Намууд сонгуулийн системд санал зөрүүтэй байгаа
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.05.20

Намууд сонгуулийн системд санал зөрүүтэй байгаа

Төрийн ордонд “Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлт”сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр тус хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас хэдэн зүйл тодрууллаа.

-Улстөрийн намууд авлигад өртөж байгаа шалтгаан нь хуулиндаа байна хэмээн хэлэлцүүлэгт орж байгаа хүмүүс хэлж байна. Тэгэхээр шинэ хуулиар түүнийг зохицуулах боломж бий юу ?

Санхүүжилт нь дотроо сонгуулийн болон улстөрийн намын гэж хоёр хуваагдаж байгаа. Харин сонгуулийн хуулинд эхний хэлсэн санхүүжилтыг нэлээд нарийвчилж зохицуулалтаа хийсэн. Тухайлбал хандивын асуудал дээр хувь хүн болон хуулийн этгээдийн өгөх хэмжээ, нэр хаяг зэрэг тавих хяналтыг тодорхой болгосон.

Өмнө СЕХ хянана хэмээн нэр төдий байсан бол аудит хяналт тавихаар тусгасан. Түүнчлэн сонгуулийн ажилт тухайн нэр дэвшигч өөрөөс гаргасан мөнгөө тайлагналгүй, хандив өгсөн хүмүүсийн тайлан гаргаж өгчихдөг байсныг болиулж тайланд тусгахаар заасан. Мэдээж энэ бол нийтэд ил тод байна.

Өөр нэг чухал зохицуулалт нь сонгуулийн зардлыг багасгасан. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл өндөр үнэ хэлдэг. Тиймээс энгийн үеийн үнэ ханштай адилхан байлгаж, аль нэг нам эвслийн сурталчилгааг явуулахгүй байха. ОНРТ-ээр үнэ төлбөргүй, жигд цагтайгаар суртчилгаа явуулэх гэсэн тэгш боломжийг олгоно. Харин бусад арилжааны телевизүүдэд дагнасан биш өдрийн нэг цаг гэх хувиарлалтыг хийнэ.

-Харин улстөрийн намууд рүү чиглэсэн ямар зохицуулалтууд оруулсан бэ ?

Сонгуулийн зардлын тайлангаа цаг хугацаанд гаргаагүй, гаргасан ч худлаа мэдүүлсэн бол тухайн намыг сонгуульд бүртгэж авахгүй. Түүнчлэн сонгуулийн үеэр болон дараа хууль зөрчсөн нь тогтоогдохын бол тангараг өргөсөн ч байсан мандатыг нь хүчингүй болгоно. Үүнд бас эдийн засгийн маш том хөшүүрэг орж байгаа.

Буруутай нь тогтоогдоод дахин сонгууль явах тохиолдол үүсвэл зардлыг тухайн буруутай этгээдээр төлүүлнэ. Өмнө нь хяналт сул байснаас болж янз бүрийн аргаар мөнгө тарааж, үүнд тулгуурлан сонгогддог байсан бол одоо хариуцлага нь маш өндөр болсон. Түүнчлэн эргэн улстөрд орох карер нь хаагдана.Тиймээс сонгуульд аль болох бага зардлаар, шударга өрсөлдөх нөхцлийг бий болгож байгаа.

Харин зардлыг багасгахын тулд бүх нэр дэвшигчид нам эвслийн тарааж өгөх материалыг нэгтгээд сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа ажилтнууд иргэдэд хүргэж өгөх асуудлыг судлаж байна. Түүнчлэн маш олон суртчилгааны самбар бий бодлог. Тиймээс аль ч нэр дэвшигч үнэ төлбөргүйгээр сурталчигааг байршуулах цаг, байршлыг тогтоож өгнө. Ингэвэл нэлээдгүй хэмжээний мөнгө хэмнэгдэнэ.

-Сонгууль дууссаны дараа авсан суудлынх нь тоонд тааруулан улсын төсвөөс мөнгө өнгөдөг. Энэ асуудал хуулинд хэрхэн тусгагдсан бэ ?

