М.Энхболд: Бага хангай дагуул хот болох боломжтой
2010.05.24

М.Энхболд: Бага хангай дагуул хот болох боломжтой

Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангайг Улаанбаатарын дагуул хот болгох хөгжлийн хөтөлбөрийг боловсруулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нэг сая гаруй хүн амьдарч байна. Зөвхөн Багахангай дүүрэг 40 орчим мянган хүн амьдрах боломжтой. Харин өдгөө 3600 гаруй хүн амьдарч байгаа юм.Багахангай дүүргийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилт ямар байгаатай Шадар сайд М.Энхболд болон нийслэлийн удирдлагууд өнгөрсөн баасан гарагт танилцлаа.

217.2 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ

2006 онд эхлүүлсэн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт 42,7 хувьтай явна гэв. Хөтөлбөрт дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжил, байгалийн нөөц, хүн амын нутагшилт, хот байгуулалтын хөгжлийн талаар тусгасан. Энэ хөтөлбөр 2015 он хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн онд тус дүүрэгт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 217.2 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Тухайлбал, 11.6 км хатуу хучилттай зам, 9.8 км сайжруулсан шороон зам тавьжээ. Мөн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд78,7 сая төгрөгөөр 10 орон сууцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, ашиглалтад оруулсан байна. Дүүргийн Засаг дарга И.Батнасан "Хөтөлбөрийн биелэлт муу байгаа нь эрх зүйн орчин бүрдээгүй, эдийн засгийн харилцааны төвлөрөл бага,үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжил тааруухан, аж ахуйн нэгжүүд биеэ даах чадваргүй, хөрөнгө санхүүгийн зэрэг олон зүйл нөлөөлж байна" гэж тайлбарлалаа.

Тэрээр "Манай дүүрэг, газар нутгийн хувьд багтаамжтай "сав", сургалтын дадлага хийхэд ашиглаж болох нөөц, хөдеө аж ахуй, цэргийн объектийн баазтай. Иймд Нисэх, Налайхад барих гэж буй их, дээд сургуулийн цогцолборуудаас хөдөө аж ахуй болон Батлан хамгаалах чиглэлийн их, дээд сургуулийг энд байршуулах саналтай байна. Ингэснээр оюутан залуусын сурч боловсрох, таатай орчин бүрдэж дүүргийн хөгжилд төдийгүй нийслэлийн ачааллыг бууруулахад бодитой хувь нэмэр болно. "Нийслэлийн хэт тевлөрөлийг бууруулах, Багахангай дүүрэгт төвлөрөлийг бий болгон хөгжүүлнэ" гэдэгт найдаж байна" гэв. Дүүргийн удирдлагууд хөдөө аж ахуйн болон батлах хамгаалахын чиглэлийн их, дээд сургуулийн цогцолбор байгуулах төслийг хэдийнээ боловсруулжээ.

Бохир усаа цөөрөмд нийлүүлдэг

"Өндөртолгой" хотхоны оршин суугчид халуун усгүй болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ асуудлыг ондоо багтааж яаралтай шийдэж өгөхийг нийслэлийн удирдлагуудаас иргэд хүссэн юм. Мөн дүүргийн цэвэрлэх байгууламж шаардлага хангахгүй байгаагаас нэгдүгээр хорооны оршин суугчид бохир усаа цөөрөмд нийлүүлсээр иржээ. Цэвэрлэх байгууламж нь хоногт 700 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай ч дүүргийн албан байгууллага, орон сууцнаас гарч буй бохир усны хэмжээ цэвэрлэх байгууламжийг ажиллуулах хэмжээнд хүрдэггүй байна. Энэ байдлыг жил бүрийн нийслэл дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгадаг ч шийдүүлж чадалгүй өдийг хүрчээ. Үүнийг улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар нэн даруй шийдэж өгөхийг Шадар сайд, нийслэлийн удирдлагуудад дүүргийн Засаг дарга санал тавив.

Mөнгөгүйгээс max боловсруулах үйлдвэр зогсчээ

"Багахангай" мах боловсруулах үйлдвэр хөрөнгө, мөнгөгүйгээс үйл ажиллагаа нь зогсоод дөрвөн жил болжээ. Цаашид мах боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа аж.Бүсчилсэн хөтөлбөрийн хорооны дарга Шадар сайд М.Энхболд "Багахангай дүүрэг нийслэлийн дагуул хот болон хөгжих боломжтой. Дэд бүтэц сайтай. Хот байгуулалтын нөхцөл нь чухал ач холбогдолтой, нийслэлийн хамгийн бага хүн амтай дүүрэг юм. Иймд дагуул хот болж, хөгжих хүртэл төр засгаас дэмжинэ" гэв.Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар " Алслагдсан гурван дүүрэгт нийслэлийн хөгжлийн гарц бий. Төвийн зургаан дүүрэгт үйлдвэрлэл явуулах ямар ч боломжгүй болсон. Иймд зай талбай ихтэй, дэд бүтэц сайтай алслагдсан дүүргүүдэд аж үйлдвэрийн парк, газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломжтой" гэлээ.Багахангай дүүргийн иргэдийн ярьснаар жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөд бэрхшээлтэй байдаг аж. Учир нь иргэдийн барьцаа хөрөнгө асуудалтай гэх мэтээр зовлон их байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.