Азийн залуус "Мөрөөдөл" -өө тарилаа
2015.05.21

Азийн залуус "Мөрөөдөл" -өө тарилаа

Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий ассамблейг "Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо" уриатайгаар энэ сарын 18-21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа. Тус ассамблейд 23 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд өчигдөр Залуу бизнес эрхлэгчдийн форум болон Зүүн хойд Азийн залуучуудын симпозиумаар эл арга хэмжээ үргэлжилсэн юм.

Үүнээс гадна ассамблейд оролцож буй ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Сингапур, Малайз, Камбож, Польш зэрэг орны 80 орчим төлөөлөгч өчигдөр дугуйн аялал зохион байгуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Азийн залуучуудын төгөл" байгууллаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Азийн залуучуудын төгөл" байгууллаа

Энэ үеэр Азийн залуучуудын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жий Сэ Сүн "Азийн залуучууд цуглан, саналаа солилцож байгаа нь маш зөв, цагаа олсон үйл явдал болж байна. Бид хойш нь тавьж болохгүй олон асуудлыг хөндөж, санаа бодлоо нэгтгэж байгаа билээ. Ази залуус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн мод бус өөрсдийн мөрөөдлөө цуг тарьж байгаа. Бидний мөрөөдөл цэцэглэн улам өндөр ургана гэж найдаж байна" гэв.

975 га талбайтай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 90 хувьд нь мод таривал дэлхийд томд орох цэцэрлэгт хүрээлэн болох юм. Одоогоор 180 га-д мод тариад буй гэнэ. Сонирхуулахад, Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий ассамблейд оролцож буй төлөөлөгчид өчигдөр үдээс хойш Чингис хааны морьт хөшөө цогцолборт зочлон бэсрэг наадам үзсэн юм.