"Дубайн гэрээ"-ний маргаан бол мөсөн уулын орой
УИХ-ын гишүүн Ч. Улаан
2015.06.02

"Дубайн гэрээ"-ний маргаан бол мөсөн уулын орой

УИХ-ын гишүүн Ч. Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар саяхан төмөр зам, эрчим хүчний салбарын өрийг улсын өрийн жагсаалтаас хасуулах санал оруулж ирээд батлуулсан. Зарим өрийг ингэж хасаад, нэмж зээл авах орон зай үүсгэж байгаа нь өрийн хязгаарыг нэмэгдүүлсэнтэй ижил зүйл. Та Сангийн сайдаар ажиллаж байхдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, өрийн хязгаарыг нэмэх оролдлого нэг биш удаа хийсэн. Гэвч сая Засгийн газрын дээрх саналыг нэлээд хүчтэй эсэргүүцлээ. Яагаад ингэв?

Том төслүүдээ хэрэгжүүлье, эх үүсвэр татья, зээл авья гэдэг дээр бол санал нэг байгаа. Хамгийн гол нь төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлээ бүртгэхгүй байх санал оруулж ирээд батлуулчихлаа. Үүнийг нь л би эсэргүүцээд байгаа юм. Өрийг бүртгэхгүй орхино гэдэг нь маш их сөрөг үр дагавартай. Өнөөдөр хүмүүс уул уурхайн салбарын өр улсын нийт өрийн хэдэн хувийг эзэлж байгааг мэдэхгүй.

Яагаад гэвэл, үүнийг Засгийн газрын өрөнд тооцдоггүй юм. Уг нь бүх зээлээ тооцоод, орж ирсэн зээлээ өгөөжтэй зүйлд зарцуулах ёстой. Зарим зээлээ бүртгээгүйгээс болоод эрсдэл үүсвэл 'Бид хянаагүй юм аа Тиймээс хариуцлага хүлээхгүй” гэж болохгүй л дээ Энэ бол өөрсдийгөө  хуурч байгаа хэрэг.

Засгийн газар бид өргүй гэж өөрсдийгөө санхан харагдуулах гэж оролдож байгаа байх. Үүнийг чинь гаднынхан мэднэ. Мэдчихээд бүр ч сэжигтэй хандана. “Зээлийнхээ нэг хэсгийг нуучихсан юм байна. Цаана нь юу ч байгаа юм билээ” гэж харна шүү дээ Өмнө нь үзүүлэлтээ буруу гаргаж дэлхий дахинд буруу мэдээлэл өгснөөсөө болоод хүнд байдалд орж байсан улс олон бий. Хамгийн ойрын жишээ л гэхэд Украин. Аливаа зүйл тооноо хяналтгүй болохоороо л ардаа луйвар булхай нуудаг юм.

-Төмөр зам, эрчим хүчний салбарын зээлийг Засгийн газрын өрөөс хасахгүйгээр асуудлыг шийдвэрлэх ямаргарц байсан юм бэ?

Өрийнхөө таазыг нэмээд л явах хэрэгтэй. Өөрсдөө зохиомлоор 58.3 хувь гээд баталчихсан. Тухайн үед нь би “Ингэж хатуу тогтоож болохгүй. Наад хязгаарыг нь чинь хөдөлгөх шаардлага гарна. Тиймээс 70 хувиар тогтооё” гээд санал оруулж байсан. Гэтэл “үгүй” гээд өөрсдийнхөөрөө баталсан. Одоо түүнийгээ өөрчлөхөөсөө ичээд байгаа юм байлгүй дээ.

-Засгийн газарт хамтрахдаа өриин хязгаарыг нэмэхгүй гээд гэрээ байгуулчихсан шүү дээ?

Одоо түүнээсээ ичлээ гээд эдийн засгийн үзүүлэлтээ буруу болгоод ард түмнээ хуурч болохгүй. Зээлийнхээ нэг хэсгийг нууна гэдэг ард түмнээ хуурч байгаа балмад арга. Тэр ДНБ-ий 58.3 хувь гэдэг тоондоо гар хүрч чадахгүй байгаа учраас ийм арга ядсан юм хийж байна. Нэг нам нь өрийн хязгаарыг нэмэхгүй гэж амлаад Засгийн газартаа урьчихсан. Нөгөө нь {асгийн газарт ороод өр нэмэхгүй гээд мэдэгдчихсэн.

