Эрдэнэ.С 2015.05.18 | Сонин: Монголын мэдээ

С.Эрдэнэ: Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

С.Эрдэнэ: Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Залуус чууллаа

ХАХНХ-ын яам хүн амын бүтэц нэг бүрт анхаарал хандуулж, хүний хөгжлийн нэгдсэн бүтцээс гадна хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, хөгж­лийн бэрхшээлтэй иргэд, цаашлаад ахмад настаны талаар төрөөс ямар бодлого баримталж ажиллах вэ гэдгийг тусгасан хөгжлийн бодлого батлан гаргаж эхлээд байгаа билээ. 

Нэг ёсондоо хүнээ мартаж ирсэн төрийн бодлого алдаагаа засч хүндээ илүү анхаарал хандуулдаг болж, тус бүрийнх нь тулгамдсан асуудлыг сонсч, тэдний илэрхийлсэн үг бүрийг бодлогодоо тусган ажиллахаар үндэсний хэмжээний чуулган зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. 

Өнгөрсөн дөрөв­дүгээр сард тус яамны зүгээс эмэг­тэйчүүдийн үндэс­ний чуул­га­ныг зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүргийн эмэг­тэй­чүүд эрхийнхээ төлөө чуул­сан бол өнгөрөгч бямба гарагт Төрийн ордонд салбар бүрийн төлөөлөл болсон 600 гаруй залуус чуулж, төрөөс залуучуудын талаар гаргах бодлого, улс орны хөгжилд залуусын дуу хоолой ямар чиг­лэлд дутагдаж байгаа, өнөө­гийн нийгмийн хөгжил орол­цоонд залуус ямар үүрэг рольтой байна вэ гэдгийг хөндөн ярилцсан юм. 

“Залуучуудын хөгжил-оролцоо” үндэсний чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний хорооны дарга С.Эрдэнэ, Монголын залуучуудын холбооны ерөн­хийлөгч А.Мөнхбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Дэлхийн залуу­чуудын Ассамблейн Ерөн­хий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари, БСШУЯ-ны Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Насанбаяр, Хуульч С.Эрдэнэболд нарын хүмүүс үг хэлж, илтгэл тавилаа. Чуулганаар 2013 онд зохиогдсон “Залуучуудын хөгжлийн та­лаар баримтлах шинэчлэлийн бод­лого, зорилт” үндэсний чуул­га­наас гарсан санал санаач­­ил­гын хангасан эсэх, залуу­­чуу­­дын өнөөгийн байдал, тэдний дуу хоолойг сонслоо. 

Үүний үр дүнд Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого болон  “Монгол залуу хүн“ үндэсний хөтөлбөрийн төсөлд тусгах саналыг авсан юм. Мөн чуулганд оролцож буй салбар бүрийн шилдэг 600 гаруй залууст Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга илгээлт ирүүлснийг төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүд чуулганы индэрээс уншиж танилцуулан, салбарын сай­дад нь гардуулан өгсөн юм. 

Тухайлбал, Ерөнхийлөгчийн ил­гээлтэд “Идэр залуусаа ах­ма­дынхаа өмнө хүлээх хариуц­лагатай. Хойчийнхоо өмнө хүлээх үүрэгтэй, гурван цагийн хэлхээс болсон залуустаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ хүргүүлье. Нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын идэвхтэй оролцоо, хүн хүч чухал шаардлагатай. Залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг хэн нэг удирдагч, хэн нэгэн улстөрч шийднэ гэж хүлээж суудаг цаг нэгэнт өнгөрч, залуу хүний хүсэл зорилго оролцоотойгоор бүхнийг өөрчлөх цаг үе иржээ. Залуус шийдвэрээ өөрсдөө гаргаж, тулгамдаж буй асуудлаа нийгэмд гаргаж тавьдаг зөв бодлого өнөөдөр үгүйлэгдэж байна” хэмээн илгээлтдээ дурьджээ. 

