 хувьд хүрсэн учраас бодит нөхцөл байдлыг хуульд нийцүүлсэн. Гэтэл дахиад өрийн таазыг нэмэгдүүлэх бүхий эрх баригчид ярьж эхэлсэн нь МАН-ынхны зүрхэнд шар ус хуруулав.

Ойрын өдрүүдэд эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд тогтоолын төслийн нэлээд хэсгийг шүүмжилж байсан ч дэмжиж байнгын хороодод шилжүүлсэн.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

-Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр өрийн таазыг нэмэгдүүлэх талаар дахин хөндөж байх шиг байна. Өнөөдрийн энэ нөхцөлд өрийн таазыг нэмэгдүүлэх нь хэр зохистой вэ?

Үндсэн чиглэлд тийм зүйл байхгүй. Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдалд өөрчлөлт оруулах хуулиар эрчим хүч болон төмөр замын салбарт зээл авч болох зохицуулалт орсон байгаа.

Гэхдээ энэ салбарын төслүүд нь өөрийн орлогоосоо зээлийн төлөлтөө барагдуулах юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн зээлтэй адилхан Засгийн газар зээлийн төлөлтийн үүргийг хариуцахгүй гэсэн үг. Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар төмөр зам, эрчим хүч байсан ч заавал тухайн төслийн авах зээлийг УИХ-аар оруулж батлуулах ёстой.

Энэ бүхэн эцэслэн батлагдаагүй байна. Миний хувьд ч манай гэр бүл, танай гэр бүл ч гэсэн зээл авахаа хэн нэгэн хүнээр заалгахгүй байхаа. Харин зээлийг буцаан төлж чадах эсэхийг, зээл олгохыг арилжааны банк шийддэг. Тэгэхээр миний үзсэн эдийн засагт зээл олгогчийн гаргах шийдвэрийг хэн нэгэн хөндлөнгийн этгээд төлөөлж ярих нь ойлгомжгүй юм.

-Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд анхаармаар ямар асуудал байна вэ?

Эдийн засаг хүндрэлтэй байгааг, нөгөө талаас нь боломж бий эсэхийг хардаг. Судалгаанаас харахад эдийн засгийн хүндрэл, хямрал, үндэсний валютын ханш огцом өөрчлөгдсөн ийм мөчлөгийн үед эдийн засгийн болон аж үйлдвэрийн бодлого, бүтцэд хурдацтай өөрчлөлт орж улс орон дараагийн хөгжлийн шатандаа гарсан байдаг. Одоогийн байдлаар эрдэс баялгаа түүхийгээр нь экспортолж байна. Гол нэрийн эрдэс баялгийн түүхий эдийн бүс нутгийн зах зээлийн үнэ 70 гаруй хувийн уналт үргэлжилж байна.

Монгол Улс түүхий эдийн экспортод суурилсан эдийн засагтай байна гэсэн үг. Боловсруулах, гүн боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлт хангагддаг. 2015 онд гурван чиглэлийн экспортын үйлдвэрийг хөгжүүлээч гэсэн УИХ-ын тогтоолыг гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. Ерөнхийдөө хоёр төрлийн нүүрс байдаг. Нэг нь төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэдэг коксжих нүүрс. Төмөр бол хэзээ ч байдаг. Тиймээс энэ нүүрс үнэ цэнээ алдана гэж байхгүй. Харин нөгөө нь эрчим хүчний нүүрс.

Энэ нүүрсийг урд хөршийн цахилгаан станцууд болон хөгжиж байгаа орнууд хийжүүлсэн байдлаар ашиглаж байна. Нүүрс хийжүүлэх нь баялаг ихтэй манай орны хувьд ашигтай. Дараа нь эрчим хүч үйлдвэрлэж, өөрсдийгөө хангах, улмаар экспортлох боломжтой. Шинэчлэлийн Засгийн газрын үед яригдаж байсан Эрчим хүч худалдах, худалдан авах олон улсын хэлэлцээрийг өмнөд хөрштэй хийх шаардлага байна.

Мөн гангийн үйлдвэртэй болмоор байна. Манай улс жижигхэн зах зээлтэй. Гуравхан сая хүний зах зээлд зориулж масс үйлдвэрлэлийг явуулж, үйлдвэрийг ашигтай ажиллуулах нь хэцүү. Иймд зөвхөн Монголын зах зээлд зориулсан бус урд хөршийн, гуравдагч хөршийн зах зээлд зориулсан томоохон хүчин чадалтай гангийн үйлдвэр барих хэрэгтэй байна.

Том төслүүдийг хурдан хөдөлгөх учиртай. Гэхдээ зөв хөдөлгөх хэрэгтэй. Зөв гэдэг хуулийн дагуу, харилцан ашигтай, баялаг барьцаалж зээл авах, эсвэл баялгийн эзэн компанийнхаа тодорхой хувийг худалдах байдлаар явуулдаг сайн туршлагууд бий. Харин буруу явуулах гэрээнд гарын үсэг зурчихаад, дараа нь гэрээгээ өөрчилье гэж ярьвал монголчууд тохирооноосоо буцдаг гэсэн дохиолол байж боломгүй хувилбар юм. Тэгэхээр ийм байдлаар том төслүүдийг хурдан зөв явуулмаар байна гэв.