Нэг хувийн татвар төлнө, төлөхгүй
2015.05.27

Нэг хувийн татвар төлнө, төлөхгүй

Эсрэг тэсрэг байр суурь

С.Дэмбэрэл: Монголд татвар нэмэх цаг биш

Аливаа зүйлийг буруу цаг үед буруу аргаар оруулж ирж болохгүй ээ. Өнөөдөр эдийн засгийн хүндрэл их байна. Бизнесийн идэвхжил тааруу, санхүүжилт зогсчихлоо. Бизнесийн орчны шинэчлэл олигтой хийгдсэнгүй. Татварын бодит дарамт өндөр байна. Татварын реформ олигтой хийгдсэнгүй. Ийм үед шинэ татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж болохгүй биз дээ.

Мэдээж Улаанбаатар хотыг цэцэглэн хөгжүүлэх нь чухал байлгүй яахав. Үүний тулд татвар нэмэх нэг гарц байж болно. Дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг тухай хангалттай хэлж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд Монголд татвар нэмэх цаг нь биш. Харин хэмнэлт хийдэг үе ирчихээд байна. Монгол Улс даяар хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй. Шилжих тухай ч ярьж байна. Тиймээс Улаанбаатар хот хэмнэлтийн горимд шилжих ёстой. 

Улаанбаатар хотод хэрэгжүүлэх том том амбийцтай төслүүд бий л дээ. Гэхдээ бид тэвчих ёстой, хэмнэх хэрэгтэй байна. УИХ-аас Улаанбаатар хотыг хэмнэлтийн горимд шилжүүлье гэдэг зүйлийг ярьсан. Засаг даргынх нь зургаан орлогчийг цөөрүүлье гэсэн. Гэтэл болоогүй. Яг үнэндээ нийслэл улсынхаа төсвийг бодох ёстой. Улаанбаатар хот, улсын төсөв хоёр тусдаа явдаг юм биш шүү дээ. Улсын төсөв дутаад байгаа орлого, хөрөнгө оруулалтыг зардал хэмнэж л нөхөөс өөр арга бидэнд алга.

Үгүй болшинээр татвар нэмээд явбал зарчмын болоод бодлогын хувь алсыг хараагүй буруу шийдвэр болно л доо. Ийм л зүйлийг Засгийн газар оруулаад ирлээ. Ерөнхий сайд нь татвар нэмэхгүй гэж хэлчихээд байхад нь ийм зүйл оруулаад ирж болохгүй. Татварын их, бага нь огт хамаагүй. Хувь хэмжээ нь бага ч гэлээ үр нөлөө нь их байдаг юм. Ядаж л инфляцид нөлөөлнө. 

Бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад тэнгэрт хадна. Одоо үйлчлүүлэгчгүй болчихсон байгаа ресторанууд энэ нэг хувийн татварын нөлөөгөөр дампуурна. Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр архи, тамхины татварыг мөн л нэмлээ гэж үзье. Үр нөлөө нь ард иргэдийн нуруун дээр бууна.

Үүнийг нь ярихаар муу сайн архи, тамхины лоббичин гишүүд эрх ашгаа хамгааллаа гэж ад үздэг. Үнэндээ тэгээд байгаа юм биш, асуудлыг эдийн засгийнх нь талаас авч үзээд, эерэг сөрөг талыг нь тооцох ёстой л доо. Энэ татварын хөлд жижиг, дунд бизнес эрхлэгчид, ялангуяа найман нэрийн барааны дэлгүүртэй хүмүүс чирэгдэнэ. Дагаад иргэдийн халаасан дахь мөнгө бүр ч үнэ цэнэгүй болно шүү дээ. Үүнийг л бодох хэрэгтэй.

Д.Сумъяабазар: Татварыг нэмэх биш чөлөөлөх ёстой гэсэн байр сууринаас ухрахгүй 


Нийслэлийн албан татварын тухай асуудлыг өнгөрсөн оны сүүлчээр нэлээд ярьсан. Тэр үед эдийн засаг хүндэрчихсэн байгаа энэ үед бид татвар нэмж авах биш бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг харин ч татвараас чөлөөлж, дэмжих нь зүйтэй гэж хэлээд буцаалгаж байсан юм. Гэтэл одоо нийслэлийн удирдлагууд Нийслэлийн татварын тухай хуулийг оруулж ирээд байна. 