-Та чуулганы нэгдсэн хуралдааны үеэр '‘Хэрвээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлг оруулаад төмөр зам, эрчим хучний салбарын өрийг Засгийн газрын өрөөс хасчих юм бол Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа гишүүдтэй нэгдэнэ гэж байсан. Таны энэ байр суурь хэвээрээ байгаа юу?

Хэвээрээ байгаа. Би тэдэнтэй нэгдэнэ. Яагаад гэвэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол эдийн засаг, санхүүгийн салбарын “Үндсэн хууль”. Энэ хуулийг тогтвортой мөрдөж явах ёстой. Байгалийн баялаг ихтэй ч эдийн засаг нь сайнгүй байгаа улс орноо Голланд өвчнөөс сэргийлэх ич холбогдолтой хууль. Гэтэл эш хуульд явуургүй аргаар өөрчлөлт оруулж байгаа нь зарчмын хувьд буруу. Тийм ч учраас би чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас миний энэ байр суурь бүр ч илүү батжиж байна.

Ялангуяа Дубайн гэрээнд Засгийн газрын хандсан хандлага нь “Би зөв сонголт хийж, энэ гишүүдтэй нэгдэх ёстой юм байна” гэсэн итгэл үнэмшил төрүүлж байгаа. Тиймээс би тэдэнтэй нэгдэнэ. Гэхдээ наана нь-үүнийгээ засч залруул гэдэг шаардлагыг УИХ, Засгийн газарт тавьсан. Одоо энэ байдлаа засч залруулж чадах нь уу, үгүй юү гэдгийг харж байна. Хэрвээ засахгүй, буруу бодлогоороо муйхарлан зүтгээд байвал, зөв бодлого хэрэгжүүлэх хүмүүсийг нь ажиллуулах сонголт хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол эдийн засаг, санхүүгийн “Үндсэн хууль” учраас тогтвортой ; байх ёстой гэлээ. Гэтэл УИХ- ын дэд дарга Р.Гончигдорж Цэцэд хандаад энэ хуульд гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөлт оруулдаг байсныг болиулсан. Та үүний эсрэг байр суурьтай байгаа гэсэн үг үү?

Тийм. Энэ бол буруу шийдвэр. Бид жаахан сахилга баттай байж гэмээнэ энэ хүнд байдлаас гарна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол энэ шаардлагыг хангасан хууль байсан. Уг нь энэ хуулийг нэлээд урт хугацаанд тогтвортой мөрдөх байсан юм. Гишүүдийн гуравны хоёроор өөрчлөлт оруулдаг заалт нь биднийг сахилга баттай байлгах гол заалт байлаа. Би ч өөрөө энэ хуулийн хатуу шаардлагад баригдаж зарим асуудлаа шийдэж чадаагүй. Жишээ нь, өрийн таазтай холбоотой асуудал.

-УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ердийн олонхоор* өөрчлөлт оруулдаг болсныг ашиглаж эрчим хүч, төмөр замын салбарын өрийг Засгийн газрын өрийн багцаас гаргачихсан. Ингэж шийдээд долоо ч хоноогүй байхад Засгийн газар өрийн хязгаарт үүссэн орон зайг ашиглан нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гадаад зах зээлд гаргахаар боллоо. Энэ мэдээг сонсоод танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Бонд гаргах шалтгааны нэг нь төсвийн алдагдлыг нөхөх юм билээ. Үүнийг нь буруу гэж бодож байна. Эдийн засагт үр ашгаа өгөх төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор л бонд гаргах ёстой. Гэтэл төсвийнхөө алдагдлыг нөхөх зорилгоор гаднаас зээл авна гэдэг эргэлзээтэй асуудал.

Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээ хэлэлцээр нь гадаад зах зээлд эерэг дохио өглөө гэсэн мэдээлэл гарч байгаа. Ийм үед гадаад зах зээлээс хөрөнгө босгоод томоохон төслүүдээ санхүүжүүлэх, өмнө нь авсан зээлийнхээ хугацааг уртасгахыг бол дэмжинэ. Харин төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бонд гаргах гэж байгаа бол дэмжихгүй.

