Мэндчилгээ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнэ
2015.05.18

Мэндчилгээ

Өнөө цагийн өнгө жавхаа болж, Монголын маань өнөөдөр, басхүү үргэлжлүүлэн хөгжүүлэх маргааш нь болсон нийт залуучууд Та бүхнийг оргилсон их урам зориг, өөдрөг тэмүүлэлгүйгээр төсөөлөх аргагүй юм. Олон улс, үндэстнүүд хөгжлийнхөө зорилгыг хүнээ хөгжүүлэхэд чиглүүлж “Хүний хүчээр хөгжинө”, “Хүний төлөө хөгжинө” гэж тодорхойлж байна. 

Хүн амын бүлгүүд дундаас залуучуудын авьяас, оюун ухаан, бие бялдарын чадамж, боломжийг нээн хөгжүүлэх, тэдний хүчин зүйлийг дээд зэргээр ашиглах замаар өндөр чадамжтай, бүтээмжтэй, өрсөлдөх эрч хүчтэй, идэвхтэй, шинийг эрэлхийлэгч, санаачлагатай иргэн болгож хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилго мөн.

Аливаа улс оронд залуучууд бол ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг. 

Дэлхий дээр арван хүн тутмын долоо нь 0-35 хүртэлх насны иргэнтэй улс орон маш цөөн билээ. Нийт хүн амын 38.5%-ийг 18-35 насны залуус эзэлдэг манай улсад залуучуудын эрхийг хангах, тэдний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, бүх шатан дахь залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын байгууллагуудыг үндэсний хэмжээний үйл ажиллагаанд татан оролцуулах, залуучуудын амьдралын чанарыг сайжруулах, амьдрах ухааны чадварт сургах хэрэгцээ, шаардлага бидний өмнө тулгараад байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны зүгээс 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж тэдний оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийг хангах нэгдсэн бодлого, хөтөлбөрийг шинээр бий болгож, олон улсын хэмжээнд залуучуудын дуу хоолойг нэгтгэж, тэдний санал санаачлагыг бодит болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр зорьж байна.

Бидний зорилтуудыг бодит болгож буй томоохон үйл ажиллагааны нэг нь  Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдэвт Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий чуулган юм.

Азийн залуучуудын чуулганы үр дүнд гарсан санал зөвлөмжийг Нэгдсэн үндэстний байгууллагын “Тогтвортой хөжлийн зорилт”-д зөвлөмж боловсруулах ажлын хэсэгт нэгтгэн хүргэснээр Монголын төдийгүй Ази тивийн залуучуудын дуу хоолой, санал бодлыг Дэлхийн улс орнуудын хөгжлийн бодлогод тусгах зорилго биелэх болно. Энэхүү үйл ажиллагааны гүүр нь болж Азийн залуучуудыг Монгол Улсад нэгтгэн чуулуулах болсон нь Хүн амын хөгжлийн бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий манай яамны хувьд Монголын залуучуудыг дэлхийн залуучуудтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байгаа сайшаалтай хэрэг юм.

Залуу хүн зорилготой бол Улс орон ирээдүйтэй гэдэгчлэн Улс эх орон, залуучуудын хөгжилд хамтдаа!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА С.ЭРДЭНЭ