Засаглал Ганбаяр.Д 2015.05.27 | Сонин: Ардчилал

Есдүгээр сараас компаниудад зэрэглэл тогтооно

Есдүгээр сараас компаниудад зэрэглэл тогтооно
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр

Бизнес эрхлэхэд хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр хомсдолтой байгаа нь манай улсын санхүүгийн зах зээлийн боломж, бизнесийн байгууллагын засаглалтай холбоотой юм.

Иймд Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд сайн засаглалын зарчмыг хэвшүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах, зөв зохистой бизнесийн удирдлага, тайлангийн ил тод байдлыг нэвтрүүлэх шаардлагатай.

Энэ дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 69 дүгээр тогтоолоор "Компанийн  засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр"- ийг баталжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, Монголын хөрөнгийн бирж (МХБ), Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Компанийн засаглалын үндэсний зөвлөл (СЗХ-ны дэргэдэх КЗҮЗ) зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.

Компанийн засаглал гэдэг нь тухайн компанийн үйл ажиллагаанд оролцогч бүхий л этгээдийн тэр дундаа үндсэн оролцогчид болох    хувьцаа эзэмшигч төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагын хоорондын зөв, зохистой харьцааг ямар түвшинд байгааг тодорхойлох чухал үзүүлэлт болдог юм.

Хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх хамгийн эхний алхам бол хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох явдал байдаг аж. Компанийн засаглалыг сайжруулах талаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр "Төрийн байгууллага дангаар Компанийн засаглалын үнэлгээг үнэлэхэд хангалтгүй гэж үзээд хөндлөнгөөс буюу КЗҮЗ-өөс ТУЗ-ийн гишүүд, болон компанийн засаглалд үнэлэлт өгөх болсон. Төрийн байгууллагаас 50 хувь, КЗҮЗ- өөс 50 хувийн харьцаатай үнэлгээ өгөх юм. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг үндсэндээ боловсруулж дууссан.

Есдүгээр сараас эхлэн компаниудыг үнэлэх  ажил албан ёсоор эхэлнэ. Он гараад компанийг   засаглалаар нь олон нийтэд нээлттэй ил тод зарлана гэсэн төлөвлөгөөтэй байна. Компанийн засаглалыг сайжруулах талаар www.emance.mn сайт ажиллуулж байна. Энэ сайтад, компанийн засаглалтай холбоотой, ТУЗ-ийн тухай, тухайн компанийн санхүүгийн       болон  үйл ажиллагааны тайлан, холбогдох мэдээллүүд ил тод байгаа. "Сайн засаглал" гэсэн ТВ-ийн цуврал нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байна. "Даатгалын компани", "Арилжааны банк", "Төрийн өмчит" болон "Хувьцаат компани"-ийн төлөөллөөс сонголт хийн, нэвтрүүлэгт оролцуулна" гэлээ.

Мөн тэрээр "Барууны орнуудад засаглал сайжруулахад нээлттэй ил тод байдлыг хангах, үйл ажиллагааг нь тогтмол зарлах явдал чухал байдаг. Саяхан "Оюутолгой"-д хөрөнгө оруулалт татах талаар Засгийн газар дорвитой ажил хийсэн. Эдгээр мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосноор, тухайн компанийн хөрөнгөтатан төвлөрүүлэх, хувьцааг өсгөх, хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болж байгаа" гэлээ.

Компанийн засаглалыг сайжруулах ажилд Монголын хөрөнгийн биржийн зүгээс хийж буй ажлын талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Д.Ангар "Хөрөнгийн зах зээл оршин тогтнох, компаниудын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гол хөшүүрэг бол нээлттэй ил тод байдал, компанийн сайн засаглал байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тэгш хангах нь хөрөнгийн биржийн оршин тогтнох гол нөхцөл нь нээлттэй ил тод байдал, хариуцлагатай байх гол үндэс нь компанийн засаглал юм. Ийм учраас хөрөнгийн биржийн зүгээс компанийн засаглалын асуудлыг чухлаар авч үздэг. Хөрөнгийн зах зээлд нээлттэй ил тод байдал, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах    байдал, дутагдаж байна.

Үүнийг цаашдаа засч залруулах шаардлага байгаа. Компанийн тухай мэдээлэл тараах асуудал нь цаг хугацаа их шаардана. Тараах хамгийн зохимжтой хэлбэр бол компанийн веб сайт ашиглах явдал юм. Хувьцаат компаниудад веб сайтаа идэвхжүүлж, компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүд байнга тавьж бай гэсэн шаардлага өгсөн. "Хувьцаат компани" гэдэг нь нээлттэй, хувьцаа эзэмшигчид нь тэгш эрхтэйгээр, мэдээлэл авах ёстой гэв.

Компанийн засаглал нь олон нэгж, үйл ажиллагааны хэсгээс бүрддэг. Хамгийн энгийн шаардлага бол санхүүгийн тайлангаа хугацаанд нь гарган, олон нийтэд ил тодоор мэдээлэх, хувьцаа эзэмшигчдийн хурлаа цаг тухайд хийн,  хурлын материалаа МХБ-д ирүүлж байх гэсэн байдаг ажээ. Нийт компанийн 33 хувь нь 2011 онд МХБ-д хурлын материалаа ирүүлж байжээ. Тэгвэл 2015 оны байдлаар 64 хувь буюу хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан нь компанийн засаглалыг сайжруулах чиглэлд зохиож байгаа ажилд ахиц гарсныг харуулж байна гэж   албаны хүмүүс үзэж байна.