“Ногоон бизнес- тогтвортой хөгжил- 2011” бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын тэмцээнийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
2011.06.07

“Ногоон бизнес- тогтвортой хөгжил- 2011” бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын тэмцээнийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг

Эрхэм хүндэт  энтерпренерлэг залуус аа, зочид оо, хатагтай, ноёд оо

Та бүхэндээ Монгол орны зуны энэ сайхан өглөөний мэндийг дэвшүүлье.

enkhbold_m_ddssa

Технологийн хөгжлийн эрин үед экологийн тэнцвэрт байдал өөрчлөгдөн хөгжилд сөрөг нөлөөлөх төдийгүй хүний эрүүл мэндэд аюул учруулах боллоо. Байдлыг ухаарсан дэлхий нийт байгаль орчинд халгүй, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиг хандлагад нэгдэж байна. Энэ үзэл санааг дэмжсэн Монголын ажил хэрэгч, хариуцлага, санаачлагатай, шинийг эрэлхийлэгч энтерпренер залуус нэгдэн байгалийн унаган төрхөө хадгалсан ногоон эдийн засгийг цогцлоон Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулахаар “Ногоон бизнес-тогтвортой хөгжил 2011 ” хөтөлбөр санаачилжээ. Энэ дагуу Монголын энтерпренерүүдийн холбоо, “Зууны мэдээ” сонины хамтран санаачилсан “Ногоон бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын залуучуудын тэмцээн”-ийг дэмжин энэ арга хэмжээг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулах бүх талын нөхцөлийг хангаж ажилласан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгууллага, хүмүүст Засгийн газрын өмнөөс гүн талархал илэрхийлье.

 

Монгол Улсад анх удаа зохион байгууулж байгаа “Ногоон бизнес-тогтвортой хөгжил” бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын тэмцээнд дэлхийн  30 шахам орны баг, төлөөлөгчид оролцох саналаа ирүүлснийг сонсоод би залуус та бүхнээр бахархаснаа тэмдэглэж байна. Энэ тэмцээн Монголын хүүхэд, залууст бизнес санаагаа ажил хэрэг болгох, дэлхийд өрсөлдөх монгол бизнес, экспортод чиглэсэн эдийн засгийн бараа, бүтээгдэхүүнийг өргөжүүлэх санаачлагууд гарах алтан боломж бас томоохон хөрөнгө оруулалт болно. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын 70 шахам хувийг эзэлж байгаа залуучуудын хүч оролцоог зөв, үр ашигтай хангах, тэдний оюуны чадвар, хүчирхэг санааг хөгжлийн шийдэлд харгалзах зайлшгүй шаардлагатайг  Монгол Улсын Засгийн газар чухалд үзэж байна. Нөгөө талаар залуу хүн бүрт “энтерпренерлэг” чанарыг  төлөвшүүлэхэд бусад орны залуусаас сурах, бенчмаркинг, тэргүүн туршлагаа хуваалцах хэлбэрээр “Нэг дэлхий - Нэгдмэл хөгжил- Ногоон бизнес” урианд нэгдэн байгаль орчинд ээлтэй бизнес санааны нэгдсэн санг бүрдүүлэхийг талархан дэмжин хамтран ажиллахад таатай байгаагаа  илэрхийлж байна.

 

Даяаршсан нийгэмд иргэн бүхэн байгаль экологийн асуудалд гүн ухамсар, хүндэтгэлтэй хандах нь цэнхэр гаригаа энэ чигээр нь хадгалах, авран хамгаалахад үнэтэй хувь нэмэр болно. Үүний тулд ногоон технологийг хөгжүүлэх, ногоон бизнесийг өргөжүүлэх замаар нийгмийн хөгжлийг урагшлуулах шаардлага ялангуяа монгол орны хувьд  чухал юм.  Энэ арга хэмжээ нь ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд залуусын дуу хоолойг нэгтгэх, байгальд халгүй шинэ техник, технологийн бүтээлч санаачлагыг дэмжих, байгальд зөв хандсан нийгмийн хариуцлагатай бизнесийг өргөжүүлэх, хүний эрүүл мэндэд тустай, хаягдалгүй бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх,  залуу үедээ байгалиа хамгаалах ухамсарыг төлөвшүүлэх, залуусын экопренерлэг санаачлагаар хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах,  ногоон эдийн засгийн хөгжлөөр тогтвортой хөгжлийг дэмжих онцлогтой юм. Тухайлбал боловсролын системд цахим ертөнцийн хувьсгал хийхийг эрмэлзэж байгаа Коста Рикагийн,  аж үйлдвэрийн зах зээлээ шинэчлэхийг зорьж байгаа Колумбын, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сайн чанарын агуулахаар “хязгаарлах”  тэмүүлэлтэй Энэтхэгийн залуусын зэрэг олон шилдэг санаа, төслийг уралдуулан шалгаруулах энэ тэмцээн орон орны залууст өөрийгөө мэдрэх, зориг тэвчээрээ шалгах торгон мөч юм.   Иймд олон улсын энэ тэмцээнд бизнесийн шинэ санаа, шилдэг төслөө дэвшүүлэх залуус өргөнөөр оролцож, сайн санаа, төслөө бодит болгох санхүүгийн дэмжлэгийн төлөө өрсөлдөн оюун ухааны хүч, чадвараа дэлхийн 30-аад орны бизнесийн зөвлөх, шүүгч нарт харуулах нь шинийг санаачлагч залуусын нэр төрийн хэрэг болно. Нөгөө талаас байгальд  ээлтэй бизнес төслийн сан бий болж шилдэг бизнест хөрөнгө оруулдаг болох нь ногоон бизнесийг хөгжүүлэх байгууллага, хүмүүс, иргэнд нэн таатай боломж бүрдэнэ.

 

Энэ удаагийн олон улсын тэмцээнээс ногоон  эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээрх бизнес төслийг шалгаруулан ялагч багийг  “бүтээлч”, “нийгэмд чиглэсэн”, “хаягдалгүй”, “цэвэр”, “эрүүл мэндийг дэмжигч” бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр нь,  харин манлайлагч хувь иргэнийг  “шилдэг залуу лидер”, “шилдэг зохион бүтээгч”, “шилдэг экопренер” гэсэн номинациар тус тус шалгаруулан 18,000 ам. дол-ын дэмжлэг үзүүлэхээр шагналын санг бэлтгэсэн  байна.  Манай залуусын урилгыг хүлээн авч Аргентин, Колумб, Панам, Индонез, Перу, Гондурас, Чили, Коста Рика, Өмнөд Африк, АНУ, Бразил, БНСУ,  Филлиппин, Малайз,  Япон, Энэтхэг, Хятад, Тайван, ОХУ, Киргизээс  хүрэлцэн ирсэн  эрхэм зочид, төлөөлөгчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж, уралдаан тэмцээнд амжилттай оролцохыг хүсье. Энтерпренерлэг залуусын англи хэл дээрх энэ арга хэмжээг нээлттэй вэб сайтаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрийн шимтэн сонирхогчдод түгээнэ  гэж найдаж байна.

 

Олон улсын энэ тэмцээн шударга өрсөлдөхийн зэрэгцээ харилцан сурах, биесээ ойлгох, бизнес түншлэлийн өргөн хэлхээнд явагдаж, тогтмол хугацаанд өртөөлөн хөгжих, ногоон бизнесийн ундрах булаг байгаасай гэж хүсч байна. Ногоон бизнес-тогтвортой хөгжлийн төлөө өргөн түншлэлд дахин талархал илэрхийлэн, өндөр ажилт хүсье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.