Төрийн гурван өндөрлөгийн илгээлтэд залуусын хөгжилд хамгийн том саад болж байгаа гурван зүйлийг нэрлэсэн байсан нь архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл буюу хар тамхины хэрэглээ. Эдгээр гурван зүйл манай ирээдүй болсон залуусын хамгийн том дайсан нь болж, ид хийж бүтээх насандаа буруу зуршилд автаж, гэмт хэрэгт холбогдох улмаар хийж бүтээх залуу насаа үр бүтээлгүй өнгөрүүлж байгаа асуудлыг төр анхаарч, баялаг бүтээгч залуусаа бүх талаар нь дэмжинэ гэв. 

Монгол Улс хүн амын насны бүтцийн хувьд дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй залуу улсад тооцогддог бөгөөд нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг. 2013 онд НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судал­гаанд 198 орон хамрагдсан байна. 122 улс нь залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй бол тухайлсан баримт бичиггүй 76 орны нэг нь манай улс ажээ. Сүүлийн 20 жилд анх удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны бүтцэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан бие даасан хэлтэс байгуулсан бөгөөд залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтыг тодорхойлон ажиллаж байгаа юм байна. 

Засгийн газраас 2015 оныг “Залуучуудын хөгж­лийг дэмжих” жил бол­гон зарласан. Уг ажлын хүрээнд“Монгол залуу хүн” Үндэс­ний хөтөлбөрийн төслийг боловс­руулж, Засгийн газрын хурал­даанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон гэдгийг салбарын сайд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн Залуучуудын хөгжлийн 14 төвийг аймаг, дүүргүүдэд байгуулаад байгаа гэнэ. Харин Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа идэвхтэй, залуучууд өөрсдөө санаачилж, сум орон нутгийн хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулах, өөрсдийн санаачилгаар залуу­чуудаа сургалтад хам­руу­лах, урлаг, спортоор хичээл­лүүл­дэг болсныг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөө­лөгч Наоми Китахара чуулганы индрээс онцолж байлаа. 

Тэрбээр, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд саяхан ажиллаад ирснээ ярьсан юм. Энэ үеэр залуус хэн нэгнээс заавар зөвлөгөө авахгүйгээр Залуучуудын хөгж­­лийн төвөө  үлгэр жишээ тохи­жуулан ажиллаж байгааг харж, монгол залуусын оюуны чадамж, бүтээлч сэтгэл­гээ­гээр бахархсан хэмээ­лээ. Энэ удаагийн чуулган өм­нөх жилүүдээс тун өвөрмөц байдлаар болсон юм. Тод­руулбал, яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй залуу­сыг энэ чуулганд түлхүү хам­руулж, хэл яриа сонсголын бэрх­шээл­тэй залуусыг мэдээ­лэл ижил тэгш авах нөхцөл бололцоог ханган дохионы хэлний орчуулагчийг индэр дээр суулган орчуулга хийл­гэж байсан нь илүү өргөн хүрээг хамарсан, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй залууст тулгамдаж буй асуудлыг сонсч чадсан чуулган болж чадсан билээ. Чуулганы үеэр бид орон нутгийн төлөөлөл болсон хоёр залуутай уулзаж залуусын оролцоо аймаг орон нутагт ямар төвшинд байна вэ гэдгийг нь сонирхлоо. 

Б.Амгалан: Боловсорлын системээ өөрчилье 

/Дундговь аймгийн залуусын төлөөлөл/
Залуучуудын оролцоог сайж­руулахын тулд чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргах л чухал байна. Залуусаа яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал ярихын тулд эхлээд боловсролын тогтолцоогоо өөрчилж, дэлхий нийтийн жишигт хүргэх ёстой. Манай дээд боловсролын систем хангалтгүй, зөвхөн төлбөр авдаг, лекц уншуулдаг хэлбэртэй байгаагаас төгсч байгаа боловсон хүчин нь ажлын байранд гологддог. Орон нутгийн хөгжил дэвшилд залуусын оролцоо хангалтгүй байна. Ажлын байр байхгүй, төгссөн мэргэжлийнх нь эрэлт хэрэгцээ байхгүйгээс мэр­гэжлээрээ ажиллаж чадах­гүй бэрхшээл бий. Би аймгийнхаа театрт ажилладаг. Тэнд гэхэд л залуу уран бүтээлчид амьдрах байргүй байдаг. Орон нутагт очиж ажиллах хүсэл байдаг ч орон сууц, амьдрах орчин зэргээс эхлээд бэрхшээл тулгарна. Ядахад дөнгөж ажилд орсон залуусын цалин бага байгаа нь тэднийг хот руу явах том түлхэц болж байгаа юм. Энэ зөвхөн манай аймагт гардаг асуудал биш. Тиймээс төр залуусаа энэ талаар л илүү дэмжих хэрэгтэй. 

