Хэн юу хэлэв
2015.05.22

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан мэдэгдлүүдийг тоймлон хүргэе.

Я.Санжмятав: Сонгуулиас өмнө МАН засгаас гарна 

/УИХ-ын гишүүн/ 

Шинэчлэлийн Засгийн газарт Хөдөл­мөрийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Я.Санжмятав албан тушаалаасаа бууснаас хойш анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.Түүний ярилцлагад дурьдагдсан олон зүйлээс анхаарал татсан нь МАН засгаас гарах тухай яриа юм. 

Тэрбээр, “Олон өөр яриа байгаа юм. МАН-ыг засгаас гарах нь гэсэн сураг дуулдаж л байна лээ. Эрт орой нь мэдэхгүй. Ямар ч гэсэн сонгуулиас өмнө гарч таарна. Гарах хугацаагаа хүлээгээд байлгүй ард түмний өмнө тулгамдсан, төр засгийн ажлыг сэтгэл гаргаж хийх ёстой. 

Засагт олонх нь АН байгаа учраас Засгийн газар огцрохгүй байх. Гэхдээ ажилд садаатай, асуудал шийдэхгүй байгаа ганц нэг сайд байгааг чөлөөлж, сэлгэх асуудал байхыг үгүйсгэхгүй. 

Анх Засгийн газрыг хамтарч байгуулахдаа ч ширээ сандал, хэдэн сайд вэ гэдгийг ярьсан болохоос эвссэн нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрөөс оруулна гэж тухайн үед яриагүй. Цаг тулчихсан энэ үед олон асуудлыг шийдэхийн оронд юу боллоо гэж мөрийн хөтөлбөрийг шинэчлэх гэж суух вэ. 

Энэ нь бас л ажлыг удаашруулах гэсэн, эсвэл засаг дотроо бужигнаан бий болгох эхлэлийг тавьсан ийм л асуудал байх. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сая дүгнэхэд 50 гаруй хувьтай явж байна. Үлдсэн ажлуудыг сонгууль хүртэл шахаж хийлгэх ёстой юм” хэмээн ярьсан байна.

Г.Дэнзэн: Үнэн миний талд байгаа учраас би зоригтой байгаа 

/ЗГХЭГ-ын дэд дарга асан/

“Говь повер” компанийн асууд­лаар шалгагдахаас өмнө ор­гон зайлсан гэх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүр­гэн гэгдэг Г.Дэнзэн гэх за­луу өчигдөр хэвлэлд анх удаа ярилц­лага өглөө. 

Гер­манд мэргэжил дээш­лүүлэн су­рал­цаж байгаа, өн­гөр­сөн ху­га­цаанд оргож зайл­сан зүйл байх­гүй хэмээн тайл­барлаж байгаа би­лээ. Тэг­вэл “хүргэн” Г.Дэнзэн ингэж ярь­жээ. Тэрбээр “Би хэвлэлээр шуу­гисан шиг зугтаагүй, мөн АТГ болон ямар ч хуулийн бай­гууллагаас намайг дуудаж шал­гаагүй. 

Эрэн сурвалжилж бай­гаа гэдэг бол бүр худлаа. Үнэн­дээ би “ардчилал”-ыг муу­хай харагдуулахын тулд сөрөг хүч­ний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр. Би одоо 27 настай, залуу хүн. 

Миний амьдрал, хийж бү­тээх бүхэн урд маань байна. Хү­сэл мөрөөдлийнхөө төлөө урам зоригтойгоор зүтгэж эх­лэх насан дээрээ бохир улс тө­рийн золиос болж, амьдарч буй нийгэмдээ буруутан болж харагдахыг ямар залуу хүн хүсэх вэ дээ. “Эрдэнэс-Таван­тол­гой”-н ТУЗ-ийн даргын аж­­лыг би долоон сар орчим ху­­гацаанд л хашсан байдаг юм. 

Энэ хугацаанд 17 тэрбум бай­тугай нэг ч төгрөгийн тендер аваа­гүй гэдгээ хатуу мэдэгдье. “Эр­дэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Бат­суурь, түүний хамт олон үнэхээр сайн ажилласан. Хүмүүс Тавантолгойг их амархан тө­сөл юм шиг ойлгодог. Тийм болоод л бүгд ярьдаг биз. 

Гэтэл үнэндээ яг нүүрсээ ухах, тэнд ажиллаж байгаа ажилчдын байдал зэргийг авч үзвэл үнэхээр хүнд ш дээ. Гадаад захирлууд нь 300 саяын цалин авч байхад жирийн уурхайчин нь сарын 600 мянган төгрөгийн л цалинтай ажилладаг. ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэг­лэ­лийнхээ мэдэлд авах гэсэн явцуу шу­налтай хүмүүсийн явуургүй арга. 