Түүнчлэн үүний араас Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг оруулж ирнэ гэж байна. Угтаа эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бид татвараа нэмж биш аль болох чөлөөлөх ёстой гэдэг байр сууринд миний хувьд хатуу зогсоно. Одоогийн яриад байгаа нийслэлийн татварын асуудлаар байнгын хороон дээр нухацтай ярих байх. Ер нь хямралын төв цэг нь Улаанбаатар хот.

Энэ үед нийслэлд хөдөлмөр эрхэлж, ажлын байрыг өөрсдөө бий болгож байгаа аж ахуйн нэгж иргэддээ бид аль болох татварын дарамт үзүүлэхгүй байх ёстой. Харин эдийн засаг өсөлттэй байгаа үед бид татвараа нэмж болох шүү дээ. Нэг үгээр бол, одоо татвар нэмэх цаг нь биш

Д.Ганхуяг: Энэ бол зорилтот татвар

Энэ хуулийн төслийг Засгийн газар санаачлан одоогоос дөрвөн сарын өмнө буюу 2015 оны  төсвийн тодотголтой хамт өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын олонхи хуулийн төслийг дэмжсэн. Тиймээс Төсвийн Байнгын хорооны шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-д бүлэгтэй бүх намын төлөөлөл орсон. 

Ажлын хэсэг хуулийн төсөлд оруулах санал дээрээ нэгдсэн саналд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл дээр ярилцаж байгаад гүйцэтгэсэн ажлаас авах шаардлагагүй, мөн бүх төрлийн үйлчилгээнээс нь зөвхөн зочид буудал,баар, ресторан, амралтын газраас, бүх төрлийн бараанаас нь зөвхөн архи, тамхины борлуулалтын үнийн дүнгээс 0-1 хувийн татвар авах болгож өөрчилсөн юм. Яагаад “0” хувь гэхээр хотын төвийн бүсэд бол хувийн, бүр захын хороололд бол 0 хувь байж болох бөгөөд, энэ хувь хэмжээг ИТХ тогтоох юм.  

Энэ нь орлого багатай иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө ихтэй байгааг ч сайтар ойлгож байгаа. Гэхдээ нөгөө талаас улсын төсөвт голлох нөлөөтэй нүүрс, төмрийн хүдрийн зах, зээлийн үнэ 60-70 хувиар уначихсан. Бэлэн мөнгөний амлалтаас болоод зах зээл сайн үед төсвийн орлогоос илүү зарлагыг их хэмжээгээр тэлснээс гадна, 1.5 орчим тэрбум долларыг бэлнээр тараасан. Үүний бараг нэг тэрбум доллар нь 2012 оноос хойшх онуудад улсын төсөвд орох орлогыг барьцаалж байгаад зээл авчихсан. Энэ бүхнээс болоод сүүлийн жилүүдэд улсын болон нийслэлийн төсвийн орлого буурч алдагдал нэмэгдсэн, нийслэлд хэдэн зуун сая төгрөгний дутуу баригдсан барилгууд байж л байна. 

Цаашид удвал энэ дутуу баригдсан барилгууд хэнд ч хэрэггүй болно. Монгол хүн төр засагтаа хүндэтгэлтэй ханддаг, төрдөө залбирч амьдардаг сайхан уламжлалтай. Мөн нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг аяндаа бүтнэ гэдэг байр сууринаас асуудалд ханддаг сайн дадал бий.Тиймээс улсын эдийн засаг хүнд энэ үед иргэд архи, тамхи худалдан авсан үнийн дүнгээсээ нэг хувийн татвар төлөхдөө цааргалахгүй байх гэж бодох юм. Харин ч нийслэлийн иргэд маань улсынхаа болон нийслэлийнхээ хөгжилд архи, тамхи худалдан авсан үнийн дүнгээсээ нэг хувийн татвар төлж, хувь нэмэр оруулж байгаадаа бахархах болов уу гэж бодож байна. Энэ нь 10000 төгрөгөөр архи худалдаж авлаа гэхэд 100 төгрөг л нэмэгдэх юм. Гэхдээ хэрхэхийг УИХ шийднэ биз ээ. 