Тийм. Энэ мөнгийг олгохдоо зориултыг нь зааж өгдөггүй. Энэ нь хэрхэн юунд зарцуулсан гэдгийг эргээд ард түмэнд тайлагнадаггүй. Улстөрийн нам санхүүжилтээ төсвөөс болон хүмүүсээс авдагаа олон нийтэд дэлгэдэггүй учраас авилгад өртөх гол шалтгаан болдог.

Хэр их хандив авна тухайн хүндээ эргээд албан тушаал, эрх мэдэл болон тендерээр хариу барьдаг жишгийг таслан зогсоохын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс өгч байгаа санхүүжилт бүрийг зориулт нь тодорхой, хяналт нь тодорхой байх ёстой гэсэн зарчмаар ажиллаж байна.

Тухайлбал намуудад өгч байгаа мөнгө бол нэгэнт л ард түмэнд мөрийн хөтөөлбөрөө танилцуулж амласан бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө гаргаж байгаа хуулийн төсөлдөө зориулах хэрэгтэй.  Бас улстөрчдийг сургаж бэлдэх ёстой. Үнэхээр УИХ-д нэр дэвших гэж байгаан бол улсын төсвийг уншдаг,салбар бүрийн мэдлэгийн хувьд тэнцэхүйц хүн байх ёстой. Тиймээс үүнийг бэлтгэдэг боловсон хүчний бодлогод нь санхүүжилтийг өгч болно.

Тэгэхээр намууд улстөрийн боловсрол олгох, олон ургальч үзлийг дэлгэрүүлдэг үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй ажилладаг байх хэрэгтэй. Хамгийн гол нь нам юуны төлөө ажиллах ёстойн түүнд нь санхүүжилтийг нь олгож, эргээд түүнийгээ шаарддаг, хэрвээ үнэхээр хангалтгүй бол торгуул тавьж, дараагийн санхүүжилтийг өгөхгүй байх арга хэмжээг авна.

Ер нь санхүүжилт гэдэг нь эзэн болон хариуцлага нь тодорхой байж үйлчлэх учиртай. Тиймээс Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулинд орох улстөрийн сангийн тухай хууль бол маш чухал бөгөөд авлигыг бууруулж, нээлттэй үйл ажиллагааг явуулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

-Авлигатай тэмцэх газрын судалгаанд дурьдахдаа УИХ-д суудалтай намууд хамгийн их авлигад өртөж байна хэмээн хэллээ. Тэгэхээр энэ зүйл уг хуулиар зохицуулагдах уу ?

Одоо бол УИХ-д суудалтай намуудад санхүүжилт олгогдож байгаа. Харин цаашдаа улсын хэмжээнд суудал авч чадаагүй байсан ч тодорхой буюу тав, дөрвөн хувьдаа хүрч чадаагүй ч гурав хүртэлх хувийн дэмжлэг авсан намуудад ч боловсон хүчнээ бэлтгэх, ард иргэддтэйгээ холбогдож үзэл бодлоо танилцуулах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх санхүүжилт байх нь зүйтэй хэмээн үзсэн.

Бусад улс оронд ч гэсэн ийм байгаа. Сонгуулийн хуулиар суудалгүй намуудад тэгш боломж олгох үүднээс нэлээдгүй зохицуулалт орсон.

Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ УИХ-д оруулах вэ ?

Сонгуулийн хуулийг хоёр зүйл дээр хоорондоо тохирох юм бол бусад ерөнхийдөө болсон. Нэгд нь сонгуудийн системд гурван бүлэг өөр, өөр саналтай байна.

Хэрвээ үүнийгээ нэгтгэж чадвал өргөх барихад болно. Түүнчдэн МАН-ын бүлэг Их хурлын болон Орон нутгийн сонгуулиуд нэг байх гэсэн дээр санал зөрж байгаа. Бусад нь болно гэсэн. Энэ хоёроос бусад зүйл, заалт бүрт нь ажлын хэсгийнхэн сууж ажилласан.