Өвөлжилтийн хүндрэл, үдийн цайнаас хордсон сурагчдын асуудлаар Улсын онцгой комисс хуралдлаа
2010.04.09

Өвөлжилтийн хүндрэл, үдийн цайнаас хордсон сурагчдын асуудлаар Улсын онцгой комисс хуралдлаа

Улсын Онцгой комиссын хурал 2010 оны 4 дүгээр сар 9-ний өдөр болж өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 9 аймаг, Ховд аймгийн  Булган сумын дунд сургуульд гарсан хоолны хордлоготой холбогдуулан тус суманд ажилласан  Ажлын хэсгийн тайлан, малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх ажлын явцын талаар хэлэлцэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар албан даалгавар гаргав.

Өвөлжилт, хаваржилтын талаар :

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Булган, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймагт Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дээд дэслэгч М.Энх-Амараар ахлуулсан Ажлын хэсэг 2010 оны 3 дугаар сарын 9-18-ны өдөр ажилласан байна.
Ажлын хэсэг 9 аймгийн 39 сумын иргэд, малчид, орон нутгийн удирдлагатай уулзаж, эмнэлгийн тусламж, нийгмийн халамж үйлчилгээ, төв суурин газрын эрчим хүч, дулаан хангамжийн бэлэн байдал, улсын болон орон нутгийн чанартай зам, даваанд үүссэн нөхцөл, байдалтай танилцаж тодорхой арга хэмжээ авчээ.
Дээрх аймаг, сумд түргэн тусламжийн автомашингүй, байгаа ч эвдэрсэн,  отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх шатахууны зардал дууссан зэрэг нийтлэг байдалтай байна. 

Цас их орсноос гадна хүчтэй цасан шуурга шуурч, олон хоног хүйтэрсэн нь  аймаг, сумдын дулааны хангамж, хүн амын эрүүл мэндийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлж, төсвийн байгууллагуудын дунд өрийн сүлжээ үүсэхэд хүргэжээ. 

Малчид 1 дүгээр сараас малаа тэжээж эхэлсэн ч хүйтэн, олон хоног шуургатай байснаас нэг наст мал олноор хорогдсон бол эх мал тарга хүчээ алдан, хээл хаяж, жилбэ муутай төллөж байна.
Онцгой комиссын хурлаар ажлын тайланг хэлэлцэн дээрх аймгуудын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд нь шаардлагатай шатахууны зардлыг шийдэх боллоо.

Жилбэ муутай төллөж байгаа эх, төл малд сүү орлох тэжээл, сувиллын эм, биобэлдмэлийг малчид, ард иргэд худалдан авахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг тухайн аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргад үүрэг болгов.

Мөн төр, засаг, дотоод, гадаадын хандивлагч байгууллагуудаас ирүүлсэн тусламжийг зориулалтын дагуу эздэд нь хүргэх, Дорноговь аймгийн Хатанбулаг, Сайншанд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Хэнтий аймгийн Бэрх, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын халаалт, дулаан, цэвэр усны хангамжийн асуудлыг холбогдох яамд анхаарч шийдвэрлэх, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болгов.
Өнөөдрийн байдлаар дээрх 9 аймагт 240 гаруй мянган мал хорогдоод байна.

Ховд аймгийн Булган сумын дунд сургуульд гарсан хоолны хордлогын талаар :

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, комиссар Д.Намсрайгаар ахлуулсан Ажлын хэсэг хордлогын голомтод 2010 оны 3 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажилласан байна.
Ажлын хэсэг хордлого авсан хүүхдүүдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэн хордлого гарсан шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлсийг тогтоож, хяналт шалгалт хийн аймаг, сумын Онцгой комиссын ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлж цаашид хийх ажлын үүрэг, чиглэл өгчээ.
Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хоол хүнсээр дамжсан нитритийн хордлогын дэгдэлтэд өртсөн гэсэн дүгнэлт гарсан байна.  
Цаашид “Үдийн цай” хөтөлбөрт тусгасан стандартыг мөрдөх, хүнсний эрүүл ахуй, чанарт онцгой анхаарах, хяналт, шалгалт байнга хийж байхыг холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгов.

Малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа талаар:

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6 сая 200 мянган мал хорогдоод байгаа бөгөөд 6400 өрх огт малгүй болжээ. Хорогдсон малын сэг, зэмийг устгах ажил эхэлж ирэх 7 хоног гэхэд шаардлагатай ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг аймгуудад хүргэхээр болсон байна.

Сэг, зэмийг устгахад зориулж Засгийн газраас  760 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд үүний 240 сая нь энэ ажилд оролцсон хүмүүсийн цалинд зарцуулах юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 1,9 сая ам доллар гарган Ховд, Дундговь, Өвөрхангай аймаг дахь малын сэг, зэмийг устгах ажилд зарцуулж байна.  
Мэргэжлийн байгууллагын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг ирэх 7 хоногт Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллан сэг зэм устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажил ямар байгаатай газар дээр нь танилцана.

Цаашид малчид, ялангуяа залуу малчдыг мал маллах арга ухаан, зуднаас хэрхэн урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээ базаах зэрэгт сургах сургалт,  сурталчилгааг түлхүү хийх, малын индексжүүлсэн даатгалд малчдыг хамруулах, малгүй болсон иргэдийг малжуулах, отрын бүс нутагт зохион байгуулалтын арга хэмжээ авах, мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх зэрэг чиглэлээр салбарын яам анхаарч ажиллахыг Онцгой комиссын гишүүд санууллаа. 60 тэрбумын зээлтэй байгаа малчдын зээлийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтсон байна.

Хуралдааны эцэст ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай Улсын Онцгой комиссын албан даалгавар гаргав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. .

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.