Инженерээр мэргэших 12 баг Японыг зорилоо
/Зургыг Eagle.mn/
2015.05.19

Инженерээр мэргэших 12 баг Японыг зорилоо

Монгол Японы  Засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа 1000 инженер бэлтгэх инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд япон улсад суралцах багш нарт өнөөдөр батламж гардууллаа.

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх. Улмаар сургалтын орчинг шинэчилж, чанарыг сайжруулах зорилгоор БСШУЯ, Японы  Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дэдд боловсрол” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.  

БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр  энэ төслийн хүрээнд Япон улсын их, дээд сургуулиудад хамтарсан судалгааны чиглэлээр зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдах МУИС, ШУТИС-ын багш, судлаачдад батламж гардуулан өглөө. Дээрх хоёр сургуулиас тус бүр зургаан  баг өөрсдийн мэргэжлийн дагуу 14 хоног Япон улсад судалгаа явуулах юм байна.

МҮХАҮТ, МУИС, ШУТИС харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Түүнчлэн 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд болон их сургууль, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрхийн танхим, МУИС, ШУТИС харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд харилцан бие биеийн эрх ашиг, сонирхол, бие даасан байдлыг хүндэтгэн их сургууль бизнесийн байгууллагын хамтын ажиллгааг эрчимжүүлэх замаар идэвх санаачилгатай хамтран ажиллах аж.

Дээрх санамж бичгийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах. Мөн МҮХАҮТ-ын гишүүн бизнесийн байгууллагуудын захиалгаар туршилт, судалгааны ажил, төслийг хамтран гүйцэтгэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх. Улмаар  технологийн өндөр хөгжилтэй орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад чадварлаг  залуусыг суралцуулан мэргэшүүлж, эх орондоо эргэн ирсний дараа үндэсний тэргүүлэх компаниудад тогтвортой үр бүтээлтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх аж.