Ж.Батсуурь: Нийслэлд ажиллаж амьдарна гэдэг том хариуцлага

Эдийн засаг хүндрэлтэй байхад татвар авах гээд, учиргүй олон зуун тэрбумын татвараар ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэх гээд байна гэдэг талаас нь харахгүй байгаа. Ер нь төр, иргэн хоёрын хоорондох уялдаа , холбоо гэж нэг юм байдаг. Нэг улсын нийслэл гэдэг утгаараа хот нүүр царайгаа өөрчлөх шаардлагатай байна. Ер нь нийслэлд ажиллаж, амьдарна гэдэг нь өөрөө иргэн хүний хувьд том хариуцлага. 

Тэгэхээр тэр хариуцлагыг дааж амьдарна гэдэг нь төртэйгөө холбогдохыг хэлж байгаа юм. Төртэйгөө холбогдох гол гүүр нь тухайн иргэн нийслэлд татвар төлнө, тэр татвараар Монгол Улсын нийслэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалт хийх ёстой гэсэн үг. Бидэнд ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлсэн байх ёстой гэдэг уялдаа холбоог татвар бий болгож өгч байгаа юм. Энэ мэтээр татварын ач холбогдол өөрөө олон талтай, Ер нь хууль журмынхаа хүрээнд л нийслэл, дүүргийнхээ удирдлагатай, төртэйгөө харилцаж явах хэрэгтэй.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

Түнэр харанхуйг зүхэх бус нэг ч гэсэн лаа асаая

Нийслэлийн татварын асуудал 2015 оны нэгдүгээр сараас эхлэн маргаан дагуулсан. Гэсэн ч хагас жил өнгөрчихөөд байхад өнөө хэр шийдэл олоогүй явсаар байна. Нэр бүхий гишүүд татвар нэмж болохгүй, харин ч хэмнэх ёстой гэж үзсэн учраас хэлэлцүүлэгт орох болгондоо энэ төсөл шүүмжлэл дагуулсаар байгаа юм. 2015 оны нэгдүгээр сард анх УИХ-аар хэлэлцэх үед илүү сайн боловсруулж, гишүүдийн гаргасан саналыг тусган оруулж ирэхээр ажлын хэсэг байгуулсан.

Төд удалгүй ажлын хэсэг бусад бараа таваараас татвар авах бус баар ресторанаар үйлчлүүлэхдээ, мөн архи, тамхинд нэг хувийн татвар ногдуулахаар Байнгын хороонд оруулж ирсэн ч мөн л цагаа олоогүй байхад татвар нэмэх гэж зөрүүдэллээ. Нэг хувийн татвар авах цаг биш гэсэн шалтгаан хэлэн гишүүд эсэргүүцсээр чуулган руу оруулалгүй дахиад байнгын хороо руу буцаасан юм. Явж байгаа гэхэд хэцүү, явахгүй нь гэж хэлэхэд ч хэцүү ийм нэг хуулийн төсөл УИХ-ын гишүүдийг байсхийгээд л талцуулж хэрэлдүүлдэг болов.

Нийслэл дан ганц улсын төсвийг хараад суудаг биш хог ачилт, зам засвар, ганц нэг сургууль цэцэрлэг барих мөнгөө иргэдээсээ авсан татвараар бүрдүүлдэг байх нь зүй ёсны л асуудал. Энэ талаар хуулийн төсөлд оруулахад ч болохгүй гэх зүйлгүй. Гэтэл хуульд архи тамхи согтууруулах төрлийн бүх ундааны борлуулалтад нэг хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгчид нэг хувийн татвар ногдуулахаар оруулж иржээ. Хөгжиж буй хот бүхэн өөрийн гэсэн татвартай байдаг нь олон улсын жишиг. Тухайн хотод ажиллаж амьдарч байгаагийн хувьд нийслэлийн иргэн гэдгээ ойлгоод сардаа 2000 жилдээ 24 мянган төгрөг төлчихөд хэний ч халаас тэгтлээ нимгэрэхгүй. Харин ч би энэ хотод татвар төлдөг иргэн нь юм шүү хэмээн үүргээ илүүтэй ухамсарлаж татвар төлөгчийн үүргээ биелүүлж эхэлнэ. 