Б.Мөнхбат: Залуусыг намаар талцуулж байна

/Завхан аймгийн залуусын төлөөлөл/

Хөдөө орон нутагт хамгийн том бэрхшээл нь ажлын байр. Мэргэжлээрээ ажиллаж ча­дахгүй учраас нийслэл рүү их ирж байна. Орон нутагт ажиллах залуус олдохгүй болох нь. Нөгөө талаар мэргэжлээрээ ажиллах орон зай олдохгүй байна гэж хот руу зугтаад асуудал шийдэгдэхгүй. Тиймээс залуучууд өөрсдөө ажлын байр бий болгох талаар ажиллах ёстой. Хичээл зүтгэл гаргаад ажлын байраа бий болгосон байхад төр энэ талаар бодлогоор дэмжих ёстой юм. Бизнес хийх гэсэн залуучууд ихэвчлэн 0-ээс эхэлдэг. Гэтэл банк 0-ээс эхэлж байгаа бизнест хэзээ ч зээл өгдөггүй. Үнэхээр сайн төсөл боловсруулаад, бизнес хийх гарцаа олчихсон залуучуудад төр итгэл үзүүлж, бодлогоор дэмжээд өгмөөр байна. Ингэвэл олон мянган ажлын байр бий болж, залуус хотод түрээсийн байранд амьдарч мэргэжлээрээ ажиллах уу, бизнес эрхэлж орон нутагт баялаг бүтээх үү гэдгээ ялгаж салгаад явчихна. Нөгөөтэйгүүр, намчирхал орон нутагт маш их байгаа. Намын харьяалалаар ажилд авдаг, эсвэл аав, ээж, ах дүү, танил талыг нь харж ажилд авдаг байдал орон нутагт хавтгайрсан. Энэ нь эргээд залуусыг орон нутагт ажиллах хүсэл эрмэлзэлгүй болгоод байгаа юм. 

С.Эрдэнэ: Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ 

/ХАХНХ-ын сайд, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч/

Залуучуудын талаар яамны зүгээс болон Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил чамлахааргүй байна. Тухайлбал, залуучуудын бодлого, хөгжлийн чиглэлээр төрөөс анхаарал тавьдаг боллоо. Өөрсдийн үйл ажиллагааг чиглүүлдэг үндсэн бүтэцтэй боллоо, төрийн байгууллагын бүтэц бий болсон. Энэ нь өөрөө залуучуудын оролцоог төрийн болон улс орны амьдралд бодитойгоор хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Цааш­даа бид залуучуудын орол­цоо, хөгжлийг дэмжих чиглэлээр бодлогоо хүчтэй, идэвх­тэй зохион байгуулж ажил­ла­на. Мөн залуусын хөдөлмөр эрх­лэх, ажлын байраар хангагдах асуудлыг тусгайлан анхаарч ажиллах цаг нь болсон байна. Тэр тусмаа чанартай боловсрол олгодог болох нь чухал байна. Нэг ёсны улс орныхоо хөгжлийн чиг хандлагад нийцүүлж боловсон хүчнээ бэлтгэх нь бидний гол бодлого, зорилго байх ёстой. Энэ нь эргээд ажилгүйдлийг багасгах, боловсролтой, ажил­тай орлого­той монгол залуучуудыг бий болгоно гэж харж байна.