Муу нэр­тэй Дэнзэнтэй холбож байгаад бүхнийг амжуулъя гэсэн башир арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон гэж харж байна. 

Үүний баталгаа нь тухайн үед ч, одоо ч АТГ-аас намайг шалгасан зүйл нэг ч байхгүй байгаад юм. Огт хэрэг хийгээгүй хүнийг шууд гүтгээд шоронд хийх хэмжээний зориг тэднээс арай л гарахгүй байх. Үнэн миний талд учраас би зоригтой байгаа” хэмээн ярьжээ. 

М.Энхсайхан: Далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө бүх талын эрх ашигт нийцнэ 

/Монгол Улсын сайд/

Уул уурхайн том төслүүдийг хөдөл­гө­хөөр Монгол Улсын сайдын суудалд суу­сан М.Энхсайхан сайд Ерөнхий сайд Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөв­лөгөөнд гарын үсэг зурсан асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, “Би хувьдаа Оюу толгойн далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь бүх талын эрх ашигт нийцнэ гэж хэлмээр байна. 

Далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө урд өмнө байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг хөндөөгүй. Харин тодорхойгүй байсан асуудлыг ойлгомжтой болгож дараачийн хөрөнгө мөнгийг банк, санхүүгийн байгууллагуудаас босгох бололцоо бий болгож байгаа юм. 

Хамгийн гол нь далд уурхайг ашиглаж эхэлснээр Оюу Толгой төслийн ашигт ажиллагаа нэмэгдэж, манай хувьд авах татвар нэмэгдэх, үйлдвэрлэлийн хэмжээ өссөнөөр бидний авах роялти өсөх, Оюу Толгой төсөлд олон хүмүүс ажилтай байх, туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд ажиллах зэргээр эдийн засгийн өгөөж ихээр нэмэгдэнэ. 

Оюу Толгой төсөл урагшлах нь дэлхийд Монголыг эерэгээр харагдуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах сайн дохио болох юм. Таван толгойн цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахаар бэлтгэж байсан Япон, Солонгос, Францын компаниуд Оюу Толгойн төсөл цааш явах эсэхийг харж түдгэлзэн байсан бол одоо бичиг баримт нь өндөр стандартаар хийгдсэн ТТЦС төсөл бодит байдал болох магадлал асар өндөр болж байна. 

Энэ мэтчилэн бусад төслүүдийг хойноосоо дагуулах болов уу гэж бодож байна” хэмээжээ. Мөн бүх талын эвлэрлийн гэрээг байгуулсан гэсэн асуудлыг хоосон хардлага хэмээжээ. 

Б.Бямбасайхан: Төрийн өмчийг удирдах шинэ стандарт боловсруулна 

/“Эрдэнэс Монгол” корпорацийн гүйцэтгэх захирал/

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийг даргалж байсан Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол” корпорацийн гүйцэтгэх захирлын ажлыг авснаасаа хойш анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. 

Тэрбээр, энэхүү корпорацийн үйл ажиллагаанд шинэчлэлт хийж Сингапур улсын “Темасек холдинг”-ийн тогтолцоонд нэвтрүүлнэ хэмээн амалсан билээ. Б.Бямбасайхан хэлэхдээ “Ерөнхий сайд ажлаа аваад хэдэн зүйлийг тодорхой хэлсэн. Үүний нэг нь төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажилладаг болгох санаачилга юм. 

Ингэхдээ “Темасек” маягийн загвараар өөрчлөхөө мэдэгдсэн. Өөрчлөлт хийх гэж л би энэ албан тушаалд томилогдсон хүн. Түүнээс биш, тэнд очоод зүгээр сууж бай гэж хэлээгүй. Үүнээс илүү дэмжлэг гэж юу байх вэ. Засгийн газар шинэ орчин бүрдүүлэх хуулийн төслөө боловсруулаад УИХ-д өргөн барина. 

Төрийн өмчит компанийг удирдах шинэ стандарт нэвтрүүлснээр Монголын эдийн засагт олон боломж нээгдэнэ гэж харж байгаа. Тиймээс энэ ажилд бага боловч гар бие оролцох нь ховорхон тохиох боломж гэж үзсэн. Маргааш, нөгөөдөр биш байх, гэхдээ хэзээ нэгэн цагт өнөөдрийн эхлүүлсэн ажил үр дүнгээ өгнө. Хийсэн ажлынхаа үр дүнг хараад өег сэтгэгдэл төрөх цагийг үзэх байлгүй дээ.