Хог хаяхад ч хайран санагдах ухамсар иргэдэд сууна. Канад зэрэг хөгжилтэй улс орнуудад хотын татварыг олон янзаар төлүүлдэг аж. Тухайлбал, Канадын нийслэл Торонто хотод ажиллаж амьдардаг тус улсын харьяа хотуудын нутгийн зөвлөл жил бүхэн нийслэлдээ бүтээн байгуулалт хийдэг байна. Торонто хотод ажиллаж амьдарч, тэнд үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа татвар болгож жилдээ нэг бүтээн байгуулалт хийх үүрэг авдаг гэнэ лээ. Нэг хотод сургууль завсарлах, цэцэрлэг барих, эсвэл нийслэлийн зам гудамж шинэчлэх ажлыг жилд нэг удаа хийнэ гэсэн үг. Ингэж нийслэлдээ амьдарч байгаагийн татвараа төлдөг. Тэгвэл манайх ч гэсэн энэ туршлагаас суралцаад 21 аймгийн нутгийн зөвлөлүүдээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь татварыг авч болно шүү дээ. Хогны уутанд төсвөөс тэрбумаар мөнгө үрэх бус иргэдээс авсан татвараар хогийн машины тоог нэмэгдүүлж болно.

Татвартай байсны буруу гэж байхгүй. Худал хэлсэн хүнд нийслэлд баригдсан барилга байшин бүрийн дор хятад, солонгос ресторан, чанартай, чанаргүй дуугаралттай караоке, баар сав байгаа. Тэнд юу ч байхгүй гуяа ганзагласан хүн орох нь юу л бол. Хямд төсөр үнээр гэртээ хийгээд идчих хоолыг ресторанд орж идэх хүсэл байгаа бол тэр хүн мөнгөтэй байна гэсэн үг. Тиймээс нэг хувийн татварыг ногдуулахад буруудахгүй. 

Алслагдсан дүүрэг, хороо, захын гэр хорооллын зоогийн газар, үйлчилгээний байгууллагад хуульд тусгасанчлан 0 хувийн татвар ногдуулах асуудлаа ИТХ өөрсдөө шийдээд явчихад болно. Гэр хорооллын дэлгүүрт 19 мянган төгрөгөөр зарагдаж байгаа архийг хотын төвийн захын нэг баар л 60-100 мянгаар зардаг. Тиймээс нэг хувийн татвар архи, тамхи, согтууруулах ундаанд ч байх нь зөв юм. Харин тэр мөнгөөр эмнэлэг, цэцэрлэгийн асуудлаа нийслэл маань шийдчихээд байвал төсвөөс хэдэн төгрөг хэмнэх бол.

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэгсэн дээ. Нийслэлд амьдрах хэцүү байна. Сургууль цэцэрлэг алга гэж зүхэж суухын оронд ухамсартай татвар төлөгч байж, тэр мөнгөөр эмнэлэг, цэцэрлэг барьж байна уу гэдгийг л хянаад сууж байвал нийслэлийн иргэн хэмээн өөрийгөө үнэлэх бус уу. Эсэргүүцэж буй гишүүд эдийн засаг хэцүү үед татвар ногдуулах нь буруу.

Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэчихсэн байхад татвар нэмлээ хэмээн дургүйцсэн байсан. Гэвч эдийн засаг үргэлж элгээрээ хэвтэж, бидний амьдрал үргэлж ийм байна гэж муу амлах хэрэггүй. Улстөрчдийн толгой зөв ажиллаж чадвал уул уурхайн асар их баялагтай энэ улс хөгжих замдаа орж л таараа. Тэр цагт бид хүссэн ч эс хүссэн ч хөгжингүй улсад амьдарч байгаагийн татвараа төлөх л болно.