-Дубайн гэрээ гадаад зах зээлд эерэг дохио өгч байгаа гэлээ. Гэтэл дотооддоо энэ гэрээг үнэхээр сайн гэрээ болсон гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгэхээр энэ хоёрын алинд нь итгэх юм бэ?

Асуудалд бодитой хандах хэрэгтэй. “Дубайн гэрээ” гэж нэрлээд л байгаа. Засгийн газар бол төлөвлөгөө гээд байгаа. Үнэн хэрэгтээ төлөвлөгөө нэртэй гэрээ л дээ. Гэрээ гээд нэрлэчих юм бол олон асуудал үүсэх учраас түүнээс жаахан зайлсхийгээд байх шиг байна. Гэхдээ нэрэндээ биш, агуулгадаа л зүйл нь байх ёстой. Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлье гэдгийг хэн ч эсэргүүцэхгүй байгаа.

Харин яаж үргэлжлүүлэх вэ гэдэгт л асуудал байгаа юм. Дубайн гэрээнд дэмжих заалтууд ч бий, эсэргүүцэх заалтууд ч бий. 57 зүйл заалттай гэрээ хийсэн байна лээ. Түүнээс 30-ыг нь дэмжиж болох заалт гэж үзэж байгаа. Үлдэж байгаа 27 заалт дээр нь эргэж ажиллах ёстой. 27 дотроо тав нь бүр огт хүлээж авч болохооргүй заалт. Яагаад гэвэл, араасаа эдийн засгийн маш ноцтой үр дагавар дагуулах заалт бий. 27 заалт, ялангуяа түүнд багтсан таван заалтыг өөрчил гэсэн шаардлага тавьж байгаа.

-Тухайлбал, тэр таван заалтад нь ямар зүйл байгаа юм бэ?

Гэрээний дөрөвдүгээр зүйлд багтсан заалтуудыг хэлээд байгаа юм. Ил уурхайн бүтээн байгуулалтад хийсэн хөрөнгө оруулалтын тоо хэмжээг тодорхойлохтой холбоотой заалт. Өмнөх Засгийн газрын үед Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайд нар хамтарсан тушаал гаргаж, маш том Ажлын хэсэг байгуулан Оюутолгойн хөрөнгө оруулалтад нь баримтын шалгалт хийснээр 1.9 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илрүүлсэн.

Гэвч үүнийг өмнө нь ямар ч зөрчил байгаагүй гэж хүлээн зөвшөөрсөнтэй санал нийлж болохгүй. Баримтын шалгалт хийсэн Ажлын хэсгийг удирдан зохион байгуулж байсны хувьд надад эдгээр заалтыг засахгүйгээр цаашаа явж болохгүй гэсэн итгэл үнэмшил бий. Засгийн газар өнгөрсөн оны зургаадугаар сард ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд энэ алдаа дутагдлыг арилгах шаардлага тавьж ажилласан.

Тэр таван заалтаас гадна 22 заалтад нь бас хүлээн зөвшөөрч болохооргүй юм бий. Тухайлбал, Өмнөговь аймагт жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байгаа. Үүнийг өнгөцхөн харах юм бол буцалтгүй тусламж гэж ойлгогдож байгаа юм. Ард түмэнд ч ингэж л тайлбарлаж байгаа. Гэтэл энэ хандив тусламжийг манай зээлд бүртгэсэн. Зээлд бүртгээд зогсохгүй хүү бодохоор байгаа. Өөрөөр хэлбэл, арилжааны зээл гэсэн үг. Манайхан таван сая ам.доллар өгчихлөө гээд баярлаад гүйнэ.

Гэвч энэ чинь 10 гаруй хувийн хүүтэй зээл шүү дээ. Бүртгэсэн өдрөөсөө эхлээд хүү бодно. Нэг улирлын дараа хүү нь үндсэн төлбөр рүүгээ шилжинэ. Үндсэн төлбөр, шилжсэн хүү хоёрыг нийлүүлээд дараагийн улиралд зээлийн хэмжээ өснө. Нийлмэл хүүгийн аргаар бодолцдог зээл. Эдийн засгийн агуулгаараа яавч ашигтай заалт биш. Тиймээс энэ заалтыг өөрчлөх хэрэгтэй. Ядаж л хүүгүй зээл болгох ёстой.

