"Стэндбай" хөтөлбөрийн цаана тодорхой бүлэглэлийн ашиг сонирхол байдаг
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.05.18

"Стэндбай" хөтөлбөрийн цаана тодорхой бүлэглэлийн ашиг сонирхол байдаг

УИХ дахь Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийж, энэ долоог хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар тойрогтоо ажиллаж байгаа тул Х.Болорчулуун болон Ц.Даваасүрэн гишүүд мэдээлэл хийсэн юм. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр болсон УИХ-ын хүндэтгэлийн чуулганы үеэр 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо дуулгасныг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун онцлов. Тэрбээр “Бид сайн нөхрөөсөө урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авч болно.

Гэхдээ хөнгөлөлттэй зээл болгоныг шар тос гэж хүлээж авч болохгүй. ОУВС-ийн "Стэндбай" хөтөлбөрийн цаана тодорхой бүлэглэлийн ашиг сонирхол байдаг.  Ер нь МАНАН-гийн Засгийн газрын үед энэ хөтөлбөрт хамрагддаг нь гайхал төрүүлж байна. Өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 40 хувьд барина гэж амласан ч өнөөдөр 60 хувьд хүрээд байна.

 Зээл гэдэг бол өнөөдөр хэрэгтэй ч улс орны ирээдүйд хохиролтой. Бид 2017 оноос өр зээл төлж эхэлнэ. Гэтэл өнөөдөр Монгол Улс 1 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай ажиллаж байна. Ер нь Засгийн газар дотоодын нөөц боломжийг ашиглахгүй, зөвхөн зээл тусламжид дулдуйдаж ажиллаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 төсвийн төсөөлөлд тусгагдсан эдийн засгийн өсөлт болон төсвийн үзүүлэлт тодорхойгүй байгааг шүүмжиллээ. Өнгөрсөн оны үзүүлэлтээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай гэж гарсан.

Гэтэл Энэтхэгийн Ерөнхий сайд өчигдөр хэлсэн үгэндээ "Энэтхэг улс дэлхийд тэргүүлэх хөгжилтэй. Эдийн засгийн өсөлт нь 7.4 хувийн өсөлттэй байна" гэж хэлсэн. Үүнээс харвал бид ч эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэхээр харагдаж байгаа юм. Гэтэд бид  яагаад хямраад байна” хэмээв.

Тэрбээр Монгол Улс хямарч байгаагийн шалтгааныг гурван зүйлтэй холбон тайлбарлав. Нэгдүгээрт, Баялагийн мөнгө Монголд орж ирэхгүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, Баялагийн мөнгөө 1.5 саяын хувь хишигт тараасан, тэр мөнгөө зээлээр босгосон. Гуравдугаарт үнэ тогтворжуулах хөтөлбөрөө оновчгүй зохион байгуулсан хэмээн Ц.Даваасүрэн гишүүн хэлэв.