Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа
2015.05.26

Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.05.25/ өргөн барилаа.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 оны 05 дугаар сарын 28-нд УИХ-аар батлагдсанаас хойш 16 жилийн хугацаанд гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, гарсан гал түймрийг унтраах талаарх төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүлээх эрх үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог зохицуулах үндсэн үүргээ хангалттай биелүүлж иржээ. 2014 онд нийт 4222 удаа обьектын гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 11,38 тэрбум төгрөгийн хохирол учирч гал түймрийн аюулд 59 хүн амь насаа алдан, 52 хүн түлэгдэж гэмтсэн нь өнгөрсөн 2013 онтой харьцуулахад гал түймрийн тоо 10,5 хувь, хохирол 15,3 хувиар тус тус өссөн, сүүлийн 10 жилийн байдлаар гал түймрийн тоо жилээс жилд 10-15 хувийн өсөлттэй байгаа нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн галын аюулгүй байдлыг хангуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох галын аюулаас урьдчилан сэргийлэх (ажлыг) арга хэмжээг эрчимжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг шинэчлэх нэг тодорхой үндэслэл болж байгааг хууль санаачлагч танилцуулсан.

Энэхүү хуулийн төсөл дэмжигдсэнээр Галын аюулгүй байдлын нэгдсэн дүрэм, Галын аюултай бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам зэрэг эрх зүйн актууд шинээр гарах боломж бүрдэх юм байна.