-Хүлээн зөвшөөрч болохгүй заалтуудыг буцааж өөрчилнө гэхээр урьдын гацсан байдалдаа эргээд шилжиж хугацаа их алдах байх даа?

Ярих л ёстой. Хугацааны урт, бусад саад бэрхшээлээс айгаад монголчуудын язгуур эрх ашгийг хохироох заалтыг хүлээн зөвшөөрч болохгүй биз дээ. Үүнийг эсэргүүцлээ гээд яаж ч буруутгаж, цоллож байсан монголчуудын нийтлэг эрх ашиг гэж том зүйл бий. Түүний төлөө дуугарахаас, ажиллахаас өөр арга байхгүй.

-Танай эвслийн бүлэг Ерөнхий сайдыг бүлгийнхээ хуралд оролцуулж энэ асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд ямар тайлбар хэлсэн бэ?

Хууль зөрчсөн үүргийг хүлээж авсан нь ямар учиртай юм бэ гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Жишээ нь, өмнөх жилүүдийн зөрчилтэй санхүүгийн тайланг нь тав хоногийн дотор баталгаажуулна гээд үүрэг авчихсан.

-Сангийн сайдаар тав хоногийн дотор гарын үсэг зуруулна гэдэг нь тэр үү?

Тийм. Хуулиар тодорхой заачихсан, хүлээж авах боломжгүй санхүүгийн тайланг хүчээр хүлээж авч болохгүй шүү дээ. Монгол Улсын хууль, стандартын дагуу бүртгэл хийгдэж байж баталгаажих ёстой. Түүнээс биш автоматаар хүлээж аваад баталгаажуулна гэдэг нь туйлын хариуцлагагүй явдал.

-Гэхдээ одоогийн байдлаар Сангийн сайд гарын үсэг зураагүй байгаа юм биш үү?

Бидэнд байгаа мэдээллээр зураагүй байна. Сангийн сайд мэргэжлийн хүн учраас эрх биш хуулиа харах байлгүй дээ. Мөн асуудлынхаа агуулга, мөн чанарыг ойлгож байгаа байх гэж найдаж байна. Тийм ч учраас одоо хүртэл гарын үсгээ зурахгүй байгаа байх. Гарын үсгээ зурахгүй байх нь Сангийн сайдын зөв. Хэрэв гарын үсэг зураад механикаар бүртгээд авчих юм бол илүү том хариуцлага ярихаас өөр аргагүй болно.

Зөрчилтэй учраас Сангийн сайд баталгаажуулахгүй байгаа. Тэр зөрчил нь манай монголчуудад туйлын ашиггүй учраас баталгаажуулж болохгүй. Дэлгэрэнгүй олон зүйл ярьж болно. Гэхдээ би ганцхан жишээ хэлье. Оюутолгой компани 2010 оноос өмнө хийсэн ажлынхаа тайланг гаргахдаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлагнасан байдаг.

Гэтэл санхүүгийн байгууллагууд 748 сая ам.долларыг нь л хүлээн зөвшөөрсөн. Цаана нь үлдсэн 300-гаад сая ам.доллар нь баталгаажих боломжгүй зардал. Үүнийг нь тав хоногийн дотор баталгаажуулаад өгчих эрх хэнд ч байхгүй. Оюутолгойг урагшлуулахын тулд ийм хэмжээний хохирол хүлээж болохгүй биз дээ. 350 сая ам.доллар гэдэг 2017»онд төлөх “Чингис” бондын төлбөртэй бараг тэнцүү байгаа биз дээ.

Бүртгэлтэй, ил тод тайлагнасан учраас “Чингис” бондын өрийг яриад байдаг. Тэгсэн хэрнээ Оюутолгойг болохоор ярихгүй байна гэдэг нь Засгийн газрын өрийн багцад бүртгэхгүйгээр нуусантай холбоотой. Мөсөн уулын ил харагдаж байгаа хэсгээс жижигхэн хэсгийг л жишээ болгон хэллээ. Үүний цаана хоёр тэрбум ам.долларын зөрчил бий. Нэг зүйлийг хоёр удаа бичээд тооцчихсон зөрчил л гэхэд 150 сая ам.долларын зөрчил бий. Тиймээс ийм тай- ланг баталгаажуулж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.